Йога философи
Йога философи нь Энэтхэгийн философийн сургуулиудын нэг юм.6000 гаруй жилийн өвөрмөц түүх соёлтой Энэтхэг оронд анх МЭӨ 1500 – 1600 онд угтал философи үүсчээ. Энэ цаг үеэс хойш олон философийн сургууль буюу Даршана бий болсны нэг нь Йога философи билээ. Энэтхэгийн философи нь онтологи, метафизик болон эпистемологийн асуудлыг ярихаас гадна бүхий л цаг үеийн туршид хүний амьдарч байгаагын утга учир чухам юундаа оршдог, бүхий л амьдралынхаа туршид хайж, түүний төлөө тэмцэж байдаг аз жаргал гэгч юунд оршдог, түүнийг олохын тулд яах ёстой талаар зааж сургасан байдгаараа онцлог юм.
Энэтхэгийн философийн 9 Даршана бүр өөр өөрийн гэсэн үзэл баримтлалтай байдаг.
Йога гэж юу вэ?
Хүний амьдрал гэдэг хүсэл тачаал, шаардлагагүй хэрэгцээ, хоосон сүсэг бишрэлээр дүүрэн байдаг бөгөөд энэ бүгд нь хүнийг зовлонгийн ангал руу унагаж байдаг билээ. Энэ бүгдээс бүрэн ангижирч, эрүүл энх бие махбодиор жинхэнэ аз жаргалыг мэдэрч зовлонгоос өөрийгөө бүрэн чөлөөлөх арга нь Йога юм.
Хүн төрөлхтөн амьдралынхаа туршид аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг эрж хайж, түүн рүү тэмүүлсээр байдаг. Харин үүнийгээ хүмүүс энд тэндээс хайдаг. Зарим нь мөнгө, эд хөрөнгөнөөс хайдаг байхад зарим нь хайр дурлалаас хайдаг. Гэвч энэ бүгд материаллаг зүйл, хүний хүсэл тачаал шуналтай холбоотой бөгөөд энэ бүгд хүн төрөлхтөнд аз жаргал авчрахаасаа илүү зовлон шаналал, муу бүхнийг авчирдаг гэдгийг бид төдийлөн ойлгодоггүй. Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай амьдралаар амьдарч болох нууцыг тайлсан бөгөөд энэ нууц нь “Йога” байжээ. Өөрөөр хэлбэл Йога бол махан бие, сүнслэг сэтгэл хоёрыг хүсэл тачаалын зовлонгоос ангижруулж чөлөөт байдалд хүргэх арга зам юм.
“Цэцгийн цоморлигтой адилаар хүмүүний амьдрал ч бас дэлбээлж цэцэглэх боломжтой. Хүний чадамж бүрэн цоморлигоо нээн дэлбээлэхийг йог гэнэ.” Шри Шри Рави Шанкар (оюун санааны удирдагч)
“Сэтгэлийн амар амгаланг йог гэнэ. Аливаад идэвхи зүтгэлтэй, шунаг атаач санаагүй, амжилт болон уналтад амар амгалан байдлаа хадгалж чадах чадвар нь йог юм.” Бхагват Гийта
Йога нь Энэтхэгийн философийн есөн даршанагийн нэг бөгөөд Шива бурханаас үүсэлтэй гэж үздэг. Йога нь хүний биемахбодын болон сэтгэл зүйн хоорондын нэгдэл зохицол, эрүүл саруул байдлыг оюун санаа, сэтгэлийн гоо сайхантай зохицуулах явдал бөгөөд энэ бүгдэд хүрэхийн тулд бясалгалын арга замыг чухалчлан үздэг. Бясалгал бол хүн өөрийн оюун санааг тодорхой цэгт хүчтэй төвлөрүүлэх замаар танин мэдэх чухал арга билээ. Ийнхүү Йога буюу бясалгалын тусламжтайгаар хүн амьдралдаа олон чухал зүйлийг бүтээж болно.
Йога философийн эпистемологийн асуудал
Йога философид маериаллаг ертөнц болон аз жаргалын талаар ариун үнэн мэдлэгийг олж авахын тулд танин мэдэхүйг 3 аргаар хэрэгжүүлж болно гэж үздэг бөгөөд үүнд - ном судрыг дагах, хүртэн мэдэх, бясалгах арга байдаг. Вэдийг судалснаар хүн үнэн мэдлэгт хүрэх боломжтойгоос гадна өөрийн хүртэхүйн тусламжтайгаар бодит байдлыг танин мэдэж болох юм. Энэ нь оногдохуун ба мэдрэхүйн эрхтэн шууд холбоо тогтоосноор олж авч буй мэдлэг учир шууд мэдлэг болдог. Шууд мэдлэгийг үүсгэдэг хүртэхүйн 5 эрхтэн байдаг. Үүнд: харах, сонсох, амтлах, үнэрлэх, хүртэх эрхтэн болно. Энэ мэдрэмж бүр нь нэг махбодийг өөрөөр хэлбэл физик элементийг хүртэж мэдэрдэг. Тухайлбал,
1. Дууны чанар агуулсан – Эфир
2. Дуу болон хүртэн мэдрэхүй – Агаар
3. Өнгөний мэдрэхүй – Гал
4. Өнгө амтны мөн чанарыг агуулсан – ус
5. Өнгө амт үнэрийн чанарыг агуулсан – Шороо гэж байж болно гэж үзжээ.
