Сарлаг
Сарлаг (шинжлэх ухааны нэр нь Bos grunniens) бол үхрийн төрөлд багтдаг тусгай нэг зүйл мал болно. Сарлагийг Гималайн салбар уулс, тэнгэр уул, Алтай Хангай, хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж үрсэн байна. Сарлагийн өвөг нь одоо ч Төвдийн ууланд амьдарч буй зэрлэг сарлаг юм. Энэ амьтныг Монголчууд сарлаг, Киргизууд топос, түвдүүд “яага” гэж нэрлэдэг. Сарлаг нь манай орны уулархаг, ойт хээрийн бүс нутагт 13 аймаг 132 суманд тархсан байна. Эдгээрээс хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор аймаг юм.
Сарлагийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш , 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн бэлчээр ус ашиглаж, арчилгаа маллагааны ердийн нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул эдийн засгийн үр ашиг сайтай мал юм.
2022 оны эцсийн байдлаар МУ-д нийт 1,033,100 толгойг тоолсон байна.
Биеийн ерөнхий шинж чанар
[засварлах | кодоор засварлах]Сарлагийн бух үнээнээсээ биеийн үндсэн хэмжээгээр 20-30 хувь, жингээр 50-60 хувиар илүү биеэр том байдаг. Сарлагийн цээжин бие том, урт, гүн,багтаамж ихтэй. Сээр хавирганы тоо 14-15 буюу жирийн үхрийнхээс нэгээр илүү юм. Сарлаг нь харьцангуй богиновтор биетэй, биеийн ташуу уртыг нь өндөрт харьцуулахад 110-115 хувь орчим байдаг. Сарлаг нь биеийн жингээр зэргэлдээ нутгийн монгол үхэртэй ойролцоо, намар нас гүйцсэн бух 400-450, үнээ 270-280, 3-4 настай шар 300-350, эр шүдлэн 220-250 кг байна.
Сарлагийн тугалыг эхлээр бойжуулахад намар 6 сартайдаа хагас эхлээр бойжсон тугалаас 2 дахин илүү жинтэй буюу 110-120 кг хүрнэ, Цаашид 18 сартайдаа 180, 30 сартайдаа 260, 3,5 настайдай 340 кг татдаг. Шарны нядлагын гарц 51.6-59.1 хувь байдаг. Сарлагийн мах миоглобин ихтэй, тэр нь агаарын хүчилтөрөгчтэй амархан исэлдэж махыг хүрэн улаан өнгөтэй болгоно. Сарлагийн өөх “А” аминдэмийг үүсгэгч каротин ихтэй учир тод шаргал өнгөтэй. Түүнчлэн мах нь харьцангуй бүдүүвтэр ширхэгтэй, бараавтар, мах өөхний алаглалт багатай боловч энэ бүхэн нь чанарыг бууруулах биш, харин ч өөх тос-уургийн харьцаа зохимжтой, уураг, витаминар баялаг болохыг харуулна. Сарлагийн мах хүнсний хэрэгцээ хангах болон гадаадын зах зээлд үнэлэгдэх байдлаараа үхрийнхтэй нэгэн адил юм.
Сарлагийн үнээ 3-6 сард зонхилон тугаллана. Сарлагийн сүүний нийт гарцын хэмжээ хөхүүл явах хугацаатай шууд уялдаатай. Тухайлбал 2-3 дугаар сард тугаллавал дунджаар 740, дөрөвдүгээр сард бол 670, тавдугаар сард бол 600, зургаадугаар сард бол 560 литр байна. Сарлагийн сүү маш өтгөн дунджаар тослог нь 7.2, уураг 5.3, чихэрлэг 5.2 хувь байх бөгөөд ялангуяа сааль татрах 9 дүгээр сараас бүр өтгөрч 10-11 сард тослог нь 9-12 хувьд хүрдэг. Сарлаг хүйтэнд маш их тэсвэртэй боловч халуунд тэсвэр муутай. Сахлаг урт үс, зузаан арьс, дулаан зохицуулах эрхтний хөгжил зэрэг нь цөм биеийн дулааныг гадагш алдахаас сэргийлсэн байдаг. Монгол үхэртэй харьцуулахад урт өтгөн үстэй, үсний урт нь биеийн хэсгүүдэд харилцан адилгүй байдаг. Өтгөн урт хялгасан сүүл, хэвлий гуя, далны доод хэсгээс борви өвдгөө хүртэл “Савга” хэмээх урт өтгөн үстэй. Их бие нь ноолуур ихтэй өтгөн сахлаг байдаг. Эдгээр нь хүйтний улиралд даарахаас хамгаалах, дулааны улиралд нарны цацраг гэрлээс хамгаалан, цас, мөс, хайрга чулуутай газар хэвтэхэд зөөлөн дулаан дэвсгэр болж өгдөг онцлогтой.
