Jump to content

Амиа егүүтгэх

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Амиа хорлох-с чиглүүлэгдэв)

Амиа егүүтгэх гэдэг нь хэн нэгэн санаатайгаар өөрийн амийг таслах төрх үйл юм. Амиа егүүтгэх болон амиа егүүтгэхээр оролдох нь манай улсын хувьд төдийгүй дэлхийн олон оронд нийгэм эдийн засгийн болон сэтгэц-нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ. Амиа егүүтгэх Амиа егүүтгэж нас барах, амиа егүүтгэх оролдлого хийх тохиолдол нь анагаах ухаан, философи, нийгэм судлал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг билээ. Хэвлэл мэдээллээс үзвэл хүн амын дундах дээрх үйлдлүүд нь өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Амиа егүүтгэх тохиолдол

[засварлах | кодоор засварлах]

АНУ болон Өрнөдийн орнуудад ёс зүйн нээлттэй асуудлууд хэмээх ойлголт яригдах болсон бөгөөд энэ нь мэргэжлийн хүмүүсийн дотор маргаантай асуудлыг үүсгэдэг байна. Ёс зүйн нээлттэй асуудлууд дотор нас барсан хүний эрхтэнг авч ашиглахыг хуулиар зөвшөөрч болох уу, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрч болох эсэх, олон эхнэртэй байх хууль батлагдвал эерэг, сөрөг үр дагаврын аль нь давамгайлах вэ гэх зэрэг маргаантай асуудлын нэг нь амиа егүүтгэлийг хуулиар зөвшөөрч болох эсэх талаарх асуудал ажээ.

Амиа егүүтгэх тухай эртний гүн ухаантан О.Шпенглер “Амиа хорлолт нь соёл иргэншлийн төгсгөлийн шатны мөхлийг билэгддэг том хотын соёлын үр дагавар бөгөөд энэ утгаараа нэлээд орчин үеийн үзэгдэл мөн” (O.Spengler der Sohnenuntergang in der Abendland) хэмээн тодорхойлсон бол 1887 онд Э.Дюркгейм статистик тоо баримтанд тулгуурлан амиа хорлоход хүргэх шалтгааныг тодорхойлсон нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй гэж үздэг.

Өнөө үед амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийх тохиолдлын шалтгаан сэдэл, нөлөөлөх хүчин зүйлийг судлан тогтоох асуудал нь бие даасан шинжлэх ухааны салбар болтлоо хөгжжээ.

Хүн амын дундах өөрийгөө егүүтгэх үзэгдлийг суицид (suicide, fatal suicide ), өөрийгөө егүүтгэх оролдлого хийх тохиолдлыг парасуицид (parasuicide, non fatal suicide) хэмээн шинжлэх ухааны нэршлээр нэрлэдэг.

Амиа егүүтгэх үзэгдэл, амиа егүүтгэх төрх үйл хэмээх ойлголтонд амиа егүүтгэх бодол үүсэх, амиа егүүтгэх төлөвлөгөө зохиох, амиа егүүтгэх оролдлого хийх, амиа егүүтгэх гэсэн ойлголт хамаардаг ба өөр хоорондоо харилцан хамааралтай үйл явц билээ.

Амиа егүүтгэх бодол гэдэг нь сэтгэц, нийгэм, сэтгэлзүй, биологийн шалтгаанаар амьд явах хэрэггүй, үхэх юмсан гэсэн бодол төрөхийг хэлэх бөгөөд энэ үед амиа егүүтгэх ямар нэг арга сонгоогүй зөвхөн бодол санааны түвшинд байдаг.

Амиа егүүтгэх бодол гүнзгийрсэн үед тухайн хүн амиа егүүтгэж болох аргыг өөртөө төлөвлөдөг. Харин амиа егүүтгэх аргыг сонгосон бол тухайн үйлдлийг хийх боломжтой орчин нөхцлийг хайж, тохироо бүрдсэн үед уг үйлдлийг гүйцэтгэдэг. Амиа егүүтгэх үйлдэл бүр нь үхэлд хүргэхгүй байж болох бөгөөд үүнийг амиа егүүтгэх оролдлого хэмээн тооцдог хэдий ч амиа егүүтгэх оролдлого нь мөн үзүүлэх хэлбэрийн үйлдэл байдаг тал бий.

