Jump to content

Абэ Нобүюки

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Абэ Нобуюки-с чиглүүлэгдэв)
Абэ Нобуюки

Абэ Нобүюки (япон. 阿部信行, 1875 оны 11-р сарын 24-нд төрж, 1953 оны 9-р сарын 7-нд нас барсан) — Японы эзэн хааны армийн генерал, Японы Ерөнхий сайд, Солонгос дахь сүүлчийн генерал-захирагч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Абэ Каназава хотод нэгэн самурай хүний ​​гэр бүлд төржээ. Тэрээр Хибия ахлах сургуульд суралцаж, дараа нь 4-р дунд сургуульд суралцаж байхдаа 1894-1895 оны Хятад-Японы нэгдүгээр дайнд сайн дураараа оролцож байжээ.

Ялалтын дараа Абэ Эзэн хааны армийн Цэргийн академи, дараа нь Дээд цэргийн академийг төгссөн. Генерал Араки Садао түүнтэй нэг ангид сурч байсан. 1918-1921 онд Абэ гуравдугаар артиллерийн ангийн командлагч байв. Тус ангийг Оросын Иргэний дайны үеэр Орос руу илгээсэн боловч байлдааны ажиллагаанд оролцоогүй.

1932 онд Абэ армийн генерал, Тайванийн армийн ерөнхий командлагч болжээ. 1936 онд түүнийг нөөцөд шилжүүлсэн байна.

Абэ Нобүюкигийн танхимынхан. 1939 оны 8-р сарын 30-нд.

Хиранүма Киичирогийн танхимыг огцруулсны дараа эрх баригчид чөлөөлөгдсөн ерөнхий сайдын албан тушаалд Коноэ Фүмимаро, Хирота Коки нарыг нэр дэвшүүлж, цэргийнхэн генерал Үгаки Казүшигэгийн нэрийг дэвшүүлжээ. Сайонжи Киммочи нэр дэвшигчдийн хэнийг ч дэмжээгүй. Удалгүй Үгаки өвдөж эмнэлэгт хэвтэв. Цэргийн шинэ нэр дэвшигч нь Абэ байсан бөгөөд тэрээр армийн аль ч бүлэгт харьяалагддаггүй тул буулт хийх хүн бололтой.

Ерөнхий сайдын хувьд Абэ дэлхийн хоёрдугаар дайнд Япон улс төвийг сахисан байр сууриа тунхагласан. Тэрээр Японы нацист Герман, фашист Италитай эвсэхийг тууштай эсэргүүцэгч байсан юм.

Абэ Японы улс төрийн намуудын дэмжлэгийг аваагүй тул 1940 оны 1-р сард албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй болжээ.

1942 онд Абэ Японы парламентын Лордуудын танхимын гишүүн болж, 1944 онд Коисо Күниакигийн оронд Солонгос дахь сүүлчийн Ерөнхий генерал-захирагч болсон. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон бууж өгсний дараа Абэ Солонгос дахь АНУ-ын цэргийн командлагч Жон Хожид эрх мэдлээ шилжүүлжээ.

Хожим нь Абэг төрийн албанаас халагдсаны дараа, АНУ-ын эзлэн түрэмгийлсэн засаг захиргаа түүнийг баривчилжээ. Шүүх хурал дээр түүнийг бүрэн цагаатгаж, удалгүй сулласан байна.