Сарлагийн ноолуур жил бүр гуужиж шинэчлэгддэг бол сор үс (хялгас) нь аажмаар солигддог. Сарлагийн арьс харьцангуй зузаан, хөлсний булчирхай багатай байдаг нь өндөр уулын сэрүүн нөхцөлд биеийн дулаанаа бага алдах зохицолдолгоо юм. Сарлаг биеийн дулаанаа арьсаараа зохицуулах чадвар дутмаг учир халууцах, хөөж туух үед хэлээ унжуулан хахирч амьсгаадаж байдаг нь дулаанаа амьсгалаар зохицуулж буй арга юм.
Бидний өвөг сарлагийн шарыг нуруу ачихаас бус тэргэнд хөллөгдөггүй нь тэрэгний боодуу амьсгалын замд нь саад болж дулаан зохицуулалт алдагдах явдалтай холбоотой. Орчин үед сарлагийг тэргэнд хийсэн харагддаг нь буруу юм. Сарлаг халуун нартай, нам дор газарт наршин, зүрх судасны цохилт, амьсгал нь түргэсч дулааны зохицуулалт алдагддаг. Улмаар тарга хүч нь муудаж, ашиг шим нь буурах, бэлгийн үйл ажиллагаа, үржин төлжих чадвар доройтож элдэв өвчинд амархан нэрвэгдэнэ.
Сарлагийн сээрний сэртэн урт бөгөөд эгц босоо учир сэрвээ өндөр, нуруу хондлой намхан, бэлхүүс өргөн цээж гүн туурай жижиг бөх бат байдаг нь аргагүй уулын амьтан болохыг гэрчилдэг. Энэ шинж нь нуруу ачаанд онцгой сайн зохицсон ачаа урагшаа хойшоо хажуу тийш унадаггүй учир уулын нүүдэлчид хүүхдээ арганд хийж ачаад үхэртэйгээ сул тавьчихдаг байсан гэдэг.
Сарлагын үржил
[засварлах | кодоор засварлах]Сарлагийг дотор нь цэврээр үржүүлэх нь удмын санг хамгаалах үндсэн арга зам мөн. Иймд өөр зүйл, тодруулбал үхэртэй эвцэлдүүлж хайнагжуулах ажлыг тодорхой түвшинд барих, сүргийн дотор ортоом, балиам ба бусад эрлийз малын эзлэх хувийн жинг бага хэмжээнд байлгах шаардлагатай. Түүнчлэн бухыг тогтмол сольж цус сэлбэх замаар цус ойртохоос сэргийлэх явдал онцгой чухал. Сарлагийн аж ахуйд явуулах үржлийн ажлын чиглэлийг гурван янзаар томъёолж байна.
- Сарлагийг махны чиглэлээр үржүүлэх нь мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэх бодлоготой холбоотой юм. Ийм үед сүү саалийн ашиглалтыг одоогийнхоос илүү зохистой түвшинд явуулах шаардлагатай болно. Тугалыг эхлээр бойжуулж, өсвөр ба нас гүйцсэн сарлагийг зун-намар дээд зэргийн тарга хүч авахуулах, нас гүйцсэн хойно маханд борлуулах бодлого барихыг зөвлөдөг.
- Сүүлийн үеийн судалгаагаар сарлагийг сүүний чиглэлээр шилэн сонгох боломжтойг нотолж байгаа бөгөөд шилэлтийн эрчмийг 80 орчим хувьд барихад нэг үнээний хоногийн дундаж саам 3.5 ба түүнээс дээш болж нэмэгддэгийг Эрхэмбаяр, 2005 тогтоожээ. Сарлагийн үнээний дотроос сүүлэг шинжээр нь шилэлт явуулах, цаашилбал сүүний гарц илүүтэй бичил сүрэгтэй болох зорилгоор энэ ажлыг хэрэгжүүлж сүүнээс орох орлогыг нэмэгдүүлэх боломжтой.
- Цөөн тооны сарлагийг монгол болон өөр үүлдрийн үхэртэй эвцэлдүүлэн хайнаг гаргаж, түүнд илрэх гетерозисийг ашиглах чиглэлээр үржлийн ажил явуулж болно. Хайнаг нь эх үүлдэр болох сарлаг, үхэр хоёроос ашиг шимээр илүү байдаг тул энэ нь сарлагийн аж ахуйгаас үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, сарлагийн зарлагыг багасгахад чухал ач холбогдолтой юм.
Архангай аймгийн Ихтамир суман дахь Өндөр уулын бүсийн салбарын судлаачид үржилтэй эр ортоом илрүүлж ортоом үнээтэй соливцуулан нийлүүлэх аргаар гетерозисийн хэмжээг сэргээж сарлаг, монголын цусны харьцаагаар хайнагт дөхсөн эрлийз гарган авсан нь хайнагаас цааших үеийн эрлийз малыг ашиглах шинэ боломжийг нээж өгсөн юм.
