Jump to content

Неолиберализм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нийгмийн хөгжлийн явцад либерал сэтгэлгээний хүрээнд янз бүрийн чиглэл тодрон гарч, үзэл баримтлал нь хувьсан өөрчлөгдсөн байна. XX зууны эхээр шинэ шинэ үзэл санаа гарч , тэдгээрийн ач холбогдол улам өсөн нэмэгдсээр дэлхийн II дайны дараа неолиберализм / шинэ либерал үзэл/-ын номлол бий болжээ.

Неолиберализм юуны өмнө төрийн нийгэм , эдийн засгийн үүргийн тухай уламжлалт либерал ойлголтыг хянан үзэж , төрийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрсөн юм. Зах зээлийн өрсөлдөөний эрх чөлөөг монополийн аливаа хэлбэрээс хамгаалах талаар төрийн зүгээс үр нөлөөтэй арга хэмжээ авахыг тухайлбал, монополын эсрэг хууль гаргаж , жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тусламж үзүүлэхийг шаарддаг болсон.

Мөн улс орны эдийн засгийн хөгжлийн ерөнхий чиг шугамыг боловсруулан, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохицуулах шинжтэй үйл ажиллагаа явуулж , хямралаас урьдчилан сэргийлэх , шинжлэх ухаан техникийн дэвшил, шинэ технологи хэрэглэх явдлыг урамшуулах зэргийг төрийн зохицуулах үүрэгт хамааруулж үзэх болов. Либерал ардчилсан үзэлтнүүд иргэдийн улс төрийн төдийгүй, нийгэм эдийн засгийн эрхийг идэвхитэй хамгаалах шаардлагатай уялдуулан эрх чөлөө, тэгш эрхийн харьцангуй тухай үзэл бодол, байр сууриа өөрчилжээ. Хэрэв урьд өмнө эрх чөлөөний тухай асуудлыг түлхүү тавьж байсан бол XIX зууны сүүлийн хагас, XX зууны эхээр микро эдийн засгийн нилээд цэгцтэй баримтлал бүрэлдсэнээр эдийн засгийн суурь ухаан, доод түвшний эдийн засаг буюу хэрэглэгч , үйлдвэрлэгчдийн үйл хөдлөл, эрэлт нийлүүлэлтийн тухай онол үндэслэл сайтай болон хөгжжээ.

Шинэ сонгодог онолчид хэрэглэгч, үйлдвэрлэгчийн үйл хөдлөл, эрэлт нийлүүлэлт, өртгийн тухай асуудалд сонгодог онолчдоос зарчмын өөр байр сууринаас хандах болсон. Учир нь сонгодог эдийн засагчдын эдийн засаг нь эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогдож , чөлөөт үнийн механизмаар зохицуулагдан аяндаа жам ёсныхоо журамд орж , үр өгөөжтэйгээр хөгждөг гэсэн үндэслэл нь амьдралаар шалгагдаж нотлогдож чадаагүйтэй холбоотой.

Сонгодог онолчид нь эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлаж , эдийн засгийн хөгжлийг зөвхөн ‘’нууц гарын’ зохицуулалтанд даатгаж байсан нь эцсийн дүндээ 1929-1933 оны дэлхий нийтийг хамарсан гүн гүнзгий хямралд хүргэсэн гэж дүгнэдэг. Энэ үеэс эхлэн эдийн засаг нь аяндаа жам ёсныхоо үр өгөөжтэй журамд орж хөгждөг гэсэн сонгодог онолчдын үзэл санааг шүүмжлэх оролдлогууд гарч эхэлсэн бөгөөд тэдгээрийн дотор хамгийн их амжилт олсон нь Английн эдийн засагч Дж.Кейнс байв. / 3.2. – 3.8 –р зүйлийг үз. /

Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүрэлдэн хөгжиж эхэлсэн үеэс эхлэн түүнийг дахин давтагдах хямрал, ажилгүйдэл, сүүдэр мэт дагаж байв. Энэ үед амьдарч байсан эдийн засагчид, эдийн засгийн хямрал болон ажилгүйдлийг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зайлшгүй байх зүйл буюу түүний нэг үндсэн шинж гэж үзэж байсан буюу хүлээн зөвшөөрч байсан бол Кейнс эдийн засгийн хямрал болон ажилгүйдлүүдийг зах зээл аяндаа үгүй хийж чадахгүй ба нөгөө талаас энэ нь арилгаж болшгүй ,зайлшгүй зүй тогтол биш гэж үзэн төрийн төвлөрсөн зохицуулалтаар зээлийн хүү болон татварын системээр дамжуулан эдийн засгийн үр өгөөжтэй хөгжлийг хангаж болно гэсэн зарчмын шинэ санааг үндэслэн тавьсан юм. Түүний энэхүү үндэслэлийг эдийн засгийн шинжлэх ухаан дахь “Кейнсийн хувьсгал” хэмээн эдийн засагчид зүй ёсоор үнэлдэг . Шинэ либералууд төрийн зүгээс хийх эдийн засгийн зохицуулалтын Кейнсийн аргыг ихэд шүтэж ирсэн бөгөөд шинэ либерализмыг Кэйнсийн онол дээр үндэслэн бий болсон үзэл баримтлал ч гэж үздэг тал бий.

