Оксфордын Их Сургууль

(Оксфордын их сургууль-с чиглүүлэгдэв)
Оксфордын Их сургуулийн Хэвлэл мэдээллийн байр

Оксфордын Их Сургууль (Англи: The Chancellor, Masters and Scholars of the University of Oxford) бол Англи улсын Оксфорд хотод байрладаг дэлхийд тэргүүлэгч судалгааны сургуулиудын нэг юм. Хэдийгээр энэ сургуулийг яг хэзээ байгуулсан нь тодорхойгүй ч одоогоос 900 гаруй жилийн өмнө 1096 онд хичээллэж байсны баталгаа байдаг гэнэ. Иймээс англи хэлтний ертөнцийн хамгийн эртний сургууль хэмээн өргөмжлөгддөг байна. Мөн одоо үйл ажиллагаа явуулсаар байгаа дэлхийн хамгийн эртний сургуулиудын жагсаалтад Болоньягийн их сургуулийн араас хоёрдугаарт жагсдаг баялаг арвин түүх, соёлтой сургууль юм. 1167 онд Английн эзэн хаан II Хэнри англи оюутнуудыг Парисын их сургуульд (Сорбон) суралцахыг хориглосноор Оксфордын их сургууль улам бүр өргөжин тэлсэн гэж үздэг.

Өдгөө Оксфордын их сургууль 39 их сургуулийн хагас бие даасан коллеж, зургаан нэрэмжит танхимаас бүрдсэн 22 мянга гаруй оюутантай томоохон сургууль болтлоо хөгжжээ. Их Британийн хамгийн том их сургуулийн номын сангийн сүлжээ энэ сургуульд байдаг. Нийт 190 км гаруй үргэлжлэх тавиуруудад 11 сая гаруй ном байдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Британийн номын сангийн араас нэгдсэн вант улсдаа хоёрдугаарт ордог байна. Мөн Оксфордын музейнүүд болон цуглуулгууд дэлхийд алдартай. Тухайлбал, Их Британийн анхны музей гэгддэг Ашмола музей Оксфордын их сургуулийн харьяанд байгуулагдаж байжээ. Энэ музей мөн дэлхийн хамгийн анхны их сургуулийн музей хэмээн өргөмжлөгддөг байна. Микеланжело, Пикассо, Тернер, Леонардо Да Винчигийн бүтээлүүдийг эндээс олж үзэх боломжтой. Мөн хотын зүүн хойд хэсэгт орших 0,3 орчим км квадрат талбайг эзэлдэг их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгүүд гээд Оскфордын их сургуульд онцлох зүйл олон байдаг. Оксфордын их сургуулийн нийт суралцагсадын 3-ны нэгийг, бакалаврын түвшний оюутнуудийн 14 хувийг дэлхийн 130 гаруй орны төлөөлөл болсон олон улсын оюутнууд эзэлдэг байна.

Оксфордын Их сургуульд 2020 оны байдлаар 20000 оюутан сурдаг бөгөөд 4/1 нь гадаад оюутнууд байдаг ажээ. Зуны хэлний сургуулиуд нээгдэх үед оюутны тоо эрс нэмэгддэг байна. Оксфордын ректор -сэр Крис Паттен.

Оксфордод эмэгтэйчүүдийг 1920-иод онд сургаж эхэлсэн бөгөөд 1970-аад хүйсээр ялгаварлан тусгаарлаж сургадаг байдлаа зогсоосон байна.

Оксфордын Их сургуулийг төгсөгчдөөс маш олон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн гайхалтай зүтгэлтнүүдийн гарч ирсэн юм - Кристофер Врен, Жон Толкиен, Льюис Кэрролл нар багшилж, Рожер Бэкон, Маргарет Тэтчер нар суралцаж байжээ. Их сургуулийг төгсөгчдийн дунд 28 Их Британийн Ерөнхий сайд, дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн нар байдаг. 2020 оны аравдугаар сарын байдлаар Оксфордын их сургуульд Нобелийн шагналт 72, Филдсийн 3 медальтан, Тюринг шагналын 6 шагналтан Оксфордын их сургуульд суралцаж, ажиллаж, дадлага хийж байсан. Төгсөгчид нь 160 Олимпийн медаль хүртэж байжээ.