Амиа егүүтгэх тохиолдлын шалтгаан, сэдэл

[засварлах | кодоор засварлах]

Э.Дюркгейм амиа егүүтгэх тохиолдлыг судалж “Амиа хорлохуй” хэмээх бүтээл туурвисан бөгөөд тэрээр амиа егүүтгэх үйлдлийг нийгмийн харилцаа, түүнд оролцох байдлаар нь 3 ангилсан байдаг. Үүнд:

Аминч буюу эгоист амиа егүүтгэл - нийгмээр баримталдаг хэм хэмжээ гажуудан, амьдралд нийцэмгүй хууль, дүрэм, журам олноор батлагдах, нийгмийн халамж дутагдсаны улмаас хувь хүн нийгэм хамт олноос тасран, амьдрал нь утга учиргүй болсон мэт санагдан өөрийгөө амьдралд гарах гарцгүй болсон хэмээн амиа егүүтгэхийг хэлнэ. Хамтач буюу альтруист амиа егүүтгэл - хувь хүн өөрөө шийдвэр гаргах, сонголт хийх боломж, эрх чөлөө, бие даасан байдлаа алдан хувийн эрх ашиг, сонирхол нь хамтын эрх ашигт захирагдах болсноос хувь хүн тэсвэрлэшгүй байдалд орж амиа егүүтгэхийг хэлнэ. Аноми амиа егүүтгэл - нийгмийн бүтцийн гэнэтийн өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, уналтын улмаас хүмүүс хуучин үнэт зүйлсийн баримжаагаа алдан, шинэ үнэт зүйл нь бүрдэж амжаагүй завсрын үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс нийгэмд тогтсон хэм хэмжээг мөрдөхийг хүсэхгүй амиа егүүтгэхийг хэлнэ. Амиа егүүтгэх үйлдэл хийж буй хүмүүсийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь харьцангуй эрүүл, сэтгэцийн эмгэгтэй хэмээн 2 ангилж үздэг боловч харьцангуй эрүүл хэмээн үнэлэгдэж байсан хүмүүс нь нийгэм, сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүмүүс байдаг.

Амиа егүүтгэх үйлдэл хийхэд биологи, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Тухайлбал: амиа егүүтгэсэн хүмүүсийн удамд амиа егүүтгэсэн, амиа егүүтгэх оролдлого хийсэн хүн байх, биемахбодын тавилан муутай өвчнөөр өвчлөх, улирлын байдал, ажилгүйдэл, хүн хоорондын харилцаа, сэтгэлзүйн гэмтэлд өртөх, стресс бухимдлаа зөв тайлах, даван туулах чадваргүй байх зэрэг хүчин зүйлс үүнд хамаарна. Сэтгэлийн тулгамдсан асуудалтай хүмүүсийн амиа егүүтгэхэд хүргэж буй нөхцөл байдлыг шалтгаан гэдэг бол сэтгэцийн эмгэгийн улмаас уг үйлдлийг хийж буй шалтгааныг сэдэл хэмээн нэрлэдэг. Эмнэлзүйн тохироо бүрдсэн үед сэтгэцийн ямар ч эмгэгтэй хүн амиа егүүтгэж болох боловч сэтгэцийн эмгэгүүд дотроос сэтгэл гутрал, шизофрени, архи болон мансууруулах бодисын хамааралд өртсөн, хүчтэй стрессийн улмаас сэтгэлзүйн гэмтлийн дараах хариу урвал, дасан зохицохуйн хямралд өртсөн хүмүүс илүүтэй амиа егүүтгэх үйлдлийг хийдэг бөгөөд үйлдлийн сэдэл нь өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байдаг.

Амиа егүүтгэхэд насны хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд хувь хүний насны үечлэл бүрд харилцан адилгүй сэтгэлзүйн тааламжгүй нөлөө үүсч байдаг. Тухайлбал хүүхэд амиа егүүтгэх үйлдэл хийхэд гэр бүлийн хүмүүжлийн өв тэгш бус байдал, бага насны сэтгэлзүйн гэмтэл, амиа егүүтгэсэн хүмүүсийг дуурайх (даган дуурайх сэдэл, Вертерийн хамшинж) сэдэл нөлөөлдөг бол бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртөгсөд (14.8%) амиа егүүтгэх эрсдэл өндөр байдаг ажээ (John. M Grohol. 2008). Хүүхэд насны биемахбод, бэлгийн хүчирхийллийн улмаас хүүхдэд сэтгэл гутрал, сэтгэлзүйн гэмтлийн дараах хариу урвал, сэтгэл түгшилт үүсч амиа егүүтгэх бодол үүсэх буюу амиа егүүтгэх эрсдэлд оруулдаг (Mehmet Eskin. 2012).

