Тэмээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэмээ
Нэг бөхт тэмээ, Camelus dromedarius
Нэг бөхт тэмээ, Camelus dromedarius
Хоёр бөхт тэмээ, Camelus bactrianus
Хоёр бөхт тэмээ, Camelus bactrianus
Биологийн ангилал
Аймаг: Амьтны
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Овог: Тэмээнийхэн (Camelidae)
Төрөл: Camelus
Карл Линней, 1758
Зүйлүүд

Camelus bactrianus
Camelus dromedarius
Camelus gigas (мөхсөн)
Camelus hesternus (мөхсөн)
Camelus sivalensis (мөхсөн)


Тэмээ () -Монголчуудын таван хошуу малын нэг, бод мал, өндөр том биетэй, гагагар хүзүүтэй, нуруундаа нэг буюу хоёр бөхтэй, хөлийн таваг нь хавтгай бөгөөд зөөлөн ултай, салаа туурайтай, үс ноос ихтэй, говь газарт бэлчээрлэн нутаглахад тохиромжтой, хивдэг, хөхтөн амьтан. Мах, сүү, арьс шир, ноосыг ашиглахаас гадна тээврийн хэрэгсэл, унаа болгон хэрэглэх зорилгоор гэршүүлсэн байна.

Орчин үед 3 төрлийн тэмээ байдаг. Ганц бөхтэй тэмээ (дромадер) буюу араб, хоёр бөхтэй тэмээ буюу бактриан, зэрлэг тэмээ буюу Хавтгай.

Үүсэл гарал[засварлах | кодоор засварлах]

Дөрөвдөгч галавын үе буюу арслан, заантай ишилж амьдарч байсан тэмээг 5000 гаруй жилийн өмнөөс хүмүүс гаршуулж, тэжээмэл амьтан болгосон түүхтэй. Тэр дундаа монголчууд нэн эртнээс тэмээг гэрийн мал болгож уналга, ачлага, эдэлгээнд хэрэглэн, сүү саалийг нь ашиглаж ирсэн. Энэ нь одоогийн Ховд аймгийн нутаг хойд цэнхэрийн агуйгаас олдсон тэмээний сүг зургаас тод харагдана.

Тэмээний бэлэгдэл[засварлах | кодоор засварлах]

Монголчууд тэмээ тэнгэрийн амьтан гэж дээдэлж ирсэн. Монгол ёс заншлын найман цагаан морь, нэг цагаан тэмээ эрхэм дээд есөн цагааны бэлэгт ордог.

Есөн цагаан бэлэгт найман цагаан морь, булган молцогтой нэг цагаан тэмээ багтдаг. Есөн эрдэнэ гэдэгт алт мөнгө, шүр сувд, оюу номин, тана зэс болд зэрэг хамаарна[1].

Монголчууд хүйтэн хошуутай ямаа, тэмээнээс цагаан өнгөтэйг онцгойлж хүндэтгэн үзэх бөгөөд сүү саалийг нь анагаах увидас чадалтай гэж үздэг.

Ачаатай тэмээний бэлэгдэл[засварлах | кодоор засварлах]

Ачаатай тэмээ болон тэмээн жин, тэмээн жингийн цуваа нь алс газраас ховор нандин эд бараа тээж ирж буй баяжихын бэлэгдэл, эд баялгийн бэлэг тэмдэг болдог.

Тэмээтэй үлгэр домог[засварлах | кодоор засварлах]

Тэмээний тухай ардын үлгэр домог олон бий. Үүнд:

Тэмээний магтаал[засварлах | кодоор засварлах]

Монголын ард түмэн таван хошуу мал тус бүртээ зориулсан магтаалтай. Тэмээний магтаал нь Тэмээний магтаал гэхээс гадна "Орсон буурын магтаал" зэрэг эцэг малаар нэрлэсэн байдаг.

Тэмээний удам угшил[засварлах | кодоор засварлах]

Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн (Өмнөговь аймаг), Ламын гэгээний жаахан шар/улаан (Баянхонгор аймаг), Дөхөм тунгалагийн хос зогдорт (Говь-Алтай аймаг) зэрэг тэмээний угшлууд бий.