Харин бясалгалын замаар олж авсан мэдлэг нь шууд бус мэдлэг болно. Шууд бус мэдлэг нь дотроо 3 хэлбэртэй байна. Үүнд:
1. Шалтгаанаас үр дагаварт шилжих мэдлэг
2. Үр дагавраас шалтгаанд шилжих мэдлэг
3. Жишилтийн мэдлэг ордог байна.
Йога философийн гол ойлголт
Йога философийн гал ойлголтууд нь Читта болон Вртти юм. Йога философи нь үндсэндээ Читта-н өөрчлөлтөөс ангижирч, Читта-г төвлөрүүлэхэд зоридог. Гагцхүү үүний тулд Йога гэж нэрлэгдэх бясалгалын тусламжтайгаар сэтгэл санаа оюун ухаан бүхнээ нэг зүйлд төвлөрүүлж сурсанаар ангижирах боломжтой юм.
Читта болон Вртти хэмээх ойлголтын талаар авч үзвэл Читта гэдэг нь дотоод гурван эрхтэн болох мэдлэг, би, оюун ухаан тэдгээрийн нэгдэл бөгөөд түүнд 3 гуна-н саттва давамгайлдаг. Читта нь гадны нөлөөллөөс ангид байж ганц зүйлд төвлөрч байх ёстой боловч төдийлөн тийм байж чаддаггүй. Түүнд хүний бодол, хүсэл сонирхол, хүртэхүйн мэдрэмж зэрэг төвлөрөх боломж олгодоггүй бөгөөд үүний үр дүнд төвлөрч чадаагүй Читта өөрчлөлтөд орж байдаг. Энэ өөрчлөлтөд нөлөөлж байгаа физик шинжийг Вртти буюу өөрчлөлт гэдэг.
Аливаа зүйлийн харагдаж, хүртэгдэж байгаа бодит байдлыг оюун ухаандаа үнэн гэж хүлээж авсанаар Читта-д төөрөгдөл үүсч байдаг. Үүн дээр үүлний жишээ авч болох юм. Бид тэнгэр өөд харахад үүл нүүн хөдөлж байгаа мэт харагддаг боловч энэ нь чухамдаа дэлхий нарыг тойрон эргэж байх процесст ажиглагддаг зүйл байдаг. Ийнхүү төөрөгдөлд орсон Пуруша өөрийгөө танин мэдэх чадваргүй идэвхгүй байдалд шилжиж, харин тухайн төөрөгдлөөсөө ангижрахад Пуруша эргээд идэвхиждэг. Читта-н өөрчлөлтийн 5 хэлбэр байдаг.
1. Pramāna буюу зөв мэдлэг Энэ мэдлэг нь дотроо 3 хэлбэртэй:
- Pratyaksa буюу хүртэхүйн мэдлэг – Читта мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан гадаад объекттэй холбогдоход энэ нь дотоод оюун санааны байдалтай холбогддог.
- Anumana буюу оюун дүгнэлтийн мэдлэг – Читта юмсын ерөнхий мөн чанарыг танин мэдэх
- Verbal testimony буюу эргэлзээгүй мэдлэг
2. Viparyaya буюу буруу мэдлэг – Энэ бодитой буюу гарцаагүй буруу мэдлэг.
3. Vikalpa буюу төсөөлөл – Энэ бол туулайн эвэр гэдэгтэй адил ердөө үг хэлээр илэрхийлэхээс цаашгүй мэдлэг юм.
4. Nidrā буюу мэдлэг байхгүй байх
5. Smrti буюу ой санамж – Бидэнд үлдсэн сэтгэгдэлээр дамжуулж өнгөрсөн дурсамжуудаа цуглуулж олж авсан мэдлэг.
Хүний амьдралын зовлон шаналал нь оюун санааны өөрчлөлт болон чөлөөлөгдсөн байдлыг буруу таньж мэдсэнтэй холбоотойгоос гадна Пуруша болон Пракрити хоёрын ялгааг бүрэн гүйцэд таньж мэдээгүйгээс үүддэг. Нийт 5 төрлийн зовлон бий.