Амиа егүүтгэх арга, хэлбэр

[засварлах | кодоор засварлах]

Амиа егүүтгэхдээ ашиглаж буй аргуудыг амь насанд аюултай арга, аюул багатай арга хэмээн ангилж болох бөгөөд амь насанд аюултай аргад өөрийгөө боомилох, өндрөөс үсрэх, амин эрхтэн рүүгээ хутгалах, галт зэвсэг ашиглах, өндөр хүчдэлд цохиулах, усанд живэх, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл доогуур санаатайгаар орох, хортой эм, химийн бодис, хий ашиглах зэрэг олон аргууд ордог. Судлаачид сэтгэцийн хувьд харьцангуй эрүүл болон сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн амиа егүүтгэх арга нь адил байдаг гэж үздэг.

Амиа егүүтгэгчид нь ихэнхидээ ганцаар өөрийн амийг егүүтгэдэг. Мөн зарим тохиолдолд хамтын болон өргөтгөсөн амиа егүүтгэл үйлддэг. Хоёр буюу түүнээс олон тооны хүн үгсэн нэгдэж хамтарч амиа егүүтгэх үйлдэл үйлдэхийг хамтын амиа егүүтгэл гэнэ. Харин өөрөө амьдрах аргагүй болсноос гадна ойр дотны хүмүүс нь мөн зовж шаналж байгаа хэмээх итгэл үнэмшилд автан эхлээд ойр дотныхоо хүмүүсийг егүүтгээд (гомицид- бусдыг алах), дараа нь өөрийгөө егүүтгэх (суицид) үйлдэл хийхийг өргөтгөсөн амиа егүүтгэл гэсэн нэр томъёогоор илэрхийлдэг. Өргөтгөсөн амиа егүүтгэх үйлдлийг сэтгэцийн эмгэгтэй, ялангуяа сэтгэл гутралтай өвчтөнүүд үйлдэх эрсдэл өндөртэй гэж үздэг.

Амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийх тохиолдлын үнэлгээ, оношилгоо, эмчилгээ

[засварлах | кодоор засварлах]

Амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх хамгийн гол арга нь тухайн хүний тулгамдсан асуудлыг илрүүлэх, эмнэлзүйн ярилцлага хийх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах асуудал юм.

Амиа егүүтгэх төрх үйл бүхий хүмүүс нь амиа егүүтгэх бодол, төлөвлөгөөгөө бусдаас нуудаг ба амиа егүүтгэж болзошгүй сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүст танин мэдэхүй, төрх үйл, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдээр илэрдэг гэж үздэг. Тухайлбал:

Амиа егүүтгэж болзошгүй үйлчлүүлэгчид илрэх танин мэдэхүйн өөрчлөлт нь – ирээдүйд итгэх итгэлгүй, өөрийгөө бусдаас доогуур үнэ цэнэтэй, бусдад тус дэм үзүүлж чадахгүй, эд хөрөнгөгүй, гэр бүл нийгэмдээ хэрэггүй хүн, амьдрал утга учиргүй болсон гэх мэт буруу итгэл үнэмшил төрөх зэрэг шинжүүдээр Амиа егүүтгэж болзошгүй үйлчлүүлэгчийн төрх үйлийн өөрчлөлт нь – нийгмийн дунд биеэ авч явах байдал нь өөрчлөгдөх, дасан зохицох чадвар муудах, сэтгэлийн бухимдлаа тайлах гэсэн шалтгаар архи, мансууруулах бодис хэрэглэх, найз нөхдөөсөө хөндийрөх, хэн нэгэнд захиас сургаал хэлэх, бусдад түрэмгий төрх үйл гаргах, нийгмийн хэв журам зөрчих зэрэг шинжүүдээр Амиа егүүтгэж болзошгүй үйлчлүүлэгчийн сэтгэл хөдлөлийн өөрчлөлт нь - уурлаж бухимдах, гуниглах, хэн нэгнийг үзэн ядах, тулгамдсан асуудлаа даван туулж чадахгүй болсон мэт мэдрэмж төрөх, айдас түгшүүр төрөх зэрэг шинжүүдээр тус тус илэрнэ. Харин сэтгэцийн эмгэгтэй хүмүүст сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэг, хамшинжээс хамааран харилцан адилгүй шинжүүд илрэх бөгөөд Эрүүл Мэндийн Сайдын 2014 оны 180 тоот тушаалаар нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй 28 хамшинжийн жагсаалтыг батлан практикт мөрдлөг болгон ашиглаж байна.