Үүлдэр[засварлах | кодоор засварлах]

1980-аад оны үеэс Монгол оронд тэмээг Галбын улаан, Хэцийн хүрнээр сайжруулах ажлыг Говь-Алтай аймагт хийж байв.

Тэмээний төрхийг гол төлөв бүхний аяс хэлбэрээр нэрлэнэ.

Тархац[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн тэмээний 90%-ийг Наран тэмээ (ганц бөхт), 9,6%-ийг Тэмээ (хос бөхт) эзэлдэг. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Казахстан, Киргиз улс хос бөхт тэмээ үржүүлдэг. Хос бөхт тэмээ буй болсон явдал ч биедээ өөх ихээр хуримтлуулж өвөл, хаврын тарчиг хатуу цагт илч дулааны эх үүсвэр болгон ашигладаг зохицолдолгоотой холбоотой үүсчээ. Хос бөхт тэмээний өвөг эцэг бол зэрлэг тэмээн гөрөөс “Хавтгай” юм. Энэ амьтан одоо ч манай орны Алтайн цаадах говьд амьдарсаар байна.

Венецийн аялагч Марко Поло 13-р зуунд анх дэлхийд мэдээлж улмаар 1870-1884 онд Оросын алдарт аялагч Н.М.Пржевальский Төв Азиар хэд хэдэн удаа том судалгааны аялал хийхдээ Монгол орноор дайрч Хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон Орос руу авч явсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь 5000 гаруй жил болж байна гэж үздэг. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүннү гүрэн, Монгол хэмээх улс үүсч хөгжих үндсийн нэг болсон гэж мөн үзэж болно. Өөрөөр хэлбэл тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү юм. Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй болсон, элсэн хөрсөнд явах зөөлөн өргөн тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамалаар хооллох, олон хоногийн өл даах чадвартайг нь танин мэдэж гэршүүлж уналга эдэлгээнд ашиглах болсон байна.

Бие махбод[засварлах | кодоор засварлах]

Монголчууд тэмээний бие махбодын онцлогийг эрхэмлэн дээдэлдэг 12 жилээр төлөөлүүлж нэрлэдэг. Ингэхдээ: 1.Хулгана чихтэй, 2.Үхэр гэдэстэй, З.Бар тавагтай, 4.Туулай хамартай, 5.Луу биетэй, 6.Могой нүдтэй, 7.Морин дэлтэй, 8.Хонин ноостой, 9.Мичин бөхтэй, 10.Тахиа өрвөлөгтэй, 11.Нохой гуятай, 12.Гахай сүүлтэй гэдэг.

Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том түүнээ дагаж булчингийн хөгжил цээжин талдаа илүү байдаг байна. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа +60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь тусгаарлан хамгаалдаг байна.Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг.

Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамалаар хооллох зохилдологоог буй болгожээ. Энэ онцлогоосоо хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг эртнээс мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийж ирсэн байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай.

Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг гэдэг. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм. Ямарваа амьтан ус чийгийг амьсгалаар, хөлсөөр, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг биологийн зохицолдолгоо юм.

Говь цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс хужрыг ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн дотоод осмос даралтыг ихэсгэж ус хадгалан барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад ямар ч мал, амьтнаас илүү юм. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдлоготой болжээ.

Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг байна. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр. өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн 1/3-ийг буюу 200 кг жин алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нарлуу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах зохилдлогоо юм.

Монгол орны цаг агаарын тачир, хахир байдал, зундаа туйлын халуун, өвөлдөө тэсгим хүйтэн байдаг нь энд амьдах амьтан бүрийг тэсвэр, тэвчээртэй болгодог. Говь нутгаас олдох үл давтагдах, хосгүй амьтдын нэг нь хоёр бөхтэй тэмээ юм. Энэ амьтан Говь цөлийн хатуу хөтүү нөхцөлд хамгийн төгс гэмээр зохицдог. Монгол орон тэмээг одоогоос 3000 жилийн өмнөөс анх гаршуулж, гэршүүлэн өсгөн үржүүлсэн ууган орон, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхт тэмээний удмын санг хадгалан үлдсэн цөөн орны нэг бөгөөд энэ аварга, амгалан амьтнаас дэлхийн хамгийн дулаан ноосыг гаргаж авдаг. Монгол улс нь дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй. 2012 оны мал тооллогын дүнгээс харахад тэмээн сүргийн тоо толгой 279,6 мянгад хүрсэн.

