Тупак Шакур

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Тупак Амару Шакур (Tupac Amaru Shakur, 1971 оны 6 сарын 16 – 1996 оны 9 сарын 13), буюу 2Pac Pac', Makaveli нь АНУ-ын рэппэр байсан ба тэрээр дэлхий даяар 75 сая цомог борлуулж дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн тоонд багтдаг юм.

Тэрээр Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт хүүхэд насаа өнгөрүүлжээ. Түүний төрөхөд өгсөн нэр нь Lesane Parish Crooks. 12 настайдаа Харлемийн театрт оржээ. 1986 онд түүний гэр бүл Бальтиморт нүүж очжээ. Удалгүй 1989 онд түүний гэр бүл Калифорни мужын Марин хот руу нүүжээ. Энэ үеэс түүний уран бүтээлийн эхлэл эхлэв. Тэндээ хүчээ авч байсан Digital Underground хамтлагт орсноор түүнийг олон нийт мэдэх болсон байна. Digital Underground хамтлагийн нэр дор "Same Song" хэмээх дууг хийсэн нь түүний анхны уран бүтээл байлаа.

1991 оны 11 сарын 12-нд "2Pacalypse Now" хэмээх анхны цомгоо худалдаанд гаргасан байна. 1992 оны 1 сарын 17-нд нээлтээ хийсэн Эрнест Дикерсоны найруулсан "Juice" хэмээх Америкийн залуусын тухай кинонд "Bishop" хэмээх залуугийн дүрд тоглосон нь түүний жүжигчний гараа байлаа. 1993 оны 2 сарын 16-нд Strictly 4 My N.I.G.G.A.Z. хэмээх хоёр дахь цомогоо худалдаанд гаргав. 1994 оны 3 сарын 23-нд Жефф Поллакын зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Above The Rim" кинонд "Birdie" гэх залуугийн дүрд тогложээ. Тэрээр мөн Жанет Жэксоны хамт Жон Синглтон найруулга дор "Poetic Justice" хэмээх кинонд "Lucky" гэх гол дүрийн залуугийн дүрд тогложээ. Энэхүү кино нь 1994 оны 7-р сарын 23-нд нээлтээ хийжээ.

Үүний дараахан Тупак өөрийн найзууд болох Big Syke, Macadoshis, түүний хойд эцэг болох Мутулу Шакурын хүү Моприм Шакур, мөн Rated R-н хамтаар "Thug Life" хэмээх бүлгийг байгуулсан нь түүний гурав дахь цомгийн эхлэл болсон юм. Энэхүү цомог нь Thug Life бүлгийнхний хамтын цомог бөгөөд "Thug Life: vol.1" гэх нэрээр 1994 оны 9-р сарын 24-нд худалдаанд гарсан байна. 1994 оны 11 сарын 30-нд Таймсын талбай дахь дуу бичлэгийн студиудын төвд гэмт этгээдүүдэд буудуулсан нь түүний сайн найз Biggie Smalls буюу The Notorious B.I.G. хоёрын найз нөхдийн харьцаа нь дайсагнал болон хувиргасан юм. Үүнээс болж зүүн, барууны тэмцэл улам ширүүссэн байна. Тэрээр толгойдоо хоёр, гуяндаа хоёр, гарандаа нэг буудуулсан ч амьд үлдсэн байна. Шарх нь эдгэж амжаагүй байхад буюу 1995 оны 2 сарын 14-нд хүчингийн хэргээр шүүхэд татагдан 4 жил зургаан сарын хугацаатай ял сонссон байна.

Түүний гурав дахь ганцаарчилсан цомог "Me Against The World" 1995 оны 4 сарын 1-нд худалдаанд гарсан ч Тупак байсангүй. Dear Mama хэмээх сингл Me Against The World цомгийн шилдэг нь байлаа. 1995 оны 5 сард удаан үерхсэн найз охин Кэиша Морристой гэрэлжээ. Тэрээр шоронд 9 сар орчим хоригдсоны дараа Death Row Records-ын захирал продюсер Марион "Сюүж" Найттай "Би Death Row Records-тай хамтарч ажилламаар байна. Чамайг миний менежер болохыг хүсч байна. Би одоо шоронд байгаа болохоор хэн ч миний асуудлыг над шиг хөөцөлдөхгүй байна" хэмээн ярьсан байна. Төд удалгүй Сюүж Найт Тупакыг 1'400'000 ам. долларын барьцаа төлж Death Row Records-д элсүүлсэн байна. Death Row-д ормогцоо шинэ цомгийнхоо ажилд оржээ. 1996 оны 2 сард Тупакыг Biggie-гийн эхнэр Фэйт Эванстай унтсан хэмээх цуурхал тарж зүүн, барууны дайн улам ширүүссэн байна. Төд удалгүй Тупакынн "All Eyez On Me" хэмээх хоёр CD-тэй цомог 1996 оны 2 сарын 13-нд худалдаанд гарсан нь тухайн жилдээ борлуулалтаараа 1-т бичигджээ.

Майк Тайсон Брюс Селдонтой тоглох аваргийн тоглолтыг үзээд харьж явах замд нь цагаан Кадиллак машинтай хэсэг хүмүүс түүний унаж явсан машин руу галлан улмаар сум Pac-ын биед тусч түүнийг хүнд гэмтэл учруулан эмнэлэгт сэхээнд оруулжээ. Цагдаагийнхан энэ хэрэгт буруутай этгээдийг хайж олсон бөгөөд эртнээс захиалсан аллага байлаа. Энэ бүхний ард Сюүж Найт байсан байна. Учир нь Сюүж эртнээс Тупакаас барьцааны мөнгөө буцаан авах хүсэлтэй байжээ.

Тупакыг нас барсны дараа олон цомгууд, нээлтээ хийгээгүй байсан кинонууд нээлтээ хийсэн юм. 1996 оны 11 сарын 5-нд Макавели (түүний шоронд байхдаа номыг нь уншиж байсан Италийн философич, зохиолч Никколо Макиавеллигийн нэрнээс иш татсан нэр) нэрээр "Makaveli-The Don Killuminati: 7 Day Theory" цомог худалдаанд гарсан юм. 1997 оны 1 сарын 21-нд нээлтээ хийсэн Жүлиен Тэмплийн найруулсан "Bullet" хэмээх кинонд "Tank" гэдэг дүрд тогложээ. Мөн оны 1 сарын 29-нд нээлтээ хийсэн "GridLock'D" кинонд Spoon гэх дүрээр Тим Ротын хамт тогложээ. 1997 оны 10 сарын 8-нд Жим Күфийн найруулсан "Gang Related" кинонд "Rodriguez" хэмээх мөрдөгчийн дүрд тоглож байсан кино нь нээлтээ хийжээ. Мөн оны 11 сарын 25-нд Amaru Records "R U Still Down" хэмээх цомгийг худалдаанд гаргасан байна. 1998 оны 11 сарын 24-нд түүний дурсгалд зориулсан "Greatest Hits" худалдаанд гараад 2001 оныг хүртэл 4.5 сая хувь борлуулагдсан байна. 1999 оны 9-р сарын 21-нд түүний бүлэг The Outlaw Immortalz-ын гаргасан "Still I Rise" хэмээх цомог худалдаанд гаржээ. 2001 оны 3 сарын 27-нд "Until The End Of Time" цомог худалдаанд гарсан байна.