Дондовын Пүрэвдамба

(Dondoviin purevdamba-с чиглүүлэгдэв)

АРДЫН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАН ДОНДОВЫН ПҮРЭВДАМБА Түшээт Хан аймаг, Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Булган сумын нутагт 1892 онд төржээ. Бага, залуу насандаа аав ээждээ туслан малын ажлаар амьдарч явжээ. 1921 онд Ардын журамт цэрэгт орж харийн дайсныг бут цохих, эх орноосоо хөөн зайлуулахад идэвхтэй оролцож яваад хувьсгал ялсны дараа журамт цэргээс халагдаж малын ажлаар амьдарч явжээ.

Их жанжин Д. Сүхбаатарын журамт цэрэг Хиагт хотыг эзлэн авсны дараа 1921 оны 4-р сард орон нутгаас 19 наснаас дээш эрчүүдийг уналга морины хамт цэргийн албанд татсанаар миний бие Хиагт хотноо ирж Сүхбаатарын цэрэгт орж билээ. Энэ үеэс Хиагт хотоос баруун тийш Буур, Цагаан Ус, Хавтгай, Жирэгтэй зэрэг таван харуул, Хиагтаас зүүн тийш Хяран, Хүдэр зэрэг дөрвөн харуул, өмнө зүгт Ивцэгийн давааны нуруугаар, баруун өмнөдөд Шаамарын дээд бүдүүний тавилангаар хиллэсэн ихээхэн нутаг нь Ардын түр засгийн газрын мэдэлд ороод байсан цаг. Энэ нутгийг цэргийн хүчээр хамгаалан барих нь тодорхой билээ. Үүний зэрэгцээ журамт цэргийн хороо, ангиудад Зөвлөлт улсаас цэргийн сургагчдыг урьж ажиллуулав. Тэдгээр сургагчид ихэвчлэн халимаг хүмүүс байлаа. Монголд үүрлэн бугшиж байгаа цагааны зандалчин дээрэмчдийг бут цохиход цэргийн тусламж үзүүлэхийг Зөвлөлт Орос улсаас Монгол ардын нам, Ардын түр засгийн газар хүсчээ. Тэрхүү хүсэлтийг Зөвлөлт Орос Улсын засгийн газар найртайгаар хүлээн аваад 1921 оны 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр аялан байлдах корпусын девиз, хороонууд манай улсад орж ирсэн юм. Тэр корпусыг К.А.Нейман даргалжээ. Мөн цагааны цэргүүдийн байрлалыг тагнан олох, ухуулах бичиг хаяхад зориулан зөвлөлтийн армиас Ардын журамт цэргийн мэдэлд байлдааны нисэх онгоцыг экипажийн хамт томилон ирүүлсэн нь үнэхээр их чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Журамт цэрэг, ардын хувьсгал, халимаг сургагч, улаан цэрэг, нисэх онгоц эд бүхэн нь шинэхэн журамт цэрэг бидэнд цөм шинэ бөгөөд гайхамшигтай үйл явдлууд байлаа. Монгол Зөвлөлтийн цэргийн командлал цагаан цэргийнхнийг устгах төлөвлөгөө боловсруулжээ. Модон Хөл харуулын чиглэлд дэд жанжин Х.Чойбалсангийн захирсан баруун замын тусгай ангийн цэрэг П.Е.Щетинкиний захирсан сибирийн алдарт партизан цэргийн отряд явж Модон хөлийн даваагаар давж Олон нуур гэдэг газар байрлав. Энэ баруун замын цэргийн дотор би оролцсон юм. Хатанбаатар вангийн хошууны ард Дамдиндорж шилдэг хориод морио манай цэргийн хэрэгцээнд туслаад өөрөө журамт цэрэгт элсэн орлоо. Ард олны энэ мэт тусламж дэмжлэгийн ачаар ардын журамт цэргийн баруун замын тусгай ангийн уналга сэлбэгдэж цэргийн тоо 200 гаруй боллоо. Монгол, Зөвлөлтийн цэрэг цагаантан Казаграндын цэргийг Намнан уулын ар, Эгийн гол, Тээлийн дөрөлж зэрэг газраар үлдэн хөөв. Дайсан зугтан явсаар Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу (Хөвсгөл аймгийн Рашаант сум)-ны нутаг Дарви бандид гэгээний хүрээг эзлэн хоригложээ. Монгол Зөвлөлтийн цэрэг хориглосон дайсантай ширүүн тулалдаан хийж дайсны наяад цэргийг устгах буюу шархдуулав. Шөнө харанхуй болоход дайсан этгээд самбаачлан зугтаж Заяын хүрээг чиглэн явжээ. Энэ тулалдаанд манай талаас Гилаан нуурын Содномдаш, Очир нар баатрын ёсоор амь үрэгдэж, Л.Ласаг, Дэмбэрэл, Цэгмэд нар нилээд хүнд шархадсан байлаа. Цагааны хурандаа Казаграндын байлдааны ажиллагаа олиггүй болж Заяын хүрээнд иржээ. Тэгтэл Атаман Сухарев Казаграндыг Заяын хүрээнд буудан алаад түүний бригадыг өөрөө командлан зүүн өмнө зүг явсан байв. Дэд жанжин Чойбалсангийн баруун замын тусгай ангийн цэрэг, Төмөрбаатар (Щетинкин)-ын цэрэгтэй Зэлтэр харуулын хавьд буудаллаж байсанд зөвлөлтийн улаан цэргийн 104, 105 дугаар буудлагын бригадууд хүрэлцэн ирэв. Тэгээд Дух нарс, Ингэт толгой зэрэг газар үүрлэн бүхий Унгерн, генерал Резухиний цэргийг бүслэн цохихоор 7-р сарын арван тавдын үеэр монгол, зөвлөлтийн цэргүүд тусгай чигээр давшив. Х.Чойбалсангийн захирсан баруун замын тусгай ангийн цэрэг П.Е.Щетинкиний отряд хамтран бэрхшээлтэй замыг туулан 7-р сарын 20-нд Ацын давааг эзлэн авч дайсны ухран зугтах замыг хаав. Мөн зөвлөлтийн улаан цэргийн ангиуд дайсны нөгөө талуудаас нь хумхиж цагаантныг бүслэв. Гэтэл 20-ны шөнө тун ширүүн бороо орсныг далимдуулан Унгерн Ацын давааны хажуугийн эгц өндөр нуруугаар даван зугтсан байв. Дух нарсны энэ тулалдаанд дайсны долоон зуугаад хүн алагдах буюу шархдаж манай цэргүүд олон тооны буу, сум хэрэгсэл олзлов. Түүний дараа дэд жанжин Х.Чойбалсангийн баруун замын гол цэрэг Дайчин вангийн хүрээг эзлэн авч мөн гүн Сундуй, гүн Дашдэмбэрэл нарын хошууг цагааны дээрэмчдээс чөлөөлөхөд оролцож явлаа. Баруун замын байлдааны тусгай цэргийн хороо, ангиудыг алдарт партизан хурандаа Л.Дарьзав, дэд жанжин Б.Пунцаг нарын зэрэг хүмүүс захирч явсныг бишрэн хүндэлдгээ энд тэмдэглэе.