Тэмээний ноос[засварлах | кодоор засварлах]

Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, хялгаснас бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийнхөө өнгөөр хэрэглэгддэг. Ойролцоогоор 1400 тонн тэмээний ноос бэлтгэдэг.

Тэмээний ноос нь дулаан хадгалах чадвар сайтай, ноолууртай харьцуулахад ширхэгт нь урт 45мм-ээс дээш бөгөөд бөх бат чанараараа давуу байдаг. Дундаж хэмжээтэй тэмээ жилд ойролцоогоор тав гаруй кило ноос өгдөг. Монгол тэмээний ноосны наян хувь нь 21-25 микроны диаметртэй байдаг нь ноосыг онц сайн чанартай, зөөлөн, дулаан болгодог. Нэг килограм тэмээний ноосонд 2.5 метр ноосон утас, 1 метр квадрат хөнжил, 1-1.5 хүзүүтэй урт цамц эсвэл 4 ороолт хийх материал агуулагдана. Монгол тэмээний ноос дунджаар 37 см урт бөгөөд диаметрын хувьд 20-120 микроны хооронд хэлбэлзэнэ. Тэмээний зөөлөн үс дунджаар 12.5 см урт бөгөөд диаметрын хувьд 19-24 микроны хооронд хэлбэлзэнэ.

Монгол тэмээний ноос нь хувцас хийхэд ашиглагддаг бусад нэхмэл, хөвмөл материалуудын утастай харьцуулахад илүү эдэлгээ сайтай байдгаараа онцлогтой. Мөн тэмээний ноосны хамаг сайн чанаруудыг агуулсан ботгоны ноос нь хөнгөн, зөөлөн чанараараа гайхуулдаг бөгөөд нэг, хоёр настай ботгоны ноос дэлхий зах зээл дээр хамгийн үнэтэй байдаг. Тэмээний ноосонд эмчилгээний чанартай ланолин агуулагддаг. Энэ нь статик нөлөөлөлд орохгүй, тоос татахгүй бөгөөд цусны микро эргэлтийг сайжруулж, дулаацуулах чанартай. Тэмээний ноосны хуурай дулаан нь эмчилгээнд чанартай, нервийн үрэвсэл, мэдрэлийн судасны үрэвсэл, үе мөчний үрэвсэл болон шархираа өвчин намдаадаг гэгддэг. Тэмээний ноос нь чийг тусгаарлах ба утасны бүтэц нарийн тул агаар дамжуулдаг. Тэмээний ноосон хувцас өмсөх нь арьсыг чимчигнүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг эерэг талтай.

Тэмээний нүд сормуус[засварлах | кодоор засварлах]

Урт, сэгсгэр сормуус нь тэмээний том нүдийг элсээс хамгаалж, шаардлагатай бол ангарсан хамрын нүхийг сайтар хаадаг байна. Тэмээ маш сайн хараатай: тэд алхаж буй хүнийг нэг километрээс, хөдөлж буй машиныг 3-5 километрийн зайнаас харж чаддаг. Тэд чийгийг маш сайн үнэртэж мэдэрдэг, 40-60 км-ийн зайд цэнгэг бэлчээр эсвэл цэнгэг усны үнэрийг мэдрэхээс гадна тэмээ тэнгэрт аянга цахилгаантай үүлийг анзаарч, бороо орж цийг буух газар руу явдаг байна.

Тэмээний нас[засварлах | кодоор засварлах]

Тэмээ дунджаар 30-37 жил насалдаг амьтан юм. Тэмээ амгалан дөлгөөн зантай, бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зан авиртай.

Монгол малчин тэмээг гаршуулж нөхөрлөснөөр түүний зан араншин, биологийн онцлогийг танин мэдэж, ногт, буйл, бурантаг буй болгон ботгоноос нь барьж, тавьж номхруулан, 2-2.5 настайд нь буйллаж уналганд сургана. Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг. Буйлыг модоор зорж хийдэг ба энэ нь машинаар бол руль нь гэсэн үг буюу тэмээг аль зүг рүү явахыг чиглүүлж өгдөг зүйл юм. Буйллахын тулд ногтолж таваглан даруулаад буйлаар нь юм уу, оонын эврээр хийсэн соёо, эсвэл хоёр талдаа иртэй гилбэр хэмээх тусгай төмрөөр хамрыг нь цоолж буйландаа товх хийж буруу талаас нь буйлаа хийж зөв талд нь мөн товх хийгээд бурантаг уядаг.