Амьдрах орчин
[засварлах | кодоор засварлах]Хангайн нуруунд жилд дунджаар 350-450 мм хур тунадас унадаг. Улиралд унах хур тунадасны хэмжээ харилцан адилгүй. Хур тунадас өвлийн улиралд бага 21.3-28мм, хаврын сард өвлийнхөөс ахиу 30.1-35мм, зуны улиралд хамгийн их 235.5- 240.1мм, намар 18мм хүртэл буурдаг. Ер нь жилийн хур тунадасны ихэнх нь IV-VIII сард тохиох ба дундажаар 240.4-245.2мм орно. Далайн түвшинээс 2000 метрээс дээш нутагт жилд 250-300 мм, үүнээс дулааны улиралд 237мм тунадас ордог. Зуны улиралд дунджаар 52 удаа бороо ордгоос хүчтэй аадар, мөндөр 10-12 удаа давтагдана.
Хангай нуруу өвлийн улиралд цасан бүрхүүл ихтэй, жилд дунджаар 112 хоног, хамгийн их нь 145 хоног байна. Энэ нь тухайн оны X сараас дараа оны III сарын сүүлч хүртэл үргэлжлэнэ. Цасны зузаан ихэвчлэн 4-10см, заримдаа 50-80 см хүрдэг. Байнга хүйтэн байдаг учир цасан бүрхүүл нягтарч 2-3 см зузаан хатуурч хөр үүсгэдэг ба цасны нягтрал нь уулархаг нутгаар 0.17-0.23 г/см3, нам дор газартаа 0.15-0.20 г/см3 байна.
Сарлаг маллагаа, бэлчээрийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Сарлаг бол манай орны уулархаг бүс нутгаар тархсан малын нэг бөгөөд амьдрахуйн орчин, экологийн нөхцөлтэйгээ холбоо бүхий маллагааны болон аж ахуйд ашиглагдах байдлаараа бусад малаас ялгагдах хэд хэдэн өвөрмөц онцлогтой сүрэг юм. Үүнд: Манай оны Хангай, Их Алтай, Говийн Алтай, Саяны нурууны урьд хэсэг, Хэнтийн нурууны өмнүүр гол төлөв тархсан бөгөөд дундажаар далайн түвшнээс хамгийн нам нь 1600 м ба түүнээс дээш өндөрлөг газраар байршдаг. Намхан тачир, шим тэжээлийн чанараар төдийлэн сайнгүй, цөөхөн төрлийн өвс ургамал бүхий өндөр уулын таг, царам, голын ба уулс хоорондын хөндий, ойн цоорхой, хад асгатай чулуурхаг газраар идээшлэхдээ зохицсон болно. Сарлаг цас, шуурга, өндөр газрын хүйтэн жаврыг нэн сайн тэсвэрлэх Өндөр уулын орой, цавчим ангал, хад асгатай газар орших бэлчээрт бусад мал бараг хүрдэггүй, хүрлээ гэхэд удаан байлгах боломжгүй, мал ч тогтдоггүй учраас зөвхөн сарлагын бэлчээрт ашиглах нөөц гэж үздэг. Сарлаг бол тал бүрийн өгөөжтэй, аж ахуйд олон чиглэлээр ашиглагддаг мал юм. Ардын яриагаар, тухайн байгаа нутагтаа ашиг шимээрээ Монгол үхрийг бүрэн орлож, адуу тэмээний ажлыг хийдэг, өөрөөр хэлбэл, гурван хошуу бодыг хялбархан орлодог, ямаанаас дутахгүй ноолуур өгч чадах мал бол сарлаг юм.
Сарлагтай хамт бүх төрлийн малыг байлгахад төвөгтэйн адил бусад малыг дагуулан сарлагийг дуртай газар санасны зоргоор шилжүүлэн байршуулж болдоггүй, экологийн хязгаарлагдмал орон зайд тархан амьдрахад зохицсон мал юм. Сарлагийг маллах арга ухаан бусад малынхаас өвөрмөц бөгөөд энэ нь сүргийн хариулга маллагаа, тэжээллэгийн асуудлыг зарим талаар онцлон авч үзэх шаардлагыг бий болгодог. Сарлагийн сүү, мах, хөөвөр хялгас, арьс нь технологийн шинж чанар, химийн бүрэлдэхүүн, тогтцоороо нэн өвөрмөц тул хүнсний ба үйлдвэрлэлийн зориулалтаар боловсруулах, ашиглах арга ажиллагаа мөн өөр юм. Сарлаг нь хөл хөдөлгөөнөөс зайдуу аглаг газар оршин амьдарч ирсэн, хожуу гэршсэн тэрхүү онцлогоо дагаж зан төрх, араншингийн хувьд мал, гэрийн бусад амьтнаас ихэд догшин, зэрлэгдүү төрхтэй тул арчлах, тэжээх, маллах, саах, ажилд хэрэглэхэд аюултай, төвөгтэй мэт төсөөлөгдөх явдал бий