Jump to content

Полонез

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Полонез бүжгийн ритм
Задгай талбай дахь полонез бүжиг.

Полонез (польш. polonez, франц. polonaise, франц хэлний polonais- польш гэсэн үгнээс гаралтай) -Польш гаралтай, дунд зэргийн хэмнэлтэй ёслолын жагсаал хэлбэртэй бүжиг юм. Уг бүжгийг баярын гайхалтай шинж чанарыг онцлон баярын үдэшлэгийн эхэнд тоглогддог байжээ. Полонез бүжиглэж буй хосууд тогтсон геометрийн хэлбэрийн дагуу хөдөлдөг байна. Бүжгийн хөгжмийн хэмжээ 3/4 байна.

Польшид 15-р зууны үед "хозоны" (польш: chodzony) нэрээр үүссэн бөгөөд эхэндээ полонез нь зөвхөн хуримын бүжиг байсан гэдэг. Яваандаа бага зэрэг өөрчлөгдөж ямар ч ард нийтийн баяр ёслолын зайлшгүй нэг хэсэг болжээ. Улмаар ямар ч ард нийтийг хамарсан наадамд сүр жавхлант полонез бүжгээр нээдэг болжээ.

Польшийн бүх бүс нутагт ардын полонез бүжгийг дуулж бүжиглдэг байна. Хамгийн сайхан шүлгийг дуулсан хүн бүжгийг удирдах эрхийг авдаг байна. Тэрээр эргээд хэд хэдэн дууны дараа шинэ ялагчаар солигддог ажээ.

Полонез бол польшчуудын хамгийн дуртай ардын бүжгүүдийн нэг юм. Тариачид түүний харьцангуй энгийн бүжигт нэмэлт нарийн ширийн зүйлсээр чимэг болгодог байна. Жишээлбэл, 16-17-р зууны үед охид цэцэг зүүж, хозони бүжиглэдэг байжээ. Охид ар араасаа алхсаар араас нь дагасан залуус руу нууцхан харц шидэж бүжиглэнэ. Дараа нь охид цэцгийн хэлхээг тайлж, сэтгэлтэй болон хайртай залуусдаа бэлэглэдэг байсан. Хөвгүүд, охидыг гэрлэсэн хосууд сольдог байна. Ийм тохиолдолд залуучууд гэрлэсэн эмэгтэйчүүд эсвэл бэлэвсэн эмэгтэйчүүдтэй бүжиглэхийг хориглодог байв.

17-р зуунд хозоны бүжиг Европ даяар алдартай болж, одоогийн полнез нэрээ авсан юм. Энгийн ардын бүжиг "хозони" нь "полонез" хэмээх гайхалтай нэрийг авч, илүү нарийн дэгтэй болж, дээдсийн бүжиг болж хувирчээ.

Полонез бүжгийн хөгжмийн хэлбэр өргөн тархсан. Жишээ нь Ж.С.Бах, Г.Ф.Хандель, В.А.Моцарт, Л.Бетховен, К.М.Вебер, Ф.Шуберт, Леопольд Моцарт нарын бүтээлүүдээс сонсч болно; Энэ хөгжмийн төрөл Ф.Шопены бүтээлүүдэд өргөн хөгжиж дэлгэрсэн.

Польшид полонез нь шашны хөгжимд өргөн тархсан. Христийн Мэндэлсний Баяраар сүмүүдэд дуулдаг Польшийн олон алдартай дуунууд полонез хэлбэртэй байдаг байна.