Тэмээг 2-3 настайд нь унаж сургадаг бол 4-5 насанд нь ачилга, хөллөгөнд сургадаг. Ачлаганд сургахдаа хомнож номхон тэмээний араас хөтөлж сургаад аажмаар хөнгөн ачаанд дасгана. Тэмээ нуруундаа 200-240 кг, тэргэнд хөллөсөн үед 400-500 кг ачаа тээж чаддаг.

Тэмээгээр тэнгэр шинжих[засварлах | кодоор засварлах]

Тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал цаг агаарыг шинжиж чаддаг нь монгол малчны их гайхалтай ажиглалтын үр дүн юм.

- ботго залуу тэмээд тонгочиж тогловол тэнгэр мууддаг

- тэмээ жалга, нөмөр бараанд салхины уруу харж хэвтэвэл тэнгэр хүйтэрнэ

- ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно гэх мэт.

Тэмээн жин[засварлах | кодоор засварлах]

Аян жинд явахдаа тэмээний хамрыг гэмтээхгүйн тулд бурантгийг нь урд тэмээний татлаганд өвс шүүрч байхаар зайтай хавчуулж хэлхдэг учир тэмээн ачаа тасарч хоцрохоос сэргийлж сүүлчийн тэмээний хүзүүнд хонх зүүдэг. Аян жинд явах тэмээг 10-15 хоног сойно. Тэмээг уяж сойсноор бие нь хагсарч өлчиржин, ул таваг нь бөхөждөг онцлогтой.

Номхон тэмээг ганц хүн ачих тохиолдолд 1 м орчим урт үзүүртээ ац буюу тээглүүртэй хоёр тийш нь сураар тэнцүү гоцоо гаргасан “Хүн мод” хэрэглэн ачна. Хоёр тийш гаргасан суран гогцоог тэмээний шатанд углаж татлагаа дээр нь тавиад хүн модоо налуу байрлуулж үзүүрийг газар хатган тэнгээ ачаад нөгөө талд нь гарч ачдаг арга юм.

Эрдэмтдийн тогтоосноор жингийн тэмээ цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км явдаг бөгөөд алсын аянд гурав хоног яваад нэг өдөр амардаг байна. Өмнөговь аймгаас Улаанбаатар хүртэл цагт 4 км,хоногт 37 км газрыг туулж 740 км газрыг 20 хоногт туулдгийг тогтоосон байна.

Тэмээ махны мал биш юм[2]. Тэмээний махыг өргөн дэлгэр биш ч гэсэн хүнсэнд ашигладаг. Тэмээний махыг удаан хугацаагаар нөөцөлж халгалан хэрэглэх нэг арга бол говийн малчдын уламжилж ирсэн борц хийх арга юм. Тэмээний 1 кг борцны илчит чанар 1326.3 ккалори байдаг бөгөөд дундаас дээш тарга хүчтэй тэмээний мах борц хийхэд илүү тохиромжтой.

Ингэний сүү[засварлах | кодоор засварлах]

Ингийг зун, намар өдөрт 2 удаа, өвөл хаварт нэг удаа сааж өтгөн, амт чанар сайтай, эмчилгээний ач холбогдолтой, удаан хадгалагдах чадвартай сүү авч ашигладаг. Ингэний сүү цусны судас хатуурах, атеросклероз зэргээс сэргийлж, нарны болон бусад хортой цацрагийн нөлөөнөөс хамгаалах үйлчилгээтэй хүнсний үнэт бүтээгдэхүүн юм. Айраг исгэж, бүлж тосыг ялган авна, сүүг хөөрүүлж өрөм загсааж хураан шар, цагаан тос хийнэ. Айраг ундааг буцалгаж өтгөрүүлээд шүүж аарц, хурууд хийнэ. Ингэний сүү өтгөн байдаг тул цай сүлэхэд маш бага ордог өвөрмөц онцлогтой.

