Эдип хаан

Эдип хаан

Эдип хаан (эртний грекΟἰδίπους Τύραννος, Ойдипоус Тираннос) нь Софоклын бичсэн, Афины эмгэнэлт жүжиг бөгөөд МЭӨ 429 оны орчимд анх тоглогджээ.

Европын зарим оронд эрэгтэй хүүхэд эхдээ сайн байхыг муу ёр хэмээн үзэх нь бий. Үүний учир нь эртний Грекийн “Эдип” хэмээх домгоос үүдэлтэй бөгөөд үүнээс үндэслэн эртний Грекийн суут зохиолч Софокл 94 насандаа “Эдип” жүжгээ туурвижээ. Манай нэрт зохиолч Э.Оюун энэ жүжгийг орос хэлнээс орчуулан 1979 онд хэвлүүлсэн нь одоо олдохуяйа бэрх номын нэг болжээ.

Үйл явдал[засварлах | кодоор засварлах]

Эдип бол Фивийн хаан Лайн хүү бөгөөд түүний эхийг Жокаст гэдэг байв. Лай, Жокаст хоёр гэрлэснийхээ дараа тун удалгүй өөрсдийнхөө хэтийн төөргөө үзүүлэхээр Дельфэд очжээ. Нэрд гарсан төлөгч Пити “Та хоёроос нэгэн хүү төрөх бөгөөд тэрбээр та бүхэнд, танай гэр хотолд асар их гай зовлон авчирна. Тэр хүү эцгээ хөнөөж, эхтэйгээ ханилах болно” гэж айлджээ. Төдөлгүй Жокаст нэгэн хүү төрүүлэв. Эцэг нь гай гамшгийг зайлуулахын тулд дөнгөж төрсөн нялх хүүг өндөр уулын оройд аваачин, хөлийнх нь шилбийг цоолж олсны ургамлаар оосорлоод толгойг нь уруу харуулан модны мөчрөөс дүүжилж орхижээ. “Энэ жаахан амьтан удалгүй харангадаж үхнэ. Тэгээд махчин шувуудын хоол болно. Тэгэхээр би төлөгчийн айлдсан гай гамшгийг зайлуулж чадлаа” хэмээн Лай хаан дотроо бодож байв. Гэвч энэ бүхэн талаар болжээ. Зэргэлдээх нугад Коринтийн хааны хонин сүргийг хариулж явсан хүн хүүхдийн бархирах дууг сонсжээ. Тэр нялх хүүхдийг модноос тайлж аваад хааныхаа хатанд авч ирэв. Хатан тэр гэм буруугүй жаахан хүүг өрөвдөн үрчилж аваад “хавдар хөлт” хэмээх утгыг илтгэх Эдип гэдэг нэр өгчээ. Тэр яг л ханхүүгийн адил өсч торнив. Эдип эрийн цээнд хүрээд өөрийхөө хувь заяаны тухай мэдэхийг хүсч Дельфэд суух мөнөөх төлөгчид очжээ. Сэтгэлд багтамгүй ямар аймшигтай төлөг буусан гэж санана. Тэрбээр “Чи эцгээ хороож, эхтэйгээ ханилах болно” гэж айлджээ. Уугуул овгоо үл мэдэх Эдип ээж, аавтайгаа эргэж уулзалгүй, орон гэрээ орхин хэзээ ч эргэж ирэхгүйгээр холын хол явахаар шийдэв. Тэрбээр хамаг эрхэм нандин бүхнээ орхин харийн нутагт толгой хоргодохоор одохдоо зайлшгүй тохиолдох үйлийн үрээсээ зугтаж байна гэж бодож байлаа. Тэр харь нутгийг зорьж яван явсаар Фивийн нутгийн дээсэнд тулж ирэв. Нэгэн өдөр Эдип маш нарийн хавцлын замаар явж байгаад өмнөөс нь нэгэн өвгөжөөр хүн суулгасан хөсөг тэрэг ирж явааг харжээ. Тэр хүмүүс Эдипт дөхөж ирж зогсоод доожоогүй нэгэн зарц зам чөлөөлөхийг шаардав. Эдип тэдний үгийг дагахыг хүссэнгүй хэрүүл өдөв. Улмаар нударга зөрүүлж эхэлжээ. Тэгтэл тэргэнд сууж явсан өвгөн Эдипийн далайн цохисон модонд өртөж, суудлаасаа үхэдхийн унаж мэдээ алдарсан бие нь замаар өнхрөн одов. Энэ бол Лай хаан байлаа. Ингэж Эдип танихгүйн учир эцгийнхээ амийг бүрэлгэв. Эдип Фивийн зүг аяллаа үргэлжлүүлсээр байв. Тариачид түүнд Лай хаан