Амиа егүүтгэх бодлыг илрүүлэх нь нилээд төвөгтэй асуудал байдаг бөгөөд эрсдэл бүхий үйлчлүүлэгчтэй эмнэлзүйн ярилцлагыг үндсэн 3 үе шаттайгаар явуулж тулгамдсан асуудлыг илрүүлж зохих тусламжийг үзүүлдэг.

Сэтгэцийн эмгэгтэй хүний амиа егүүтгэх эрсдэлийг үнэлэх нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүний амиа егүүтгэх эрсдэлийг үнэлэхээс арай хялбар байдаг.

Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгч амиа егүүтгэх эрсдэлтэй тохиолдолд сэтгэцийн эмгэгийг оношлон, сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг ба үйлчлүүлэгч өвчнийхөө улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд үйлчлүүлэгчийн асран хамгаалагчаас таниулсан зөвшөөрөл авч эмнэлгийн заалтаар албадлагын арга хэмжээ авч нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлдэг. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн хувьд амиа егүүтгэх болсон сэдлийг судлан тогтоож сэтгэцийн эмгэгийн шалтгаан, эмнэлзүйн шинж, хамшинжээс хамааран эмийн болон эмийн бус эмчилгээний аргыг ашигладаг.

Цөөн тохиолдолд сэтгэцийн эмгэг нь амиа егүүтгэх оролдлого хийснээр илэрдэг.

ДЭМБ-ын ангиллаар амиа егүүтгэх эрсдэлтэй эсэхийг 5 бүлэг болгон ангилж үнэлгээ өгдөг. Үүнд:

Р Х Л Л Тл Харин амиа егүүтгэх оролдлого хийсэн болон амиа егүүтгэсэн тохиолдлыг өвчний олон улсын ангиллаар Х кодоор тэмдэглэдэг.

Аль ч улс оронд амиа егүүтгэсэн тохиолдол нь илүү бодитой бүртгэгдэх боломжтой гэж үздэг ба амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдолд хэрэглэсэн арга нь тухайн хүний амь насанд аюул багатай үед эмнэлэгт хандахгүй, эмнэлгийн тусламж авдаггүйтэй холбоотой бүртгэлд хамрагдах нь хангалтгүй байдаг.

Түүнчлэн осолд орж нас барсан, усанд живсэн, түймэрт өртсөн, архины хордлогын улмаас нас барсан, золгүй тохиолдол хэмээн бүртгэгдсэн нас баралтын дотор амиа егүүтгэсэн тохиолдол байж болох юм хэмээн үзэж далд амиа хорлолт хэмээх нэр томъёог хэрэглэх болжээ.

Амиа егүүтгэх тохиолдол дэлхий дахинаа

[засварлах | кодоор засварлах]

Амиа егүүтгэх төрх үйлийн талаар Э.Дюркгейм судалснаас хойш дэлхий дахинаа илүүтэй анхаарч судлах болсон гэж үздэг. Дэлхийн амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх олон улсын холбоо нь (International Association for Suicide Prevention- IASP) жил бүрийн 9-р сарын 10-ны өдрийг амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлэх өдөр болгон, тодорхой уриан дор олон улсын түвшинд тэмдэглэдэг.

ДЭМБ-ын 2014 оны “Амиа егүүтгэхээс урьдчилан сэргийлье” тайлангаас үзвэл өнөөгийн байдлаар дэлхий дахинаа 800000 хүн амиа егүүтгэж нас бардаг бөгөөд дунджаар 40 секундэд нэг хүн амиа егүүтгэдэг байна. Амиа егүүтгэл нь бага болон дунд орлоготой орнуудын түвшинд өндөр байгаа төдийгүй 15-29 насныхны нас баралтын шалтгааны хоёрдугаарт амиа егүүтгэл орж байгаа нь аюулын харанга дэлдэж байна хэмээн тэмдэглэжээ. ДЭМБ-ын 2012 оны судалгаанаас үзэхэд амиа егүүтгэх тохиолдлын дэлхийн дундаж 100 000 хүн амд 11.4 (эрэгтэйд 15, эмэгтэйд 8), харин Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудад амиа егүүтгэл хүйсийн хувьд онцгой ялгаагүй 100 000 хүн амд 7.9 тохиолдол байдаг байна. Дэлхий дахинаа амиа егүүтгэх тохиолдол нь хүйсийн хувьд ялгаатай тухайлбал эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү амиа егүүтгэдэг. Амиа егүүтгэлийн улмаас нас барах тохиолдол нь дэлхийн хүн амын нас баралтын 1.4%, нас баралтын шалтгааны 15-р байрыг эзэлж байгаа ажээ.

