Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-40

Форт Майер дахь АНУ-ын зэвсэгт хүчний парад
Форт Майер дахь АНУ-ын зэвсэгт хүчний парад

Америкийн Нэгдсэн Улсын Зэвсэгт Хүчин Англи: United States Armed Forces нь Америкийн Нэгдсэн Улсын цэргийн нэгдсэн хүчин юм. Америкийн хувьсгалын дайны үеэр Их Британийн эсрэг шинэ тулгар улсаа хамгаалах зорилгоор Тивийн конгрессоос АНУ-ын зэвсэгт хүчнийг анх байгуулсан юм. 1776 онд тусгаар тогтнолоо тунхаглахаас өмнө 1775 онд Америкийн Нэгдсэн Улсын Арми, Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн явган цэргийн корпус, Америкийн Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчинг тус тус байгуулжээ. Америкийн Нэгдсэн Улсын Эргийн харуул 1790 онд байгуулагдсан. Дэлхийд хамгийн томд тооцогдох агаарын цэргийн хүчинтэй байсан боловч дөнгөж 1947 онд л Америкийн Нэгдсэн Улсын Агаарын цэргийн хүчинг бие даасан хүчин болгон зохион байгуулжээ.

Анх байгуулагдсан цагаасаа хойш зэвсэгт хүчин АНУ-ын түүхэнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Барбарийн дайн болон 1812 оны дайнуудад ялан дийлснээр үндэсний эв нэгдлийн мэдрэмж, үндэсний өвөрмөц царайгаа олж авчээ. 1812 оны дайныг Америкийн Тусгаар тогтнолын хоёрдугаар дайн гэх нь бас бий. Гэсэн ч АНУ-ыг үндэслэн байгуулсан эцгүүд байнгын цэргийн хүчин байгуулахаас болгоомжилж, Дэлхийн хоёрдугаар дайн дэгдэх хүртэл энхтайван цагийн армийг албан ёсоор байгуулаагүй юм.

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчнийхээ ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын наргийн бичгийн дарга, АНУ-ын Батлан хамгаалах департамент, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний департамент зэвсэгт хүчнийг зохицуулахад оролцдог. Есдүгээр сарын 11-ны халдлагын дараа АНУ-ын дотоод дахь аюул заналтай тэмцэх АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментийг байгуулахад хүрсэн.

Зэвсэгт хүчин нь бараг 3 сая бие бүрэлдхүүнтэй бөгөөд үүний тал нь цэргийн жинхэнэ албан хаагч бол үлдсэн тал нь бэлтгэл хүчинд тооцогддог. Зэвсэгт хүчин сайн дураар цэрэгт элсэхийг хүссэн маш олон хүмүүсээс бүртгэж авдаг тул хугацаат цэргийн алба шаардагддаггүй. Бие бүрэлдхүүний ихээхэн хэсэг нь зэвсэгт хүчний хангалтад ажилладаг бөгөөд энэхүү хангалтын хэсэг C-5 Galaxy, C-17 Globemaster, C-130 Hercules зэрэг тээврийн нисэх онгоц бүхий маш том баазтай. Агаарт шатахуун цэнэглэдэг шатахуун тээгч нисэх онгоцууд шаардлагатай түлш шатахуунаар хангадаг. Цэргийн нисэх онгоц тээгч 11 хөлөг онгоц, тэнгисийн цэргийн хүчний бусад хөлөг онгоцуудын хамтаар дэлхийд хамгийн хүчирхэг, уян хатан зэвсэглэлийг бүрдүүлдэг бөгөөд заримдаа Hyperpower гэгдэх нь бий. (бүрэн эхээр унших)