Фёдор Байков

Фёдор Исакович Байков (1612—1663 онууд орчим) - Оросын төрийн зүтгэлтэн, аялагч, элч төлөөлөгч.

Түүнийг 1654-1657 онд Оросын хоёр дахь царь Алексей Михайлович Чин улсын эзэн хаан Эеэр засагч руу дипломат харилцаа, худалдааны байнгын харилцаа тогтоохоор илгээсэн, Оросын анхны албан ёсны элч байсан юм. Оросын засгийн газар Амур мужийн нутаг дэвсгэр дэх оросуудын эзэмшил газар руу хийж байсан Чин улсын довтолгооныг энх тайвны аргаар зогсоохыг зорьж энэхүү төлөөлөгчдийг илгээжээ. Москва дахь Оросын удирдлага Амур (Албазин) дахь манж ба оросуудын хоорондох мөргөлдөөний талаар мэддэг байсан боловч Байковт мөргөлдөөнийг шийдвэрлэх тодорхой заавар чиглэл байгаагүй, газар дээр нь шийдвэрлэх ёстой байжээ. Фёдор Байков дагалдан явагсадын хамт 1654 онд Тобольск хотоос гарч Эрчис мөрнөөр уруудаж, Зайсан нуурын эргээр явж, Умард Зүүнгарын элсэн цөлийг туулж, Монгол Алтайн нурууны урдуур тойрч, Гурвансайханаар дамжин Говийг туулаад, Гуйсуй (Хөх хот) худалдааны хотоор дамжин 1655 онд Хаалган (Жанцзякоу) хүрээд, 1656 оны 3 дугаар сарын 3-нд Бээжинд очсоно байна.

Чин гүрний тогтолцооны ойлголтоор эргэн тойрон дахь бүх улс орнуудыг зэрлэгүүд гэж ойлгодог байсан тул Ф.Байков эзэн хаантай уулзаж Хааныхаа бэлэг, захидлыг өгөхийн тулд Чин улсын Хаанд 3 сөхрөн унаж духаараа 9 удаа мөргөх ёстой болжээ. Гэвч тэрбээр Оросын нэр хүндэд халдан доромжлох зан үйл гэж үзээд гүйцэлдүүлэгүй тул хагас жил орчим түүнийг бараа бологсдын хамт тусгаарлаж байгаад 1656 оны 9 дүгээр сарын 4-нд Бээжингээс хөөн гаргажээ.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]