Түмэн шаньюй

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Түмэн шаньюй - бол түүхэнд тэмдэглэгдсэн Хүннүгийн анхны шаньюй юм. Тэрээр Цинь улсын цэргийн довтолгооноос дайжин их говийн ар талд гарч суусан бөгөөд өөрийн хууль ёсны залгамжлагч Модуныг зайлуулж хайртай яньчжигийнхаа хүүг шаньюй болгохыг оролдсоноос болж, өөрийн хүү Модунд алагджээ.

Гарал үүсэл[засварлах]

Түмэн шаньюй бол Хүннүгийн Сюйляньди овгийн хүн юм. Энэ овгоос Хүннүгийн шаньюй нарыг өргөмжилдөг заншилтай байжээ. Түүний нэр нь "Ши цзи" зохиолд "Тоуман" хэмээх галигаар бичигдсэн байдаг.

Амьдрал[засварлах]

Түмэн шаньюй хэдийнээс Хүннүгийн шаньюй болсон талаар мэдээ баримт байдаггүй. Түүний үед Хүннү нар 24 аймгийн холбооноос бүрдэж байжээ. Түмэн шаньюй Хүннү нарыг захирч байх үед эртний Хятадын олон улсуудын тэмцэл дуусаж, Цинь улс ялж гарлаа. Эртний Хятадын түүхийн энэ үеийг "Байлдаант улсуудын үе" гэж Хятадын түүхэнд тэмдэглэсэн байдаг. Энэ үе нь Чжоу улс олон жижиг улсуудад задарсанаар эхэлдэг бөгөөд эхэн үедээ 1000 орчим улс байсан ба нэг нэгнийгээ эзэлсээр МЭӨ 250-иад онд долоон улс үлдсэн байлаа. Эдгээр нь Цинь, Хань, Вэй, Чжао, Янь, Ци, Чу улсууд юм. Цинь улсын Цинь Ши Хуанди хаан МЭӨ 220 онд эдгээр долоон улсуудыг эзлэн авч дуусаад эртний Хятад орон даяар нэгдсэн систем тогтоожээ. Мөн Хүннү, дорнод Ху зэрэг хойд зүгийн нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд "Байлдаант улсуудын үе"-эс барьж эхэлсэн хилийн хэрмүүдийг хооронд нь залгаж, "Түмэн газрын цагаан хэрэм" хэмээх дэлхийн том байгууламжийг босгожээ. Хойд зүгийн нүүдэлчдээс хэрэм барьж хамгаалснаар барахгүй, нүүдэлчдийн нутаг руу довтолж, тэднийг түрж шахах бодлого явуулж байжээ. Мөн нүүдэлчдийн хооронд яс хаяж эвдрэлцүүлэх бодлого баримталж байлаа. Хойд зүгийн нүүдэлчдийн дотроос гол аюул занал учруулагчид нь Хүннү нар байжээ. Тиймээс МЭӨ 218 онд Цинь Ши Хуанди хаан Мэн Тянь жанжинд цэрэг өгч, Хүннү рүү довтлуулан Ордос нутгийг эзлэн авав. Эзлэн авсан Ордос нутгийн хойгуур цагаан хэрмийг байгуулжээ. Улмаар Хүннү рүү тогтмол довтлох болсон тул Түмэн шаньюй их говийн ард очиж суужээ. Цинь Ши Хуанди Юэчжи нартай холбоо тогтоож, Хүннү рүү довтолсны үр дүнд Юэчжи нар Хүннүгийн баруун хэсгийн нутгийг эзлэн авчээ. Гэвч Цинь Ши Хуанди хаан нас барсны дараа Цинь улсад төрийн эрхийг булааж авсан тайган Жао Гаогийн ажиллагаанаас болж, албан татвар нэмэгдэн ард түмний амьдрал дорджээ. Удалгүй тариачдын бослого гарч, Цинь улсыг мөхөөжээ. Цинь улсыг мөхсөний дараа бослогын удирдагчид эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэж эхлэв. Энэ үед Түмэн шаньюй хайртай яньчжигийнхаа хүүг шаньюй болгох зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрийн хүү Модуныг Юэчжи нарт барьцаанд өгчээ. Модуны эх нь түүнийг төрүүлэхдээ нас барсан тул Түмэн өөр яньчжи авсан байжээ. Тэр яньчжидаа Түмэн шаньюй их хайртай байжээ. Тэр яньчжи удалгүй төрөх болохдоо өөрөөс нь хүү төрвөл заавал шаньюй болгох амлалт Түмэнгээс авчээ. Уул нь Модун түүний ууган хүү тул Хүннүгийн заншлаар Модун Түмэнгийн орыг залгамжлах ёстой байлаа. Гэвч Түмэн шаньюй амлалтаа биелүүлэхийн тулд Модуныг Юэчжи нарт очингуут Юэчжи нар руу довтолжээ. Юэчжи нар Модуныг алахыг оролдоход Модун Юэчжи нарын сайн морийг унан оргож ирэв. Түмэн түүний эрэлхэг зоригийг үнэлж, түмтийн дарга болгосонд Модун цэргээ сургуулилж байгаад Түмэн шаньюйг ан авд дагаж явахдаа алжээ.