1. Avidyā буюу мунхаг байдал
2. Asmitā буюу хувиа хичээсэн байдал
3. Rāga буюу хүчин төгөлдөр болох байдал
4. Dvesa буюу уур хилэн
5. Abhinivesha буюу үхлээс айж амьдралтай зууралдах байдал
Үүнээс гадна хүний оюун санааны амьдралын 5 түвшин байдаг бөгөөд эдгээр түвшингүүд нь хоорондоо 3 гуна-н тэнцвэрт эсвэл давамгай байдлаас хамааралтай байдаг.
1. Ksipta буюу тайван бус байдал – Энэ түвшин нь оюун санааны амьдралын хамгийн доод түвшин бөгөөд ражас давамгайлснаас оюун санаа тайван бус байдаг түвшин юм.
2. Mūdha буюу идэвхгүй байдал – Оюун санаанд тамас давамгайлдаг бөгөөд энэ нь мунхаг, унтаа болон залхуу байдалд хүргэдэг.
3. Viksipta буюу анхаарал сарнисан байдал – Энэ шатанд саттва давамгайлдаг боловч заримдаа ражас ч бас батлах тохиолдол бий.
4. Ekāgra буюу төвлөрсөн байдал – Харин энэ шатанд 3 гуна болох саттва, ражас болон тамас бүхэлдээ давамгайлдагаас гадна оюун санаа хязгаарлагдмал байдалд ордог.
5. Niruddha буюу хязгаарлагдмал байдал – Оюун санааны амьдралын хамгийн дээд түвшин бөгөөд оюун санаанд үлдсэн далд сэтгэгдэлээр дамжуулж оюун санааны өөрчлөлт хязгаарлагддаг.
Йогын төрлүүд
Судар бичигт йогын олон төрөл замуудыг тайлбарлан бичсэн байдаг. Үүнээс үндсэн гэж хэлж болох 5 төрлийг тайлбарлъя.
•Бхагти Йог: Чин бишрэлтний зам
Бурхны хайр хязгааргүй бөгөөд шалтгаангүй байдаг. Бурханы энэ агуу шалтгаангүй хайранд багтаж түүнийг мэдэрснийхээ хариуд бурхныг дээдлэн шүтэх естой бөгөөд ингэснээр хүний мэдэрч болох хамгийн нандин мэдрэмжүүдийн нэг дотоод ариуслыг мэдэрч чадах юм. Бишрэн шүтэх гэдэг нь бурхны өмнө бууж өгөх, хүчин мөхөс байж хайр болон талархалтайгаар бурханд үйлчлэх чин хүсэлтэй байна гэсэн үг. Ийнхүү бурханыг бишрэн шүтсэн ариун чин бишрэлтэн хүн хаа сайгүй, хүн бүрийн дотор нуугдах бурханлаг, тэнгэрлэг чанарыг олж харан эелдэг зөөлөн хүндэтгэлтэй харьцах төдийгүй тэр агуу бурханлаг чанарыг улам бүр хүсэмжилж байдаг. Бурханд зүрх сэтгэлээ өгч чин сэтгэлээсээ бишрэн шүтэж чадсан хүн зовлон бэрхшээл, гай барцад, айдас жихүүцэл, сэтгэлийн шаналангаас ангижирдаг бөгөөд чөлөөлөгдсөн байдалд хүрэх хамгийн хялбар зам юм. Амин хувийн хүсэл шуналаа орхин бурхдын тусын тулд өөрийгөө зориулж чадах энэ замыг Бхагти йог буюу чин бишрэлтний зам гэнэ.
•Карма Йог: Буяны зам
Буян гэдэг нь өөрийгөө мартан бусдад туслах, ямар нэг хариу нэхэлгүйгээр 100% өөрийгөө дайчлан бусдад үйлчлэхийг хэлнэ. Хайр бас хүндэтгэлгүйгээр бусдад өөрийгөө умартан байж туслах нь боломжгүй зүйл учир буяны зам нь чин бишрэлтний замтай их ойрхон байдаг. Амин хувиа болон өөрийн эрх ашиг, өөрт ашигтай гэж бодолгүй, сайн санааны үүднээс хариу нэхэлгүйгээр хэн нэгэнд гар сунган туслах нь сэгэл хангалуун, аз жаргалтай байдлыг мэдэрч сэтгэлийн ариусалд хүрэх зам болдог.
