Павел Шастин

Павел Николаевич Шастин нь (Оросын Эзэнт улсын Эрхүү мужийн Куйтун /монголоор:-Хүйтэн/ тосгонд 1872 оны 2 сарын 10-нд төрсөн- 1953 оны 2 сарын 28-нд ЗХУ-ын Крбм хотод нас барсан) Зөвлөлтийн эмч, ЗСБНХУ-ын гавьяат эмч, Монголд орчин үеийн эрүүл мэндийн тогтолцооны суурийг тавилцсан эмч хүн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тосгоны ламтан Николай Шастины хүү болж 1872 онд төрсөн. Павел Шастин төрөл төрөгсдийнхөө санхүүгийн дэмжлэгээр Эрхүүгийн гимназийг төгсөж, Казанийн шашны академид нэг жил суралцжээ.

П.Н.Шастин Казаний академиас улс төрийн шалтгаанаар хөөгдсөний дараа Томск хот руу явж, Томскийн их сургуулийн анагаах ухааны ангид элсэн орсон. Тэрээр ахлах ангид байхдаа хагас цагаар ажиллаж, Об-Енисей сувгийн барилгын ажилд бага эмчээр ажилласан байна. Тэрээр 1896 онд Эрхүү хотод эмчээр ирж Ивано-Матренинскийн хүүхдийн эмнэлэгт ажиллаж, Кузнецовскийн эмнэлгийн мэс заслын тасагт шилжиж, 1923 он хүртэл ажилласан байна.

Павел Николаевич Эрхүү хотод анх удаа томоохон хагалгаа хийж, яаралтай мэс засал, гэмтлийн эмчилгээгээр хязгаарлагдахгүй, цөсний зам, элэгний болон эмэгтэйчүүдийн өвчний мэс засал хийж байжээ. Түүний туслахаар алдарт мэс засалч Вишневский ажиллаж байжээ. П.Н.Шастин нийгмийн ажилд ихээхэн идэвхтэй байсан, эмнэлгийн ажилтнууд болон хүн амын дунд нэр хүндтэй нэгэн байсан. 1917 онд Кузнецовын эмнэлгийн ахлах мэс засалч П.Н.Шастиныг тус байгууллагын даргаар сонгож байсан байна.

1921 онд Д.Сүхбаатар жанжин Москва орох замдаа Эрхүүд их хүнд өвдсөн бөгөөд жанжныг П.Н.Шастин эмчилж, 9 хоногийн дотор хөл дээр нь босгосон гэдэг. Тиймээс Монгол улсын Засгийн газраас тус онд байгуулагдсан Цэргийн яамны Эмнэлгийн хороо буюу Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороонд Н.Шастин  эмчийг ирж ажиллахыг урьсан байна. 1923 онд хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор Монголд томилогдон иржээ.

1925 оны 10 сарын 25-нд анагаахын шинжлэх ухааны үндэстэй Европ эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх газрыг 8 ортойгоор ЗХУ-аас уригдаж ирсэн цэргийн эмнэлэгт ажиллаж байсан Павел Николаевич Шастин эмч анх нээж, лам төвд эмнэлгийн хамт 15 ортой, 2 хэсэг бэсрэгхэн байшинтай, нэг дор үзэх амбулаторитой "Ардын эмнэлэг" байгуулсан нь одоогийн улсын нэгдсэн I эмнэлгийн эхэн суурь тавигдсан байна. Тухайн үед Монгол оронд дэгдсэн тарваган тахлын үеэр П.Н.Шастин эмч маш хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг.

Павел Николаевич Шастин нь тахлаас эхлэн бөөсний хижиг, улаан суулгатай тэмцэх комиссын гишүүнээр ажиллахын сацуу тарваган тахлын дуудлагаар аймаг, сумд руу олонтаа явж, голомтод нь ажиллаж байжээ.

1934 онд Монгол Улсын Засгийн газраас П.Н.Шастиныг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Түүний нэр “БНМАУ-ын зуун эрхэм” номд багтсан байдаг.

1954 онд байгуулагдсан улсын III төв эмнэлгийг 1961 онд П.Шастины нэрэмжит эмнэлэг болоод байгаа юм.

1937 онд Шастин гэр бүлээрээ Монголоос явсан байна.

П.Н.Шастиныг ЗХУ-ын Бүх холбоотны "Артек" пионерийн лагерьт илгээж, тэндээ сүүлд нь ерөнхий эмч болжээ.

П.Н.Шастин 1953 он хүртэл Артек хотод ажилласан.

ЗСБНХУ-ын гавьяат эмч П.Н.Шастин 1953 оны 2 сарын 28-нд 81 насандаа таалал төгссөн байна.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Эхнэр нь бага эмч Мария Игнатьевна Орловская, хоёр хүүхэд нь Монголд бас ажиллаж байсан эмч Николай Шастин, нэрт Монголч эрдэмтэн Нина Павловна Шастина нар юм. Мөн Леонид, Константин гэсэн хоёр хүүхэдтэй байв.

Шастины анагаах ухааны үе залгамжлал өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд өвгөн докторын ач хүү Павел Николаевич Шастин (нэр овог нь яг өвөг эцгийн адил) юм. Тэр Монголд төрж хүүхэд насаа Улаанбаатарт өнгөрүүлснээр барахгүй эцгийнхээ мэргэжлийг өвлөн хүний их эмч мэргэжил эзэмшин эх нутагтаа ажиллаж байгаад хожим 1965-1968 онд манай хүүхдийн I больницод (одоогийн ЭХЭМҮТ, хуучнаар улсын клиникийн төв эмнэлэг) мэс заслын зөвлөх эмчээр ажиллаж байжээ.

Павел Шастины гуч хүү Москва хотын Филатовын нэрэмжит хүүхдийн мэс заслын эмнэлэгийн эмч профессор Николай Павлович Шастин 2014 онд 3-р эмнэлэгийн ойгоор Улаанбаатарт мөн ирж байжээ.