Захидал
Захидал (Письмо. Letter. Private). Захидал хэмээх нэр томьёог утга зохиол, сэтгүүл зүйд хэд хэдэн утгаар хэрэглэдэг. Сэтгүүл зүйн бичлэгийн зүйл, уран зохиолд баатрын дүрийг гаргахад ашигладаг зохиомжийн элемент, утга зохиол судлалд судалгааны эх сурвалж болдог онцлогтой юм.
1. Сэтгүүл зүйд захидал гэдэг нэр томьёог маш өргөн утгаар хэрэглэдэг бөгөөд редакцын газарт илгээсэн бүх зүйлийг, түүний агуулгыг үл харгалзан захидал гэж үздэг. Ер нь редакцын газарт олон түмнээс ирж буй материалуудын ихэнх нь сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйлд үл хамаарах хувийн сэтгэгдэл, санал бодол, эргэцүүлэл маягийн зүйл байдаг учраас захидал гэсэн ерөнхий нэрээр нэрлэж заншсан бөгөөд сэтгүүл зүйн хөгжлийн явцад бичлэгийн тодорхой нэг зүйл болж хэвшсэн юм. Уншигчдын захидал нь амьдралын гүнд нь болж байгаа үйл явдал, баримтын талаар үнэн бодитой мэдээлэл агуулдгийн хамт олон нийтийн санал бодол, хүсэл эрмэлзэл, дуу хоолой байдгаараа сэтгүүл зүйн олон нийтэч зарчмын илрэл, ил тод байдал, олон ургальч үзлийг хөгжүүлэх чухал хүчин зүйл болдог. Захидал редакцын газруудад өгч буй “нийгмийн захиалга”, сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгийн чухал эх сурвалж, ОНМХ-ийн болон нийгмийн бусад институтын үйл ажиллагааг хянаж буй олон түмний хяналтын нэг өвөрмөц хэлбэр, төр засагтай хөдөлмөрчдийг холбох үр нөлөө бүхий хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ утгаар нь авч үзвэл уншигчдын захидал иргэний нийгмийн үндсэн шинж болох иргэний сэтгүүл зүйн салшгүй хэсэг, түүнийг эрчимтэй хөгжүүлэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл юм. Манай орны тогтмол хэвлэлд уншигчдын захидалд онцгой анхаарал тавьж, түүнийг янз бүрийн арга хэлбэрээр нийтэлж ирсэн уламжлалтай. Орчин үед уншигчдын захидлын газар зүйн болон сэдвийн хүрээ эрс өргөжиж, тодорхой асуудлыг дэвшүүлэн тавьсан, шийдвэрлэх арга замын заасан, нийгмийн төлөө санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн материалын тоо олширч байна.
2. Уран зохиолын баатрын зан төрх, санаа бодол, хоорондох харилцааг илэрхийлэх, үйл явдал, үзэгдлүүдийг хооронд нь холбох, учир зүйн холбоог оновчтой болгох зорилгоор ашигласан зохиомжийн элементийг утга зохиол судлалд захидал гэж нэрлэдэг. Мөн зохиол бүтээлээ захидал маягаар зохиомжлон бичих арга байдаг.
3. Зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн болон нийгэм, улс төрийн зүтгэлтнүүдийн найз нөхөд, хамаатан садан, бусад хүмүүст хандаж бичсэн хувийн захидал нь уран бүтээлчийн өв, судалгааны чухал эх сурвалж болдог. Хожим тийм захидлуудыг эмхэтгэж, бие даасан бүтээл болгон гаргах явдал түгээмэл юм. Жишээ нь: “Монголын уран зохиолын дээжис” 108 ботийн 2 ботийг монголын зохиолчдын хувийн захидалд зориулсан байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Захидал – Энэ үгийг тайлбар толиос харна уу |