•Гнана Йог: Мэдлэгийн зам
Хүн бүрийн дотор бурханлаг чанар нуугдсан байдаг гэх боловч энэ амьдралын үнэн нь бидний харж чадах, хүртэж мэдэрч чадах хэмжигдэхүүнээс чанагши нуугдсан байдаг. Мэдлэгийн зам гэдэг нь өөрийн олж мэдсэн мэдлэгийг өөр дээрээ мэдэрч мэдэхийг хэлнэ. Энэ замаар явж буй хүн судар бичгүүдийг уншиж судлах, ухаантан мэргэдийн үгийг сонсохоос гадна тэр мэдлэгийг амьдралд нь туршлага болгон харуулж чадахуйц байдаг. Зөвхөн өөрөө уншиж, сонсож хураасан мэдлэг нь "Би үүнийг мэднэ" гэсэн өөрийгөө тоох түвшинд хүргэж болох төдийгүй энэ нь оюун санааны амьдрал дахь хамгийн том саад юм. Өөртөө мэдэрч мэдсэн мэдлэг нь хүний амьдралд чин бишрэл, гайхамшиг, хүч чадал, бууж өгөлтийг авчирдаг төдийгүй үнэн болоод гүн энэ мэдлэг бодит ба бодит бишийг ч ялган харуулна.
•Астанга Йог: Оюуны сахилын зам
Хүний сэтгэл цаг үргэлж ямар нэг үйлдэл хийж байдаг ч ихэнхийг нь бид анзаарч мэддэггүй. Ажиглаж мэдрэхгүй үйлдлүүд сэтгэлд тань хэдий чинээ их байна , төдий чинээ сэтгэл бараан үүлээр бүрхэгдсэн байдаг. Өөрийгөө ажиглах чадвар нэмэгдсэнээр сэтгэл тайвширч амгалан болно. Тайван тогтуун байгаа сэтгэл гаднаас юмсыг тунгалаг чигээр нь хүлээн авна, элдэв айдас, шаналгаанаас хол байж чадна. Ерөнхийдөө йог нь хүн бие, сэтгэл, оюунаа хянаж чаддаг болоход чиглэгдсэн байдаг. Бие, сэтгэл, сүнсийг цэвэр ариун, хүч чадалтай байлгахын тулд сахих ёстой 8 сахилын тухай Йога философийг дэлгэрүүлэгч эртний гэгээнтэн Патанжали хэлсэн байдаг ба энэ нь оюуны сахилын зам болон үлдсэн. Хүн амьдралынхаа бүхий л хугацаанд доорх 8 сахилыг ээлжлэн сахих хэрэгтэй.
1.Яама: Нийгмийн сахил – 5 тангарагатай
- Ахимса - үг, үйлдэл, бодлоороо бусдад хүч хэрэглэхгүй байх буюу буруу үйлдлийг тэвчих
- Сатъяа - үг, үйлдэл, зорилгодоо үнэн ч байх буюу худал хэлэхийг цээрлэх
- Астъяа - хулгай хийхгүй байх буюу эс өгсөнийг авах
- Брахмачарьяа - хоёр утгатай
*Бурхныг бүрэн үгүйсгэж үзэн ядахгүй байх *Хүрьцалд хэт шунахгүй байх буюу таашаалд хэт донтохгүй байх
- Апариграха - хэрэгцээгүй зүйлсд болон бусдын эдэнд шунахгүй байх
2.Нияамас: Хувийн сахил – 5 шаардлагатай
- Сауча - бие, сэтгэлийг цэвэр ариун байлгах
- Сантоша - сэтгэл хангалуун, баяр хөөртэй байх
- Тапас - хувийн дэглэмийг сахих
- Свадхаяаяа - өөрийгөө таниж мэдэх, өөрийгөө үгүйсгэхгүй байх
- Ишварапранидхана - Бурханд бууж өгөх, түүнийг магтан дуулах
3. Асанас: Байрлалууд буюу биеэр хийх дасгалууд
Янз бүрийн байдлаар тогтвортой, өөрт эвтэйхэн байдлаар бясалгал хийхэд зориулагдсан зарчим юм. Үүнд лянхуа цэцгийн суудал их чухал
4. Пранаяамас: Зөв амьсгалах
Тодорхой нэг амьсгалын дасгалуудаар амьдралыг тэтгэгч энергийн эргэлтийг тэгшитгэх. Амьсгаа авах, амьсгаа гаргах, зөв амьсгалахыг хянах
5. Пратяахара: 5 мэдэрхүйгээ дотогш чиглүүлэх
6. Дарана: Нэгэн цэгт анхаарлаа төвлөрүүлэх
Энэ нь хамгийн чухал зүйл юм. Бидний мэдрэхүй гадаад объектэд хүрэлцэж байдаг учир түүнийг хянан барих хэрэгтэй. Оюун ухаан яг л анивчихгүй асч буй зул мэт байх ёстой.
7. Дхаяана: Бясалгах
8. Самадхи: Өөртэйгөө нэгдэх, ухамсрын дээд түвшинд хүрэх
•Хатха Йог: Махан биеийн зам
Махан биеийн зам буюу Хатха йог нь хамгийн их танигдсан, хэрэглэгддэг зам ба өөртөө Аштанга йогын зарим элэментийг агуулдаг. Биеэр хийх дасгалууд, амьсгалын дасгал болон бясалгал багтана.