Тэмээн сүрэг[засварлах | кодоор засварлах]

Уудам талыг ухааран бүрхдэг

Холын говийг хонгортон бүрхдэг

Элсэн говийн дундаа

Хөлөг гэж нэрлүүлсэн

Эх Монгол нутагтаа

Заан гэж дээдлүүлсэн

Эртэй сайхан тэмээн сүрэг... гэж магтаалд гардаг.

Тэмээ уяхан амьтан[засварлах | кодоор засварлах]

Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай.

Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай. Өл хоол даах чадвараараа таван хошуу мал дотроо харьцуулахын аргагүй тул олон хоногийн аян жинг дааж чаддаг. Хэвтэхэд нь "сөг”, ”сөг” гэж сургана. Ачаа ачаад буюу унаад босгохдоо “хөөг” гэж туух, эргүүлэхдээ “хөөж”, ”хаа” гэж , тэмээг хужирлахдаа “тоор”, ”тоор”, ингийг ботгондоо ирэхэд “хөөс”, ”хөөс” гэж аажуу тайвуун дуу аялгуу гаргаж сургавал буруу зан сурдаггүй байна. Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшиж чаддаг.

Тэмээтэй зохиол бүтээл[засварлах | кодоор засварлах]

  • Яруу найрагч Пунцагийн Бадарчийн Болор цом 1987 оны тэргүүн байрт шалгарсан "Тэмээ" шүлэг
  • Алдарч дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн дуулсан "Тэмээн дээрээс наран ойрхон" дууны үгийг Ж.Шагдар, ая. Х.Сэргэлэн зохиожээ.

Тэмээ[засварлах | кодоор засварлах]

Тэмээ-таван хошуу малын минь нэг

Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг

Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий

Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий

Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан

Айл, хүн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн

Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биетэй заяасан

Алтан дэлхийд энэ тэмээ гэдэг сайхан амьтаан

Нээрээ би тийм ээ гэх шиг

Нэр нь хүртэл тэмээ

Туг ширээ бөхнөөс нь халуун илч дүүгээд

Тууж явахад хүртэл дулаахан гэж жигтэйхэн

Туульс үлгэрт баатар болон хэлцэгдсэн ч

Туулай элэнцтэйгийг нь бодохоор өрөвдөм хөөрхий.

Ус нэг уугаад гарвал гурван гурав өс хонодог

Уяж сойгоод эдлэхэд гучин хоног өл даадаг

Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагүй

Унаган говио орлиж нутаг ердөө шилээгүй

Найрсаг итгэмтгий зангийг нь домогт өгүүлэхдээ

Найранд очих буганд эврээ өгсөн гэдэг юм

Надад эврийг минь авчирч явна уу хэмээн

Найдвар горь тасрахгүй одоо ч алсыг харуулдсаар

Туждаа үнэнчийн батлагаа хэрсэг гэдэг нь аргагүй

Тулганы үнсийг ч санаад хоньтой хотож ирдэг

Туурга нэвт шуургыг өдөржийн газраас мэдэрч

Тухалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг

θргөн орчлонд ургасан өвс цэцгэн дундаас

θргөст бут шаваг, аль л хатуу хүтүүд нь дурлах

θлгийтэй жаахан хүүгээ бөхнөөс нь зүүгээд нүүхэд

θөжин хөдөлгөх ээж шиг нь бүүвэй бүүвэй гэж алхлах

Авгай хүүхэд шаваад ноосы нь зулгааж байхад

Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох

Ачаа бараа тэгнэж үйлий нь үзэх гэж байхад

Арай өндөрдөөд байна уу гэх шиг өөрөө хэвтээд намсах

Орчлон эх дэлхий нараа бүтэн тойртол

Олдсон жаахан үрээ хэвлийдээ тээж єсгєдєг

Олон гүвээний цаана бутны цэцгэнд согтсон ч

Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэшүүлдэг

Агар зандан шугуй шиг хүрээнтэн сүрэглэж явахад нь ч тэмээ л гэдэг

Аясын салхи дагаж орь ганцаараа явахад нь ч тэмээ л гэдэг

Алаглах циркийн манежед аялгуут хөгжмийн эгшгээр

Алдарт вальс бүжиглэхэд нь ч, жүжигчин гэдэггүй тэмээ л гэдэг

Санаа сэрэггүй тайвандаа үрээ голж мунгинахад нь

Саалийн үнэр ханхалсан бүсгүй хүн хөөсөлж

Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад єгєхлєєр

Сайхан хүрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг

Нээрээ би тиим ээ гэх шиг

Нэр нь хүртэл тэмээ.

