Снукер

(Снукер биллиард-с чиглүүлэгдэв)
Морь ашиглан цохилт гүйцэтгэж буй тоглогч

Снукер (Англи: snooker) нь цохиурт спортын төрөл бөгөөд дөрвөн өнцөгт, 6-н нүх бүхий том ширээ, цохиур мод болон цагаан (цохиур бөмбөг), 15 ширхэг улаан бөмбөг (1 оноо), 1ш шар (2 оноо), 1ш ногоон (3 оноо), 1ш бор (4 оноо), 1ш хөх (5 оноо), 1ш ягаан (6 оноо), 1ш хар (7 оноо), нийтдээ 21 ширхэг бөмбөг ашиглан тоглодог. Энгийн (стандарт) ширээ нь 12x16 фүүт буюу 3.7 х 1.8 метр харьцаатай байдаг. Улаан өнгийн бөмбөгийг оруулж, дараа нь өөр дуртай өнгийн бөмбөгийг нүхэнд оруулах замаар хамгийн өндөр оноо авсан тоглогч хожино. Ихэвчлэн тодорхой тооны тоглолтын дараа хэн олон хожсон нь ялагч болдог. Энэхүү тоглоом нь Энэтхэгт байрлах Их Британийн армийн офицеруудын дундаас үүссэн гэж үздэг бөгөөд Их Британийн колоничлол болон нөлөөнд байсан бүх улсад тархан хөгжсөн байдаг.

Снукерын түүх[засварлах | кодоор засварлах]

Биллиард нь 19-р зууны дунд үеэс, Энэтхэгт байрлаж байсан Их Британийн армийн офицеруудын дунд үүссэн бөгөөд үүний дараагаас биллиардын янз бүрийн төрлүүд мөн тус тусдаа үүсчээ. Тэдний нэг нь Снукер биллиард юм.

Анхандаа 15 улаан бөмбөгийг пирамид хэлбэрт өрж тоглодог байсан бол 1874 онд Энэтхэгийн Жабалпур мужид байсан офицерууд улаан бөмбөг орсны дараагаар шагналын өөр өнгийн бөмбөгийг нэмж цохих төрлийг үүсгэжээ. . Снукер (англи. snook —хуурах, англи. snooker —урт хамарт) хэмээх нэр нь "шинэ цэрэг" гэсэн утгатай цэргийн үг хэллэгээс гаралтай. Тодруулбал, Девоншайр цэргийн дивизийн хурандаа Невил Чемберлен энэхүү тоглоомыг тоглож байхдаа өрсөлдөгч нь бөмбөгөө алдангуут түүнийг шоглох байдлаар "Снукер" гэж хэлснээс үүдэлтэй юм байна.

Тоглоом эхлэхэд бөмбөлөгийг байрлууах байдал

Үүний дараагаар Снукер нь 19-р зууны сүүл 20-р зууны эхээр эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд, 1927 онд мэргэжлийн тоглогч Жо Дэвисийн санаачлан зохион байгуулсан Снукерын дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн нь энгийн нэгэн зугаа цэнгэлийн тоглоомыг илүү мэргэжлийн түвшинд хөгжих суурийг тавьсан. Сонирхолтой нь Жо Дэвис 1927 оноос зодог тайлтлаа буюу 1946 он хүртэл дэлхийн аваргын бүх тэмцээнд түрүүлж байжээ. Судлаачдын хэлж байгаагаар ганц хүний ноёрхлоос болж 1950-1960 онд Снукер уналтад орж маш цөөхөн сонирхогчтой болсон. Улмаар Жо Дэвис снукерыг илүү сонирхолтой болгох үүднээс улбар шар (8 оноо) болон хөх ягаан өнгийг (10 оноо) нэмж тоглох хувилбарыг буюу snooker plus-ийг санал болгосон ч төдийлөн сонирхол татаж чадсангүй.

