Ононгийн Төмөртогоо

Ононгийн Төмөртогоо (1939-2019) нь Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор,профессор бөгөөд геологич хүн.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Хиад боржигон овогт Ононгийн Төмөртогоо нь 1939 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ. Тэрээр 1963 онд Москвагийн Геологи-хайгуулын дээд сургуулийг төгсөж ажлынхаа гарааг МУИС-ийн геологийн салбарт багшаар эхэлж, ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд захирал, захирлын зөвлөх, Палеонтологи, геологийн хүрээлэнд захирлын зөвлөх зэрэг албыг хашиж байснаас гадна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Геологи-газар зүйн салбарын Бага чуулганы дарга, тус Академийн дэргэдэх Геологи-газар зүйн ухаанаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Геологи-минералогийн ухаанаар боловсролын докторын (Ph.D) зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ШУА-ийн Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн дарга, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, УУХҮЯ, АМГТГ-ын дэргэдэх Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн, Монголын геологийн холбооны тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байлаа.

Академич О.Төмөртогоо Монголын Геологи судлалыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд 55 жилийн нөр их хөдөлмөрөө зориулсан эрдэмтэн-геологич бөгөөд Монгол орны геологи, тектоник, геодинамик, геологийн зураг зүйн чиглэлүүдээр судалгааны ажил гүйцэтгэж, нийтдээ 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисны дотор 37 ганц сэдэвт бүтээл, 161 эрдэм шинжилгээний өгүүлэл, 17 бүс нутгийн геологийн зургийг үйлдвэрлэл, практикт шилжүүлж, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэлийн 18 тайланг хамтран зохиолцож, ном 10, Үндэсний атлас 2, Монгол-Зөвлөлтийн Геологийн хамтарсан экспедицийн цуврал бүтээл 57 тус тус редакторласан, Монгол Улсын Геологийн шинжлэх ухаан болон Геологийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, нэрт геологич юм.

О.Төмөртогоо 1970-1992 онуудад хэвлэгдсэн Монголын Тектоник, Мезо-кайнозойн тектоник, Геологийн формацын 1:1500000-ын масштабын зургууд, Умард Монголын ба Хангайн геологийн 1:500000-ын масштабын зургууд болон 1990 онд хэвлэгдсэн БНМАУ-ын Үндэсний Атласын Геологи, Тектоникийн зургуудыг тус тус зохиолцсоноос гадна 1999 онд Монгол Улсын Геологийн анхны 1:1000000-ын масштабын зургийг удирдан зохиож, 2002 онд Монгол Улсын Тектоникийн анхны 1:1000000-ын масштабын зургийг дагнан зохиосон нь Монголын геологи судлалын ХХ зууны томоохон ололт төдийгүй Монгол Улсын геологийн мэдээллийн нэгдсэн санг баяжуулсан юм. Тэрээр 1979 онд ЗХУ-д хэвлэгдсэн “Умард Евразийн тектоникийн зураг”, 1997 онд БНХАУ-д хэвлэгдсэн “Хятад болон зэргэлдээх орнуудын тектоникийн зураг”, 2002 онд Америкийн геологийн албанаас хэвлүүлсэн “Зүүн хойд Азийн геодинамикийн зураг”, 2008 онд Азийн 5 орны геологийн албадаас хэвлүүлсэн “Төв Азийн геологийн зургуудын атлас”, Олон Улсын геологийн холбооноос 2013 онд хэвлүүлсэн “Ази тивийн геологийн зураг” зэрэг олон улсын чанартай зураг зүйн синтез бүтээлүүдийг хамтран туурвиж, Ази тивийн геологийн мэдээллийн санг баяжуулахад хувь нэмрээ оруулсан.

О.Төмөртогоо 1970-аад онуудад дэлхийн геологийн шинжлэх ухаанд шинээр дэвшигдсэн хавтангийн тектоникийн онол болон геодинамикийн судалгааны шинэлэг арга зүйг Монголын геологийн судалгаанд нэвтрүүлэхэд манлайлах үүрэг гүйцэтгэсэн ба ОХУ, Болгар, Чех, Румын, БНХАУ, БНСУ, АНУ, Япон зэрэг гадаадын орнуудад зохиогдсон олон улсын симпозиум, эрдэм шинжилгээний бага хурал, хээрийн геологийн экскурсэд удаа дараалан оролцон Монголын геологи судлалын ололтыг сурталчилж, Олон Улсын геологийн конгрессын 3 удаагийн чуулганд төлөөлөгчөөр оролцсоноос гадна өөрийн оронд 6 удаа олон улсын геологийн симпозиум-хээрийн экскурсийг амжилттай зохион байгуулсан юм.