Яргуйт дэлхийн бэлчээрт цөөхөрч байх нь харамсалтай

Ялдамхан энэ орчлонд бусармаг зантай явснаас

Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би л ховиндоо бодном

Оньст хүрдэт машины минь гал тос дутаад

Очих газрын дунд саатаж юуны магад бий?

Олс дээсээр хөтлөөд хаа ч хүрсэн итгэлтэй

Оньст техникээс ялгаатай тэмээ-мөнхийн найдварт унаа

Тэмээ-таван хошуу малын минь нэг

Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг

Тэмээ-таван тивийн улсаас манайд л илүүтэй бий

Тэмээ-тал, хангай, говь гурвал нутагт минь дүүрэн бэлчиж байг!

Тэмээн дээрээс наран ойрхон[засварлах | кодоор засварлах]

Сонихон зэргэлээт говь минь

Солонгын долоон өнгөтэй дээ хө

Солбио хүрэн ат минь хө

Сарын газраа жонжоотой доо хө

Солбио хүрнээ унахаар

Тэнгэрийн наран ойрхон доо хө

Цолмон чамайгаа зорихоор би

Наран шингэхэд хүрнэ ээ хө

Заган шугуйт говь минь

Замилан хорвоод алдартай даа хө

Зандан хүрэн ат минь

Замын холдоо жонжоотой доо хө

Зандан хүрнээ унахаар

Тэнгэрийн саран ойрхон доо хө

Заяа тавилант чамтайгаа би

Саран гийхээр учирна аа хө

Шижиртэн туяарах говь минь

Шинэхэн айл шиг өнгөтэй дээ хө

Ширээ атны минь жонжоонд нь хө

Тэнгэрийн хаяа тэлээстэй дээ хө

Заган шугуйт говь минь

Замилан хорвоод алдартай даа хө

Зандан хүрэн ат минь

Замын холдоо жонжоотой доо хө

Тэмээ томоо[засварлах | кодоор засварлах]

Атан тэмээ томоо хө

Ачаа тэгнээ даанаа хө

Арслан хүчтэй байтлаа хө

Ааш нь мөн ч сайхнаа хө

Тэмээ том оо тийм ээ хө

Тэгнээ ачаа даанаа хө

Заан шиг том мөртлөө хө

Зан нь ч мөн сайхан аа хө

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Таван хошуу мал

Ингэ

Ингэний сүү

Хоормог

Тэмээний ноос

Говь

Тэмээний магтаал

Тэмээн уралдаан

Тэмээн поло

Цагаан идээ

Өмнөговь

Дорноговь

Дундговь

Говьсүмбэр

Говь-Алтай

Тэмээн жин

Бусад[засварлах | кодоор засварлах]

Тэмээ малладаг, тэмээ маллагч, адгуулагч хүнийг тэмээчин гэнэ[3]. Монгол хүн ботгыг хурга, ишиг шиг эрхлүүлэхийг цээрлэдэг. Учир нь өсөж том болсоноо мэдэхгүй цоройж, үсчих зэргээр хүн гэмтээх магадлалтай байдаг.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Монгол хэлний их тайлбар толь: Тэмээ

Цагаан тэмээ

ТЭМЭЭНИЙ БУСАД АШИГ ШИМ

Тэмээ: МОНГОЛ ҮҮЛДЭР

Малын соёл (Тэмээ)

Тэнгэрийн амьтан тэмээ эрдэнэ

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. Сэндэнжав, Дулам (1999). Монгол бэлгэдэл зүй Тэргүүн дэвтэр: Тооны бэлгэдэл зүй (1st ed.). Улаанбаатар: Адмон. p. 5.
  2. Долгор, Цэвээнжав (1996). "Монгол тэмээ". Монгол тэмээ. p. 25.
  3. "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь". toli.gov.mn. Retrieved 2024-05-30.