Амиа егүүтгэхэд ашиглаж буй аргууд нь ихэнхидээ амь насыг нь аврах боломжгүй, шууд үхэлд хүргэх амь насанд аюултай арууд байдаг хэдий ч энэ аргууд нь улс орны ёс заншил, байгалийн орчин, тогтоц зэрэг онцлогоос хамаардаг. Дээрх тайлангаас үзвэл аль ч улс оронд амиа егүүтгэхэд хамгийн өргөн хэрэглэдэг арга нь өөрийгөө боомилох (50%), галт зэвсгээр өөрийгөө хөнөөх (18%) аргууд байна. Галт зэвсэг хэрэглэн амиа егүүтгэх тохиолдол нь АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад их байдаг бол хөдөө аж ахуй сайн хөгжсөн орнуудад хөдөө аж ахуйд хэрэглэдэг химийн бодисууд ялангуяа пестицид хэрэглэх, Гонг-Конг, Хятад, Сингапур зэрэг өндөр барилга бүхий улс орнуудад өндрөөс үсрэх, угаартах, химийн бодисын холимог хэрэглэх (Япон) зэрэг аргуудыг илүүтэй хэрэглэдэг байна.

Судалгааны дүнгээс үзвэл хүн ам амиа егүүтгэхэд ядуурал, дайн байлдаан, ялгаварлан гадуурхал, эмнэлгийн тусламжийн хангалтгүй байдал, хүн хоорондын харилцааны зөрчил, сэтгэцийн эмгэг, архи мансууруулах бодисын хортой хэрэглээ, хүчтэй өвдөлт бүхий архаг өвчнүүд, удамд нь амиа егүүтгэх оролдлого хийж байсан, амиа егүүтгэж байсан тохиолдлууд ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Амиа егүүтгэхэд хүргэдэг сэтгэцийн өвчнүүдийн дотор сэтгэл хөдлөлийн эмгэг (12%), архины хамааралд орох (7%), шизофрени (5%) зэрэг нь ихэнхи хувийг эзэлдэг.

Дэлхий дахинаа амиа егүүтгэх тохиолдлыг бууруулах зорилгоор 2013-2020 он хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан бөгөөд 2020 он гэхэд амиа егүүтгэх тохиолдлыг 10% бууруулна хэмээн төлөвлөсөн байна. Амиа егүүтгэх тохиолдлыг бууруулах боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тухайлбал АНУ-д галт зэвсгийн хэрэглээнд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд ашигладаг химийн бодист хяналт тогтоох, хүн амд сэтгэл зүй- сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлсний үр дүнд амиа егүүтгэх тохиолдлыг 20%-аар бууруулсан буюу 6000 хүний амь насыг аварсан үр дүнд хүрсэн ажээ (2010). Амиа егүүтгэх тохиолдлыг бууруулахад тусгайлсан бодлого, хөтөлбөр шаардлагатай байгаа бөгөөд өнөөгийн байдлаар амиа егүүтгэх үйлдлийг бууруулах асуудлыг тусгасан ямар нэг баримт бичиг боловсруулсан 50 орон байгаагаас 7 улс нь үндэсний хөтөлбөртэй байна.

Амиа егүүтгэх тохиолдол Монголд

[засварлах | кодоор засварлах]

Монгол улсад амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийх тохиолдлын тархалтын судалгаа 2 удаа хийгдсэн байна. Үүнд: Ш.Доржжадамба