учир нь үл ойлгогдох нууц шалтгаанаар нас барж, улс орныг нь Жокастын ах Креон засаглах болсныг ярьж байлаа. Креон хаан ширээнд сууснаас хойш улс орноо Сфинкс хэмээх аймшигт мангасын аюулаас чөлөөлөхийг гол зорилгоо болгож байв. Сфинкс бол арслан биетэй, хүүхэн толгойтой, далавч бүхий этгээд хачин амьтан байв. Сфинкс мангас замаар явсан хүмүүсийг зогсоон нэгэн таавар таалгаж, хариуг нь түргэн хэлэхийг шаарддаг байв. Түүнээс айж сандарсан хүмүүс зөв хариуг хэлж чаддаггүй учир Сфинкс тэднийг шийтгэж барьж иддэг байлаа. Энэхүү аюулаас улс орноо аварч өгсөн хүнд Жокастыг гэргий болгон өгөөд зогсохгүй хаан ширээгээ шилжүүлэх болно гэж Креон нэгэн удаа ам гарчээ. Урт холын зам туулж ирсэн Эдип нутаг орныг эзэгнэсэн аймшигт мангас бий болоод амьтан хүнийг барьж идэж буйг мэдээгүй байв. Нэгэн өдөр тэрбээр хадан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан Сфинкс мангастай учрав. Эдип өөрийнхөө амь насыг хамгаалахын тулд үхлийн эсрэг зоригтойгоор тэмцэхээр шийдэв. Тэгээд тэр мангасын өмнө очоод ганц ч үг хэлэлгүй тавих асуултыг нь хүлээн зогсов. Сфинкс үл таних хүнийг удаан гэгч харснаа “Өглөө дөрвөн хөлөөр, өдөр хоёр хөлөөр, орой гурван хөлөөр явдаг ямар амьтан байдаг вэ?” гэж асуув. Эдип эргэлзэж тээнэгэлзэлгүй “Энэ бол хүн. Яагаад гэвэл хүн дөнгөж төрөөд дөрвөн хөллөн мөлхдөг. Өсөж том болоод хоёр хөлөөрөө явдаг. Харин нас хөгшрөн өтлөхдөө таяг тулдаг билээ” гэж хариулав. Олон хавар нэгэндээ гэгчээр Сфинкс мангас энэ удаа ялагджээ. Түүнийг хувь заяа нь ивээсэнгүй. Эдип аймшигт мангасыг ялж Креоны амласны дагуу Фивийн хаан ширээнд залран Жокасттай гэрлэв. Ийнхүү төлөгчийн урьдчилан харж зөгнөн хэлснээр Эдип төрүүлсэн эхтэйгээ ханилан суужээ. Эдип, Жокаст хоёр гэрлэснээс хойш дөрвөн хүүхдийн эцэг эх болцгоожээ. Сфинксийг ялан дийлсэн цуу дуулиан намжаагүй, Эдипийн алдар нэр улам бүр мандаж байсан үед гэнэт ард түмний дунд тахал өвчин дэлгэрчээ. “Лай хаан үл таних хүнд алуулсан билээ. Лайн сүнс гэмт хэрэгтнийг шийтгэж өшөө авахыг шаардаж байна. Хэрэв Лайг хөнөөсөн хүнийг олж чадвал тахал өвчин устах болно” гэж төлөгч нар айлджээ. Эдип үүнийг сонсоод Лай хааныг хөнөөсөн хүнийг мэдэхийн тулд хамгийн сайн төлөгч болох Тиреси гэдэг нэгэн хараагүй хөгшнөөс лавлатал мэргэч түүнд аймшигт үнэнийг хэлэв. Лай хааныг алсан хүн бол Эдип өөрөө байлаа. Нүглийн сав дүүрэх гэгч энэ ажээ. Эдип эцгээ алж, эхтэйгээ гэрлэснээ сая л ойлгожээ. Энэхүү аймшигт үнэнийг дуулаад Жокаст амьд явах ямар ч утгагүйг ойлгож ордныхоо баганаас өөрийгөө дүүжлэн амиа хорложээ. Харин Эдип ард түмэндээ доромжлуулан, Креон болон хүүхдүүддээ хөөгдөж, өөрөө хоёр нүдээ ухаж хаяад үнэнч зарц Дитигоныхоо гараас хөтлөгдөн цөллөгийн их замд оджээ

  • Фив-Афинаас баруун хойд зүгт орших хотын нэр
  • Дельф-Мэргэч төлөгчдөөрөө алдартай газар
  • Коринт-Афинаас баруун урд зүгт орших хотын нэр