Крикет
Крикет (англ. cricket) - цохиур, бөмбөг ашигладаг, контактгүй багийн спорт юм. Крикет XVI зуунд өмнөд Англид бий болсон тоглоом юм. XVIII зууны сүүлчээр үндэсний спортын нэг болсон байна. Британийн эзэнт гүрэн эзлэн түрэмгийлэх бодлого хэрэгжүүлж газар нутгаа тэлсний үр дүнд энэхүү тоглоом дэлхий даяар тархсан байна.
Тоглоомын дүрэм
[засварлах | кодоор засварлах]Тоглоомын дүрмийг Мэрилебоны крикетийн клуб бий болгож, өөрчлөлт оруулдаг. Үүнээс гадна Олон улсын крикетын Зөвлөл тоглоомын стандарт нөхцөлийг боловсруулжээ.
Зууван хэлбэртэй тойрог талбайн төвд 20 орчим метрийн урттай тусгайлан бэлтгэсэн тэгш өншөгт талбайн хоёр төгсгөлд 70 см өндөртэй гурван ширхэг модон шон босгож тавина. Нэг баг нь шонг шидэж онох зорилготой, эсрэг баг нь хоёр цохигчийн тусламжтай шонгоо хамгаалан гүйж оноо авах зорилготой тоглоно. Цохигчид нь шон тус бүрийн өмнө зогсож тэдгээрийг хамгаалан тоглоно. Харин талбайг тойрон зогсох эсрэг багийн гишүүд цохигчийг шон хооронд гүйж оноо авахыг хязгаарлах, цохигчийг талбайгаас гаргах зорилготой тоглоно. Хэрэв цохигч алдаа гарган талбайгаас гарвал дараагийн цохигч талбайд гарах бөгөөд багийн гишүүд ээлжлэн солигдсоор бүгд талбайгаас гарч дуусмагц “all out ” буюу бүгд гарлаа гэж үзээд тоглолт завсарлан шидэгч баг нь цохигч баг болон солигдож тоглолт цааш үргэлжилнэ. Тэмцээнд хожихын тулд цохигч буюу “Batsman” шон хооронд гүйж оноо авах ёстой бөгөөд олон гүйлт гүйцэтгэсэн баг ялагчаар тодордог. Хоёр цохигч шон хооронд солигдон 1 удаа гүйвэл 1 Run, 2 гүйвэл 2 Run авах боломжтой.
Хэрэв цохисон бөмбөг газар ойгоод талбайгаас гарвал 4 “Run” авах боломжтой, харин цохигчийн цохисон бөмбөг газар ойхгүй талбайн зураасны гадна гарвал 6 “Run” буюу 6 удаа гүйсэнтэй тэнцэнэ. 4 ба 6 “Run” авсан гэж үзвэл шүүгч тусгай дохио зангаагаар түүнийг үзүүлнэ.
Тоглолтыг талбай дээр хоёр шүүгч удирдан явуулах бөгөөд тоглогчид шүүгчийн аливаа шийдвэрийг хүндэтгэн дагах ёстой.
Bowler буюу шидэгч нь цохигчийн эсрэг, шон руу чиглүүлэн бөмбөг шидэх үүрэгтэй тоглогч бөгөөд шидэж буй гарын тохойг нугалахгүй гарыг чигээр нь байлган мөрөн дээгүүрээ даллан шидэлт гүйцэтгэнэ. Зөв гүйцэтгэсэн зургаан удаагийн шидэлтийг “1 Over” гэх бөгөөд over дуусмагц дараагийн шидэгч бөмбөг шиднэ.
Нэр томьёо:
[засварлах | кодоор засварлах]- Pitch буюу тойрог доторх тэгш өнцөгт талбай нь дагтаршуулсан зүлэг, нийлэг эд болон цемент байж болно. Энэ талбай нь 20 орчим метр урттай, 1,5 метрийн өргөнтэй байна.
- “Wicket” буюу шон нь дээрээ 2 ширхэг хөндлөвч бүхий 3 ширхэг модон шонг хэлнэ.
- “Crease” гэдэг нь шон тус бүрийн өмнө байгаа цохигчийн дотор нь зогсож байх ёстой зураас бүхий жижиг талбайг хэлнэ. Мөн шидэгч шидэлт хийхдээ уг шугамыг давж гишгэхгүйгээр шидэлтээ гүйцэтгэнэ.
- Batsman — Цохигч
- Bowler — Бөмбөг шидэгч /шидэгч/
- Wicketkeeper — Бөмбөг баригч
- Umpire — Шүүгч
- Fielder — Талбайн тоглогчид /тоглогчид/
- Scorer — Онооны шүүгч
Түүх
[засварлах | кодоор засварлах]Англичууд анх XVI зуунд крикет тоглодог байжээ. Зарим түүх судлаачид 1301 онд «криэж» (англи. creag) гэх тоглоомоор английн II Эдуард хаан тоглож байсан гэдэг баримт байдаг. Энэ тоглоом нь крикетийн эцэг тоглоом байсан гэж үздэг.
Крикет тоглоомын тухай 1598 оны эх сурвалжид дурдаж байжээ. Крикет нь анх хүүхдийн тоглоом байсан гэж үздэг бөгөөд насанд хүрэгчдийн оролцооны тухай анхны баримт 1610 оноос эхтэй. Удалгүй Английн хөдөө орон нутагт крикетийн тэмцээн зохиодог болсон ажээ. 1624 онд Жаспер Уиналл хэмээх тоглогч Английн зүүн өмнөд Сассекс нутгийн хоёр багийн тоглолтын үеэр бөмбөгөнд цохиулж нас барсан гэдэг баримт байдаг.
1890 онд Англид орон нутгийн крикетийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Үүний зэрэгцээ эзэнт гүрний тэлэлт нь Энэтхэг, Хойд Америк, Карибын тэнгис, Өмнөд Африк, Австралид тоглоомыг ихэд дэлгэрүүлсэн байна. 1844 онд АНУ, Канадын багууд оролцсон анхны олон улсын тэмцээн болж байжээ.