Jump to content

Морины уралдаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Морин уралдаан-с чиглүүлэгдэв)
Улсын наадмын соёолон насны уралдаан Хүй долоон худагт 2011-07-12
Хурдан морьдын уралдаан
Бариан дээрээс уралдааны морьд гараа руу хөдөлж байна
Хурдны морь хөлсөлгөө буюу мориний бие халаалт бэлтгэл
Хурдан морьдын уралдаан

Морины уралдаан бол Монголчуудын эртний уламжлалт тэмцээн наадмын нэг юм. Монгол адуу нь хамгийн эрс тэс цаг уурт олон мянган жилээр хувьсан амьдарсаар ирсэн тул маш тэсвэр хатуужилтай, бусад төрлийн морьдоос өвс тэжээл голдоггүй, өл даадаг гээд олон давуу чанаруудтай байдаг.

Монголчууд 5000-6000 жилийн тэртээ морийг анх гаршуулан унаж хэрэглэсэн байдаг. Энэ үеэс мориороо уралдаж эхэлсэн бөгөөд цаашлаад найр наадамд морь уралдуулдаг уламжлал тогтсон байдаг. Яваандаа хурдан морины удам угшил гаргаж эхэлсэн бөгөөд түрүүлсэн морины эзэн алдар нэртэй болж хөгжсөөр энэ нь нэг ёсны урлаг, шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна. Хурдан морины тухай дуу, аман зохиол ихээр гарах болжээ. Нүүдэлчдийн салашгүй нэг хэсэг болсон адуу мал, түүний дотор хурдан адуу эзнээ баярлуулж цаашлаад төрсөн нутаг усаа алдаршуулдаг байжээ.

Дэлхийн бүх морины тоноглол нь Монголоос гаралтай болохыг Монголын эрдэмтэд болон Америкийн их сургуулиуд нотлосон гэдэг. Мөн дэлхийн бүх үүлдрийн морины өвөг эцэг нь монгол мориноос гаралтай болохыг Оросын генетикийн их сургууль батсан тухай мэдэгдсэн байдаг.

Монголд нутаг нутгаар бага зэрэг ялгаатай дүрмээр морьдыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн морьдыг даага, шүдлэн, хязаалан, соёолон, их нас ба азарга хэмээн ялган уралдуулах болжээ.

XII жарны шороон үхэр жилийн (1709 он) зуны дунд сарын 28-ны өдөр, Бүрэн хааны өвөр Ивэн голын орчимд Очирай Түшээт хан тэргүүгэй засаг ноёдын хэлэлцэн тогтоосон гурван хошууны "Халх журам" гэж алдаршсан цаазыг гаргажээ. Энэ цаазад хурдан морь уралдуулах 17 заалтыг "нэгэн зүйл" хэмээн бүлэглэжээ. Үүнд:

  1. Морь уралдахад засуулаас гадна 4 сайдаар гэрч тавих.
  2. Гэрч сайд тэмдэг авч очоод уралдах хэмжээний газарт хурч, тэрхүү тэмдгээ ил гаргамагц уралдах.
  3. Тэмдэгт газарт хүрэлгүй зуураас уралдахул засуул ноёноос морь, таж тавнангаас үхэр, энгийн засуулаас хонь авна.
  4. Уралдагч хүү урдаар давхих бол уралдагч морийг авч унасан хүүг 10 ташуурд.
  5. Морийг хөтлөхгүй. Хэрэв хөтлүүлэн одох бол унасан морийг нь аваад унасан хүүг 10 ташуурд, тэр зуурчилж уралдсан хүнийг хүн одож авчирвал мөрийг авах.
  6. Засуул угтуулаас гадна зарлиггүй хүн очхул унасан морийг авах. Дутуу авчирхул хээрийн баянаас гүйцээж аваад, гадна нэг мориор баалж авах
  7. Эс ирсэн ноёдын байг холбоготой нь нэмж авах.
  8. Хөгшин морины шүдийг үзэхийн урьд харихул бай өгөхгүй.
  9. Түрүүлж ирсэн морь удаах мориноосоо бүхий л биеэ өнгөрөхүл гарсанд тооцох. Харин уралдагч морины зарим бие үлдсэнийг гарсанд тооцохгүй.
  10. Хоёр морь чацуу ирэхүл адгийн тэмдэг хүртэл нь аль гарвал түүнийг тооцох. Тун эс гарахул дахиж уралд.
  11. Байд орох морь ойчоод хүү явган гүйж орохул тооцох.
  12. Засуул угтуул хүүд ташуур өгөхгүй. Хэрэв өгвөөс өгөгчөөс морь авах.
  13. Уралдсан морины биеийг цохихгүй.
  14. Уралдах хүүг их бага гэхийн алийг эзний дураар мэдтүгэй.
  15. Ах настай морийг доош оруулж уралдахгүй. Дүү настыг дээш ах насанд оруулж уралдахад гэмгүй.
  16. Уралдах морины нас лав дөрвөн захаас нааш орох.
  17. Турүүлсэн их нас, соёолон морийг ноёд хэрэглэж авах бол нэг тэмээ, найман адуу хайрлаж авна. Түрүүлсэн хязааланд нэг тэмээ, зургаан адуу, тэргүүлсэн шүдлэнд нэг тэмээ, дөрвөн адуу, тэргүүлсэн дааганд нэг тэмээ, хоёр адуу өгч авч бай гэжээ.

