Jump to content

Идеологи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Социал төрийн үзэл санаа-с чиглүүлэгдэв)

Идеологи (ideology, idea - ойлголт, үзэл санаа ба logos - үг сургааль) - нийгэм, улс төрийн бүлэг, нам, хувь хүн үйл ажиллагаандаа баримтлах үнэт зүйл, зарчмуудын цогцын үзэл суртал гэнэ. Баруун европыг бүхэлдээ хямралд автаад байсан XV зуун буюу сэргэн мандлын эхэн үед үүссэн бөгөөд энэ үед нийгэм болон хувь хүний ухамсрыг шашны нөлөөнөөс чөлөөлөх секуляризаци өрнөж байсан. Улмаар XVII зуунаас хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч зэрэг үнэт зүйлсээр үзэл суртлын систем хөгжсөн байна.

Үзэл суртлыг нийгэм улс төрийн парадигмаар нь барууны, төвийн, зүүний үзэл суртал, Нийгмийн дэвшилд хандах хандлага, зорилгоо хэрэгжүүлэх арга шалгуураар нь: консерватив, реформист, радикал; түвшингээр нь онолын, улс төрийн мөрийн хөтөлбөрийн, үйл байдлын гэж ангилна. Үзэл суртлын дараах үндсэн хэв маягууд оршиж байна. Үүнд: либерализм, консерватизм, социализм, социаль-демократизм, фашизм зэрэг болно. Тэрчлэн орчин үед феминизм, экологизм, национализм, глобализм зэргийг үзэл суртал гэж тооцох болсон.

Эрх чөлөөний болон тэгш ёсны зарчмыг ухаалгаар хослуулах, хүний эрх, эрх чөлөө бодитой хэрэгжих нийгмийн орчныг бүрдүүлэх нь социал төрийн үндсэн үзэл санаа мөн.Социал төр хэмээх ойлголтыг XIX зууны төгсгөлд германы эрдэмтэн Л.Штайн судалгааны эргэлтэд оруулжээ. Тэрээр "нийгмийн янз бүрийн давхраа, хувь хүний эрхэд туйлын тэгш байдлыг төр өөрийн эрх мэдлийн хүрээнд хангах, эдийн засгийн болон нийгмийн дэвшилд өөрийн бүх иргэдийг дэмжих үүрэгтэй. Энэ нь эрх чөлөөт байдлыг хангахад тусална" гэжээ. Социал төрийн үзэл санаа Британий парламентаас лейборист засгийн газарт санал болгосон Бевериджийн төлөвлөгөөнд (1942 он), улмаар 1949 онд ХБНГУ-ын Үндсэн хуулинд туссанаас хойш өргөн тархаж, тал бүрээс судлагдах болсон.