Тоглоомын дүрэм[засварлах | кодоор засварлах]

Ширээ[засварлах | кодоор засварлах]

Снукерын ширээ нь тэгш өнцөгт хэлбэртэй, 4-н булан бүрт болон урт хашлага тус бүрийн голд нэг нэг, нийт 6 нүхтэй байдаг. Ширээний нүхний өргөнийг Дэлхийн Мэргэжлийн Биллиард, Снукерийн Холбооноос тогтоодог. Ширээ нь ихэвчлэн чулуун тавцан дээр ногоон өнгийн цэмбээр бүрсэн байдаг. Ширээний аль нэг богино хашлагаас 737мм зайтай "болк шугам" байрлана (энэхүү шугам зурагдсан талын хашлагыг "болк порт" гэж нэрлэдэг. болк шугамаас хойш зайг "болк" гэж нэрлэдэг). Энэ шугамын ард 292мм радиустай хагас тойрог болк шугамны яг голд зурагдсан байна (D-гэж нэрлэдэг). Болк хашлагын эсрэг талын хашлагыг "топ порт" гэж нэрлэнэ.

Стандарт ширээний хэмжээ нь 3.7м х 1.8м байна (хашлагаас дотогшоо 3569мм x 1778мм байна, харин өндөр нь шалнаас хашлаганы дээд ирмэг хүртэл 851мм - 876мм байна). Стандарт ширээ маань том учир гэрийн, пааб болон бусад газруудад зориулагдсан жижиг ширээ мөн элбэг байдаг.

Бөмбөг[засварлах | кодоор засварлах]

Снукерын хөгжлийн эхэн үед буюу 1920-иод онд бөмбөгийг зааны ясаар хийдэг байсан бол, шинжлэх ухаан хөгжсөнөөр илүү тэсвэр удаан, гадаргуу гөлгөр бөмбөгүүдийг фенол карбоны хүчлийн давирхайгаар хийх болсон. Энэхүү бодисыг шингэн хэлбэрт оруулж хэв рүү цутган, дараа нь гадаргууг өнгөлөх аргаар хийгддэг. Хэмжээний хувьд пүүл биллиардынхаас жижиг бөгөөд стандарт хэмжээ 52.5мм диаметртай байдаг, харин бөмбөгний хүнд 3гр орчимд байдаг (Пүүл биллиардын бөмбөг 57.2мм). Тоглогчдын харилцан тохиролцсоноор тоглогчид аливаа бөмбөгийг эсвэл бүгдийг солиулж болно.

15ш улаан бөмбөг (1 оноо), 6ш өөр өнгийн бөмбөг (шар-2 оноо, ногоон-3 оноо, бор-4 оноо, хөх-5 оноо, ягаан-6 оноо, хар-7 оноо) болон цагаан бөмбөг буюу цохиур бөмбөг ашиглан тоглоно. Болк шугамын D тойргийн нуруу шугамын хоёр захад шар, ногоон тухайн шугамын голд бор бөмбөгүүд байрлана (эдгээр 3 бөмбөгийн байрлалыг "God Bless You" - хэмээх үгний эхний үсгүүдийг ашиглан амархан тогтоогоорой, G-green, B-brown, Y-yellow). Ширээний төв цэг дээр хөх бөмбөг, топ порт болон цэнхэр бөмбөгийн цэгийн голд ягаан бөмбөг байрлана. Ягаан бөмбөгний ард 15ш улаан бөмбөг пирамид хэлбэртэйгээр тавигдана. Сүүлд нь хар бөмбөг топ портоос 324мм зайтай байрлана.

Зорилго[засварлах | кодоор засварлах]

Цохиур бөмбөг болон цохиурыг ашиглан бусад бөмбөгийг 6 нүхний аль нэгэнд оруулах. Гэхдээ доор дурдах дүрмийн дагуу тоглоно. Тухайн бай бөмбөг нүхэнд орсноор оноо тоологдоно. Хамгийн өндөр оноо авсан тоглогч тухайн өргийн хожигч болно. Хамгийн олон өрөгт хожсон тоглогч тоглолтын ялагч болно.