Уралдааны бэлтгэл буюу морь уях

[засварлах | кодоор засварлах]

Монголчуудын эртний морин уралдааны явцад уралдах морийг нарийн тэжээх, сойх аргачлалаар илүү хурдан болгох арга зүй үүсэн бий болжээ. Энэ аргыг морь уях хэмээн нэрлэдэг. Морийг тусгайлан нэг сар, эсвэл бүтэн жилийн турш буюу тасралтгүй уралдаанд бэлдэж уях тохиолдол байдаг. Нутаг нутгаар бага зэргийн ялгаатай арга зүйгээр морийг уядаг.

Морь унагч хүүхдийг мөн тодорхой хэмжээтэй хоол өгч тодорхой байдлаар сойнго уралдуулдаг.

Уралдааны журам

[засварлах | кодоор засварлах]
  • Уралдааны өмнөх 1-2 өдөрт бүх морьдыг бүртгэж, зүсэлж тэмдэглэхээс гадна морьдын шүдийг үзэж насыг нь нарийвчлан шалгаж хянадаг.
  • Морьд эхэлж бариан дээрээс гараа руу 27 км орчим газарт шогшиж хүрнэ.
  • Гараан дээр бүх морьд хүрэнгүүт 1-2 шугамд морьдыг уралдах чигийн эсрэг харуулан эгнээн зогсоогоод буудах дохио өгч бүх морьдыг эргүүлж уралдааныг эхлүүлнэ.
  • Барианд ирсэн эхний 5 морийг барьж, гол шагналыг олгодог, бусад морьдыг ирсэн дарааллаар барьж байрыг тогтоодог. Хамгийн түрүүнд ирсэн морийг Түрүү, хоёрт ирсэнг Аман хүзүү, гуравт ирсэнг Айргийн Гурав, дөрөвт ирсэнг Айргийн дөрөв, тавд ирсэнг Айргийн Тав гэж тусгайлан нэрлэдэг уламжлалтай.
  • Дааганы уралдаанд хамгийн сүүлд ирсэн даагыг барьж, "Баян ходоод" хэмээн цоллож түрүүлсэн даагтай ижил шагнал олгодог.

Морь уралдааны үед зарим цөөн морьд хүүхэд нь унаад эзэнгүй орж ирдэг, энэ үед нэг байраар ухрааж байрыг тогтоодог, зарим тохиолдолд огт байр өгдөггүй. Уралдаанд ямар нэгэн журам зөрчсөн морьдыг хасаж, огт байр өгдөггүй.

Хурдан морийг насны ангиллаар нь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд заасны дагуу Азарга 22-24 км, Их нас 24-26 км, Соёолон 18-20 км, Хязаалан 15-17 км, Шүдлэн 12-14 км, Даага 10-12 км-т тавьж уралдуулдаг.

Түрүүлсэн морийг Баярын магнай Аман хүзүүний морийг Жаргалант хүлэг 3т хурдалсныг Наран мандал 4т хурдалсныг Начин шонхор 5т хурдалсныг Идэр заан Түрүүлсэн Азарга Их насанд 1 түрүүлбэл Түмэн эх 2 түрүүлбэл Манлай эх 3аас дээш түрүүлбэл Ажнай хүлэг Түрүүлсэн Соёолон Хязаалан Шүдлэнд 1түрүүлбэл Идэр жигүүр 2түрүүлбэл Аранзал хүлэг 3аас дээш түрүүлбэл Аргамаг хүлэг Түрүүлсэн Дааганд Сүмбэ шагай

Хууль эрх зүйн асуудлууд

[засварлах | кодоор засварлах]

Дэлхийн морьдын уралдаанд үргэлж насанд хүрсэн хүмүүс хурдны морийг унадаг, харин Монгол улсад ихэвчлэн 5-12 насны хүүхдээр хурдны морь унуулдгийг сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийн байгууллагууд эрс эсэргүүцэж, том хүн, өсвөр насны хүүхдээр морь унуулах талаар эрх зүйн ажиллагаануудыг зохиож хийж байна. Ялангуяа өвөл морь уралдуулахад унаач хүүхдүүд хөлдөх осгох аюул их гардгаас ТББ-уудын эсэргүүцэл эрс ихсэж, 2016 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар жил бүр 11 сарын 1-нээс 5 сарын 1 хүртэл хугацаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Гэсэн ч Засгийн газраас баталсан 2017 оны морин уралдааны хувьаарьт өвлийн уралдаанууд багтсанаас болж ТББ-ууд шүүхэд хандаж, улмаар 2017 онд өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлэх захирамж гарчээ. Ийнхүү шүүхийн захирамж гарсан хэдий ч засгийн газрын шийдвэрийн дагуу "Дүнжингарав 2017" хурдан морины өвлийн уралдаан төлөвлөгөөний дагуу зохион шүүхийн шийдвэрийг үл ойшоосон хэмээн шүүмжлэгдэж байв.

Жил бүр Монголд морины уралдааны үед хүүхдүүд мориноос унаж гэмтэх, амь насаа алдах тохиолдол олон арваараа гардаг. Үүнээс болж хүний эрхийн байгууллагууд болон хүүхдийн эрхийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлүүлэх эрх зүйн асуудлууд гарсаар байна.

 Commons: Морины уралдаан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Морины уралдаан – Энэ үгийг тайлбар толиос харна уу