Jump to content

Тат Луанг Их суварга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Тад Луанг Их суврага-с чиглүүлэгдэв)

Тат Луанг Их суварга нь Лаосын үндэсний бэлгэдэл, лаос түмний их шүтээн болсон суварга бөгөөд 2000 гаруй жилийн тэртээ анхны шав нь тавигдаж, өдгөө Бурхан Буддагийн ариун чандрын хэсгийг хадгалж байгаа гэж үздэг.

Лан Сангийн хаан Сетатират 1563 онд жижиг тосгоныг нийслэлээ болгож, улмаар 1566 онд Тат Луанг Их суваргыг өнөөгийн хэлбэрээр нь босгосон гэж үздэг. Энэ ч үүднээс уг Их суваргын өмнө Сетатират хааны хөшөөг байгуулсан байдаг болно. Тухайн үеүүдэд Лаос орон хөрш улсуудын /1827 онд Сиамын армийн халдлага/ дайралтад удаа дараа өртөхөд Их суварга ихэд эвдэрч сүйрч байсан бөгөөд 20 дугаар зууны эхээр францууд 1900, 1930 онуудад сэргээн засварлах ажил хийсэн бөгөөд Тайландын Эрхэмсэг гүнж Сириндхорны ивээл дор 2003 онд дахин сэргээн засварлаж алтадсан байна.

Их суваргын баруун гар талд Тад Луанг сүм орших ба уг сүм нь Бурханы шашны төв сүм бөгөөд Лаосын Хамба ламтан залран суудаг тул төв сүм гэж ярьдаг болно. Жил бүрийн 11 дүгээр сард Лаосын цаг тооллын хуанлийн дагуу Тад Луанг Их суваргын баярыг тэмдэглэж, улс орны муж бүрийн хийдүүдээс лам хуврагууд залран ирж хурдаг бөгөөд, сүсэгтэн олон ирж мөргөл үйлддэг уламжлалтай.

Энэ суварга нь орчин үеийн Лаосын бэлгэ тэмдэг болж, өмнө тус улсын сүлд дээр байсан алх, хадуурыг авч оронд байрлуулсан байна.

Тат Луанг Их суваргыг засварлаж байна (2009)