О.Төмөртогоо 1967-1990 онуудад ажилласан ШУА-ийн Монгол-Зөвлөлтийн геологийн хамтарсан экспедицийн болон 1979-1990 онуудад “Интеркосмос” Хөтөлбөрийн геологийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд, түүнчлэн Олон Улсын геологийн холбоо, ЮНЕСКО-гоос хамтран дэвшүүлсэн урт хугацааны “Олон Улсын геологийн харьцуулалтын хөтөлбөр”-ийн 5 төсөл, 1996 оноос хойш Америкийн геологийн албанаас болон БНХАУ, ОХУ, Монгол, БНСУ, Казахстаны геологийн албадаас дэвшүүлж хэрэгжүүлсэн геологи-ашигт малтмалын судалгааны 3 томоохон төслийн Монголын судлаачдын багуудыг тэргүүлж ажилласан.

О.Төмөртогоо 1966, 1997 онуудад ШУА-ийн Геологийн болон Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгүүдийг тус тус үүсгэн байгуулж удирдах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн төдийгүй МУИС, ШУТИС зэрэг их сургуулиудад “Геологийн зураглал”, “Структурийн геологи”, “Геотектоник”, “Региональ геологи” зэрэг голлох мэргэжлийн хичээлүүдийг зааж, “Монголын геологи”, “Геодинамик”-ийн тусгай курс лекцүүдийг уншиж олон арван геологич инженер, бакалаврыг бэлтгэлцсэн хүндэт сурган хүмүүжүүлэгч байсан.

О.Төмөртогоо өөрийн олон талт судалгааны үр дүнг геологийн үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэхэд байнга анхаарч ирсэн бөгөөд 1998 оноос хойш ШУА, салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төр, засгийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрээр 1997 оноос хойш Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн, Монголын Стратиграфийн комиссын гишүүнээр, 2004 оноос хойш Монгол Улсын геологийн 1:200000-ын масштабын иж бүрдэл зургийг зохиох “УГЗ-200” төслийн Редакцийн зөвлөлийн даргаар тус тус ажиллаж ирсэн ба 2012 онд Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газруудаас хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улс, БНХАУ-ын хилийн бүсүүдийн геологийн иж бүрдэл зургийг зохиох төсөл”-ийн геологи, тектоникийн зургуудыг зохиолцсоноос гадна 2018 онд УУХҮЯамны захиалгат төслөөр “Геологийн судалгааны төв”(ТӨҮГ)-ийн судлаачдын багийн зохиосон “Монгол Улсын геологийн анхны 1:500000-ын масштабын зураг”-ийг редакторлаж УУХҮЯамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

О.Төмөртогоогийн хөдөлмөрийн бүтээл, зүтгэлийг Монгол Улсын төр, засаг, ШУА-иас өндөр үнэлж түүнийг Алтан гадас одон (1996 он), Ардын Хувьсгалын болон Их Монгол Улс байгуулагдсаны ойн медалиудаар шагнаж, улмаар түүнд 1973 онд ШУА-ийн шагнал, 1980 онд Тэргүүний геологич цол, 1991 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич) цол, 1999 онд Профессор цол, Шинжлэх ухааны тэргүүүний ажилтан цол болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор цол, 2000 онд Гэгээрлийн яамны шилдэг бүтээлийн тэргүүн шагнал, 2007 онд ШУА-ийн шилдэг бүтээлд олгодог Алтан медаль, 2012 онд геологийн салбарын мэргэжлийн холбоодын анхны “Алдарт геологич” медаль, өргөмжлөл, 2012 онд ШУА-ийн “Хубилай хаан” алтан медалиар тус тус шагнаж, улмаар 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол” хүртээсэн юм.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

  1. “Монгол орны дээд палеозой” ном
  2. “Монгол орны триас” ном
  3. Монголын шинжлэх ухааны цуврал бүтээлийн боть 53 “Геологийн шинжлэх ухаан”
  4. Монгол Улсын геологийн анхны 1:1000000-ын масштабын зураг
  5. Монгол Улсын тектоникийн анхны 1:1000000-ын масштабын зураг
  6. “Төв Азийн региональ металлогени” ном (доктор Г.Дэжидмаа нарын хамтын бүтээл, Орос хэлээр)