Jump to content

Нүүдэлчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Нүүдэлчид-с чиглүүлэгдэв)
Америкийн индианчууд

Нүүдэлчид (номадизм, грек. νομάδες, nomádes — нүүдэлчид) гэж мал ахуйгаа дагаж, газар сэлгэн нүүж амьдардаг ард түмнийг нэрлэдэг байна. Нүүдэлчин амьдралын хэв маяг нь газарзүйн, эдийн засгийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалж өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг. Энэ бол эдийн засгийн хөгжлийн өвөрмөц арга хэлбэр юм. Нүүдэлчид амьдралынхаа суурь болсон мал аж ахуйгаа дагаад байгаль-газарзүйн онцлог тохируулан амьдрахаас өөр аргагүй байсан юм. Малын тоо толгой өсөхийн хэрээр тэд шинэ бэлчээр хайхаар байнга нүүх шаардлагатай болсон нь нүүдэлчин амьдралын хэв маягийг бий болгоход хүргэсэн гэж үздэг.

Нүүдэлчдийн соёл нь бэлчээрийн мал аж ахуй байхын зэрэгцээ хүн ам, мал сүргийн ихэнх хэсэг нь үе үе нүүдэллэж байдгаараа онцлог. Ерөөс нүүдлийн соёл нь ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, соёл, ахуйн өвөрмөц хэв маягийг өөртөө тээж байдаг бүхэл бүтэн ертөнц юм. Нүүдэлчид мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой хуурай тал, хагас цөл, өндөр уулсын бүсээр аж төрж иржээ.

Нүүдлийн ахуй оршин тогтнох зайлшгүй нөхцөл гэдэгт: 1) их бага хэмжээгээр ой модгүй орон зайтай байх, 2) байнгын цасан хучлагагүй буюу эсвэл цасны зузаан нь 40см-ээс хэтрэхгүй байх, 3) суурьшмал хот суурин, тосгонтой их бага хэмжээгээр хөрш зэргэлдээ амьдрах зэргийг шаарддаг байна.

Нүүдэлчдийг эдийн засаг, суурьшсан түвшнээр нь үндэслэж:

  • Нүүдлийн
  • Хагас нүүдлийн буюу хагас суурьшмал
  • Бэлчээрийн
  • Хагас бэлчээрийн буюу зуслант (зуны өндөр уулан дахь бэлчээрийг түрэг хэлэнд яйлаг, жайлау хэмээх үгээр тэмдэглэдэг) гэж ангилдаг байна.
  • Босоо нүүдлийн буюу уул тал хослуулсан нүүдэл

Хэвтээ буюу өргөрөгийн, босоо буюу уртрагийн дагуу нүүдэлдэг, мөн тойрог байдалт нүүдэл гэсэн ангилал бий. Энэ ангиллын үүднээс мөчидхөн харвал халимагууд нь өргөргийн дагуу нүүсээр баруун тийш тасран одсон бол хөх нуур, шинжаан уйгарын монголчууд уртрагийн дагуу нүүдэг байсаар маниасаа тасран одсон болтой. Харин тойрон эргэх байдлаар нүүдэг нүүдэлчид нь одоогийн голомтоо сахин үлдсэн байх магадлалтай.

Газар зүйн хувьд нүүдэлчдийг зургаан гол бүсэд хуваадаг байна.

1. Евразийн тал - таван хошуу мал (адуу, том эвэрт үхэр, хонь, ямаа тэмээ. Бид таван хошуу мал гэдэгт юу ордгийг нэг бүрчлэн мэддэг бол гадныханд энэ нь харь ойлголт юм) үржүүлэн өсгөдөг монгол, казах, түрэг, киргизүүд орно. Энэ бүс нутагт нүүдэлчид талын хүчирхэг гүрнүүдийг (скиф, хүннү, түрэг, монгол гэх мэт) үүсгэж байсан юм.

2. Ойрхи Дорнод – мухар эвэрт үхэр болон уналга эдэлгээнд адуу, тэмээ, илжгийг өргөнөөр ашигладаг бахтияр, бассер болон пуштун зэрэг нүүдэлчид үүнд багтана.

3. Аравийн элсэн цөл, Сахар – тэмээний аж ахуй эрхлэдэг бэдэн, туарег зэрэг нүүдэлчид оршин амьдрана.

4. Дорнод Африк, Сахарын өмнөх саванн – том эвэрт үхэр өсгөн үржүүлдэг нуэр, динк, масайчууд амьдардаг байна.

5. Өвөр азийн өндөр уулсын бүс болох Төвд, Памир ба өмнөд Америкийн Андын нуруу – сарлаг, лам гөрөөс, альпак өсгөн үржүүлдэг оршин суугчид багтана.

6. Хойд зүгийн буюу субарктикийн бүс – цаа бугын аж ахуй эрхлэдэг саам, чукча, эвенкүүд оршин амьдрана.

Нүүдэлчид дэлхийг нэгтгэсэн гүрнийг байгуулж, суурьшмал соёл иргэншлүүдийг захирч, тэдгээрийн хооронд зуучийн үүрэг гүйцэтгэж байсан бол өдгөө бэлчээрийн талхдал, хомсдол, цөлжилт, ядууралд улам бүр автаж, даярчлалын давалгаанд цохигдон, суурьшмал соёл иргэншил, аж үйлдвэрийн эдийн засагт улам бүр түрэгдэн шахагдсаар. Одоо дэлхийн хүн амын 0.5 хүрэхгүй хувь буюу нийт 35-40 сая нүүдэлчид хойд, өвөр, төв ази болон ойрхи дорнод, африкт нүүдлийн мал аж ахуйгаа үргэжлүүлэн эрхэлж байна. Зөвхөн Нигер, Сомали, Мавритани зэрэг африкийн улс орнуудад л хүн амын зонхилох хувь нь нүүдэлчид эзэлдэг байна. Харин Монголд хүн амын 20 хувь нь л нүүдэлчин хэвээр үлдэж, энэ тоо жилээс жилд буурсаар байгаа аж.

Өдгөө нүүдэлчин гэгдэх ард түмэнд Австралийн уугуул иргэд-абориген, Бэдэн, Масай, Пигмей, Туарег, Монгол, Төвд, Саамичуудыг батгаадаг болсон байна.

Харин түүхэнд нүүдэлчин байсан угсаатнуудад – скиф, авар, монгол, азербайжан, башкер, киргиз, печенег, полов, сармат, үзбек, хазар, казах, цыган, түрэг, туркменүүдийг тооцдог ажээ.