Jump to content

Иргэний сэтгүүл зүй

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Иргэний сэтгүүл зүй (Народная журналистика. Civic journalism).

Амьдралдаа тохиолдсон чухал асуудлыг мэдээлэхэд идэвхтэй оролцдог сонгогчдын сэтгүүл зүйн үйл ажиллагааг иргэний сэтгүүл зүй гэж нэрлэдэг. Тиймээс түүнийг заримдаа олон нийтийн сэтгүүл зүй гэж нэрлэдэг тохиолдол ч бий. “Иргэний сэтгүүл зүй” хэмээх нэр томъёо Барууны орнуудад өнгөрсөн зууны 60-аад оны үед анх орж ирсэн бөгөөд 90-ээд оноос сэтгүүл зүйн практикт нэвтэрсэн гэж үздэг. Олон нийтийн хэвлэлүүд нийтлэлийн бодлогоороо олон нийттэй хүчтэй холбогддог сонинуудын үйл ажиллагаанд нийгмийн идэвхтэй хэсэг түлхүү оролцож, иргэний чухал асуудлыг мэдээлэх болсноор иргэний сэтгүүл зүй үүссэн байна.

Доктор Л.Норовсүрэн: “Иргэний сэтгүүл зүй нь интерактив сэтгүүл зүйн нэг хэлбэр бөгөөд амьдралын өөр өөр төвшний хүмүүсийг сонин сэтгүүлд өгүүлэл материал бичүүлэх, амьдралаас олж илрүүлсэн зүйлээ мэдээлэхэд өргөнөөр татан оролцуулдаг сэтгүүл зүйн үйл ажиллагаа юм” (60. 16) гэж тэмдэглэсэн байдаг.

Америкт анх иргэний сэтгүүл зүйг янз бүрийн чиглэлтэй төслүүдийн хэлбэрээр туршин хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1993 онд Пью сангийн санаачлагаар Иргэний сэтгүүл зүйн төвийг байгуулжээ. 1996 онд иргэний сэтгүүл зүйн чиглэлээр явуулсан төслүүдэд хөндлөнгийн дүгнэлт хийлгүүлж, богино хугацаанд хүмүүсийн ухамсарт мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гарсныг шинжээчид тэмдэглэж, иргэний сэтгүүл зүйг нөхцөл байдлыг хувирган өөрчлөх, бодитой үр дүн гаргахад нөлөөлдөг бүтээлч сэтгүүл зүй гэж үзсэн байна. Монголын сэтгүүл зүйн түүхэнд иргэний сэтгүүл зүйн уламжлал арвин байсан гэж хэлж болно. Энэ бол бичиг мэдэхгүй хүмүүсийг хүртэл сонины ажилд туслуулахын тулд хэрэглэж байсан “аман сурвалжлага”-ын арга, уншигчдын бага хурал, социологийн судалгаа, хөдөлмөрчдийн захидал, хамтын үзлэг, хамтарсан сурвалжлах бригад (рейд), “дугуй ширээний” яриа, шефлэн авах, редакцийн дуудлага өгөх, орон тооны бус зөвлөл, хэлтэс ажиллуулах, сурвалжлах хэсэг байгуулах, олон нийтийг хүлээн авах байр ажиллуулах, нүүдлийн редакци зохион байгуулах, идэвхтэн бичигчдийн зөвлөгөөн, семинар явуулах, редакцийн нэрэмжит аян, уралдаан зохиох, нээлттэй захидлын өдөрлөг явуулах, шилдэг бичлэгийн уралдаан зарлаж дүгнэх зэрэг олон түмнийг ОНМХ-ийн үйл ажиллагаанд татан оролцуулах ажлын арга, хэлбэр юм. Энэ бүхэн нь өнөөдөр Америк болон Европын зарим оронд хөгжиж байгаа иргэний сэтгүүл зүйн аргуудтай ижил төстэй гэж хэлж болно. Манай сэтгүүл зүйн үйл ажиллагаан дээр дурдсан ажлуудыг редакцийн газраас зохиох олон түмний ажил гэж нэрлэж байсан бөгөөд энэ нь иргэний сэтгүүл зүйн тодорхой илрэл байв.

Иргэний сэтгүүл зүйн үүргийг Америкийн судлаач Гунаратне нь дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1. Энгийн иргэдийн дотроос идэвхтэй хэсгийг нэгтгэх замаар олон нийтийн ухамсарт хүч нэмж, зоригжуулахад сэтгүүл зүйг чиглүүлэх.

2. Олон нийтийн анхаарлыг татсан асуудлыг хэлэлцэхэд өөрийн ухамсраар оролцож дуу хоолойгоо илэрхийлэх идэвх бүхий олон нийтийг буй болгох.

3. Нэг талаас ХМХ-ээр дамжуулан мэдээлэл түгээх үйл явцыг илүү эрчимтэй болгон олон нийтэд хүрч ажиллах, нөгөө талаас иргэд тулгарсан асуудлууддаа хэрхэн хандаж байгаа хийгээд түүнийг шийдвэрлэх арга замыг хэрхэн эрж хайж байгааг тодорхойлох явдал зэрэг болно.

Л.Норовсүрэн, Х.Энхтуяа нар "Иргэний сэтгүүл зүй" номын 2004 онд гаргажээ.