  1. “Амиа егүүтгэхийг завдсан, амиа егүүтгэсэн тохиолдлын тархвар зүйг судалсан нь” сэдэвт судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд 2003 онд ДЭМБ-ын тэтгэлгээр хийсэн (Г.Цэцэгдарь, С.Бямбасүрэн, Най. Туяа. З.Хишигсүрэн... нар) Уг судалгааг 1991-2002 онуудад амиа егүүтгэсэн, амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдлыг УБ хотын цагдаагийн газар, Хордлогын төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Наркологийн төв, Гэмтлийн эмнэлэг, Сэтгэцийн клиникийн эмнэлгийн бүртгэл, өвчний түүхэнд эргэмж судалгааны аргыг ашиглан хийсэн болно. 1991-2002 онуудад Улаанбаатар хотын хэмжээнд амиа егүүтгэсэн, амиа егүүтгэх оролдлого хийсэн 5056 тохиолдол бүртгэгдсэнээс 1765 (34.9%) нь амиа егүүтгэсэн байжээ. Амиа егүүтгэсэн нийт тохиолдлын 80.9% нь эрэгтэйчүүд, насны бүлгээр авч үзвэл 31.2% нь 18-29 насныхан байсан. Амиа егүүтгэгчид нь ихэнхидээ өөрийгөө боомилох (60.4%), өндрөөс үсрэх (12.3%), иртэй, үзүүртэй зүйлээр биедээ гэмтэл учруулах (10.8%) аргыг ашиглан хаврын улиралд илүүтэй амиа егүүтгэсэн байлаа. Амиа егүүтгэсэн тохиолдлын дотор сэтгэцийн эмгэгийн улмаас амиа егүүтгэсэн тохиолдлыг тодорхойлох боломжгүй байсан.
  1. 2006 онд Хүний аюулгүй байдлын төвөөс “Монголын амиа хорлогсдын талаарх судалгаа”-г (Ц.Эрдэнэчулуун нар) хийсэн байдаг байна. Энэхүү судалгааны гол зорилго нь амиа егүүтгэх тохиолдлын тоог тусгасан тайлан, тоо мэдээнд тулгуурлан дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх, тохиолдлын тоог бууруулах талаар зөвлөмж гаргах асуудал байсан байна.
  1. 2003-2008 онуудад Монгол улсын хэмжээнд амиа егүүтгэсэн, амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдлыг судалсан билээ (З.Хишигсүрэн, Д.Оюунсүрэн, Г.Цэцэгдарь, С.Бямбасүрэн, Най.Туяа... нар)

ДЭМБ-ын 2014 оны тайланд дурдсанаар 2012 оны байдлаар Монгол улсад амиа егүүтгэсэн тохиолдол

100.000 хүн амд 261 тохиолдол буюу 15.5 байгаа бөгөөд хүйсийн хувьд эрэгтэйчүүд 214, эмэгтэйчүүд 47 байсан байна. Үүнээс үзвэл манай улсад амиа егүүтгэх тохиолдлын тоо 100.000 хүн амд 15.5 тохиолдол байгаа нь дэлхийн дунджаас (11.4) дээгүүр байна.

Монгол улсын хэмжээнд амиа егүүтгэх оролдлого хийсэн болон амиа егүүтгэсэн тохиолдлыг бүртгэх албан ёсны мэдээллийн хуудас боловсруулан батлуулж, бүртгэлийн нэгдсэн сүлжээтэй болох Яаралтай тусламжийн төв, Гэмтэл, Хордлогын төв, Хүчирхийллийн эсрэг төв зэрэг байгууллагууд үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах Хүн амд үзүүлэх сэтгэлзүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн бүртгэл, оношилгоо, эмчилгээг улам сайжруулах Хүн амыг амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийхэд хүргэж болзошгүй шалтгаан сэдлийг судлан тогтоож, судалгааны үр дүнд суурилсан тусламж үйлчилгээг зохион байгуулах Гэр бүлийн, үе тэнгийнхний дарамт, хүчирхийллийг бууруулах Нэр хаяггүй сэтгэлзүйн зөвлөгөөний төв байгуулах, эсвэл утсаар зөвлөгөө өгөх тогтолцоог бий болгох Хүүхдийн хүчирхийлэл, амиа егүүтгэх төрх үйлийн харилцан хамаарлыг судлан тогтоох, урьдчилан сэргийлэх Хүн амд бухимдлаа тайлах энгийн аргуудыг хэвшүүлэх ДЭМБ-ын зөвлөх урьж ажиллуулах, сургалт зохион байгуулах Хүн амд амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага бичиж хэвлүүлэх, мэдээлэл өгөх Амиа егүүтгэх, амиа егүүтгэх оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

Егүүтгэх-Төрөл арилжуулах, үгүй болгох, алах: бусдыг егүүтгэх (бусдын амь насыг хохироох), өөрийгөө егүүтгэх (амиа хорлох), төрөл егүүтгэх (төрөл арилжих), үгээр егүүтгэх (үгээр дайрч давшлах, үгээр алах) - Тэрбээр өөрийгөө егүүтгэж, эцэст нь өөрийгөө цаазын тавцанд хүргэв. “Утга зохиол урлаг” сонин;

Wikibooks
Wikibooks
Wikibooks: Амиа егүүтгэх – Сурах бичиг, зааврууд
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Амиа егүүтгэх – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Амиа егүүтгэх – Викимедиа зураг, бичлэг, дууны сан