Нийгэмд ажил эрхлэлт нэмэгдэхийн хирээр үндэсний орлого, түүнийг дагаад хэрэглээ өсдөг ба хэрэглээний өсөлт нь орлогынхоо өсөлтийг гүйцэж чаддаггүй. Учир нь орлого өсөхийн хирээр хүмүүсийн хадгалах сонирхол нь түрүүлдэг ба энэ хадгаламжийг ихэсгэн хэрэглээг харьцангуйгаар багасгахад хүргэдэг гэж үзэж , энэ зүй тогтлоо сэтгэл зүйн үндсэн хууль гэж нэрлэжээ. Хэрэглээ багасах нь эргэлтийг шууд багасгахад хүргэх ба энэ нь үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж , ажилгүйдлийг ихэсгэн хямралд хүргэнэ гэсэн дүгнэлтийг хийжээ.

Нөгөө талаас хадгаламж хийх сонирхол нэмэгдэх нь капиталын нийлүүлэлтийг нэмэгдүүлж , хөрөнгө оруулалтыг ихэсгэх нь хэрэглээг багасаж буй тохиолдолд хэт үйлдвэрлэлийн хямралд орж , ажилгүйдлийг ихэсгэдэг гэж үздэг. Эндээс Кэйнс ажил эрхлэлтийн ерөнхий хэмжээ нь хүмүүсийн хэрэглэх сонирхол , хөрөнгө оруулалтын ахиуц зээлийн хүүгээр тодорхойлогдоно гэсэн үндэслэлийг гаргасан юм.

1930-аад оны хямралыг гэтлэн давах ,түүнийг дахин давтуулахгүй байх арга замыг хайж байсан өрнөдийн улс орнууд Кейнсийн онол гарч ирсний дараагаар 1940-өөд оноос эхлэн макро эдийн засгийн зохицуулалтыг эрчимтэй хийж эхэлснээр холимог эдийн засгийн тогтолцоо буй болж , эдийн засгийн хөгжил нь улам эрчимжиж ,үүнийхээ үр дүнд нийгмийн олон асуудлыг шийдэх боломжийг олж авсан байна. Ийнхүү Кейнсийн ачаар эдийн засгийн суурь ухаан нь макро эдийн засгийн цэгцтэй сургаалаар баяжин нийгмийн эдийн засгийн үйл явц , үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлах боломжтой болж , улс төрийн эдийн засгийг зохион байгуулах онолын үндэс нь болсон ажээ.

Неолиберализын номлолд эрх тэгш байдлын тухай аядуу үзэл илрэх болсон юм.

Нийгмийн янз бүрийн бүлэг давхаргын гишүүдийн гарааны нөхцөл бололцоог тэгшитгэх зорилтыг тунхаглаад зогсохгүй энэ талаар тодорхой арга хэмжээ авах нь чухал гэж неолибералууд үздэг . Неолиберализмын үүднээс хүн бүр өндөр боловсрол мэргэжил эзэмших , аж амьдралаа сайжруулах , нийгмийн пирамидын илүү өндөр шатанд дэвшин гарах талаар тэгш эрхтэй. Мөн төр, нийгмийн зүгээс нийт иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах ,шаардлагатай үед тусламж үзүүлэх ёстой . Ийм үзэл санааны үүднээс АНУ-д ерөнхийлөгч Ф.Рузвельтийн үед хүн амын ядуу, доод давхаргад туслах зэрэг нийгмийн үүргийг төр хүлээх болсон байна. Нийгмийн программ , нийгэм - хангамжийн арга хэмжээний тусламжтайгаар неолибералууд ”Сайн сайхан амжиргааны нийгэм ” байгуулахыг тунхагладаг. Неолибералууд нийгмийн үнэт зүйлсийн тухай асуудалд их анхаарч, тэдгээрийг хэрэгжүүлэхэд зах зээлийн хуулинд тохирсон үйл ажиллагаа хэрэгтэйн зэрэгцээ , бас зах зээлийн механизмын хүрээнээс давсан зохион байгуулалттай үйлдэл чухал гэдгийг заадаг. Неолиберализм бол либерал зарчмуудыг нийгмийн хувьсан өөрчлөгдөж буй бодит нөхцөл байдалд нийцүүлэн бүтээлчээр хэрэгжүүлэхийн төлөө үзэл баримтлал юм .