Тоглолт[засварлах | кодоор засварлах]

Тоглолт нь ихэвчлэн сондгой тоотой өргүүдээс бүрдэнэ (5, 7, 9 гэх мэт мэргэжлийн тэмцээнд 37 хүртэлх өрөг тоглогддог). Өрөг нь дараах тохиолдлуудад дуусна.

  • Тоглогч шууд бууж өгсөн тохиолдолд (онооны зөрүү хэт хол үед)
  • Зөвхөн хар бөмбөг үлдэж, өрсөлдөгчдийн тооны харьцаа 7-оос их байх үед (энэ үед тоглолтыг үргэлжлүүлэхгүй)
  • Зөвхөн хар бөмбөг үлдэж, нүхэнд орсноор эсвэл хар бөмбөгийг цохиж алдаа гарсан үед
  • Дүрмийн 3-р бүлгийн 14(c), 4-р бүлгийн 2-д заасны дагуу шүүгчийн мэдлээр тус тус дуусна.

Харин тоглолт нь хэн нэгэн тоглогч заасан өргийн тооны талаас илүүг авснаар дуусна (учир нь өргийн тоо сондгой байдаг. Жишээ нь 19 өрөг тогловол хэн нэг нь 10 хожсон үед тоглолт дуусна).

Хэрхэн тоглох вэ?[засварлах | кодоор засварлах]

Бөмбөг бүрийг зохих байранд байрлуулсны дараа, хагалах цохилтыг цагаан бөмбөгөөр хийнэ. Өрөг бүрт тоглогчид хагалах цохилтыг ээлжилж хийнэ. Хагалах цохилтыг хийхдээ цохиур бөмбөгийг D-хагас тойрог дотор дурын газраа байрлуулан (Ихэнх тоглогч болк шугам дээр байрлуулдаг) аль нэг улаан бөмбөгийг бай болгон цохино.

Тоглогчид дүрмийн дагуу ширээнд дээр ээлж дараалан цохилт гүйцэтгэнэ. Улаан бөмбөг хамгийн эхний бай бөмбөг байна. Тоглогч бай бөмбөг болох улаан бөмбөгийг нүхэнд оруулсны дараа шагналын гэх өөр дуртай өнгийн бөмбөгийг бай болгох ёстой. Энэ мэтээр улаан бөмбөг, шагналын бай бөмбөг гэх мэтээр тоглосоор улаан бөмбөг дууссаны дараа, бусад өнгийн бөмбөгүүдийг заавал Шар, Ногоон, Бор, Хөх, Ягаан, Хар гэсэн дарааллаар бай болгоно. Энэ дүрмийн дагуу зөвхөн бай бөмбөгийг нүхэнд оруулах зорилгоор тоглох бөгөөд, бай бөмбөгөөс өөр бөмбөг нүхэнд орвол энэ нь алдаа болно (Бай бөмбөг улаан тохиолдолд аливаа улаан бөмбөгийг цохиод өөр улаан нүхэнд орвол алдаа гэж үзэхгүй). Нэг тоглогчийн алдаа гаргалгүйгээр дараалан гүйцэтгэсэн амжилттай цохилтуудыг брэйк гэж нэрлэдэг. Ширээнд тоглож буй тоглогч дүрэмд заасны дагуу алдаа гаргах, бөмбөгөө нүхэнд оруулж чадаагүй эсвэл өрөг дууссан үед дараагийн тоглогч ширээнд тоглоно.

Хэрэв цохиур цагаан өнгийн бөмбөг бай бөмбөгтэй наалдсан тохиолдолд шүүгч эсвэл дүрмийн дагуу нөгөө тоглогч "touching ball" зарлах эрхтэй. Тодруулбал тухайн бай бөмбөгийг хөдөлгөлгүйгээр өөр зүгт цохих ёстой (бай бөмбөгийг цохисон гэж тооцно), хэрэв тухайн бөмбөгийг хөдөлгөвөл "push stroke" буюу давхар цохилт гэж үзэн алдаанд тооцно.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Снукер биллиард – Викимедиа дуу дүрсний сан