Сэрээнэнгийн Гиваапил
Сэрээнэнгийн Гиваапил 1906 онд Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуунд буюу одоогийн Архангай аймгийн Чулуут сумын нутагт малчин ардын гэрт төржээ. С.Гиваапил 14-15 настай байхдаа өртөөний улаа нэхэж ар гэрийнхээ амьдралд тус нэмэр болдог байсан агаад эцэг, эх нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг зорьж нутгийн нэгэн хүнээр монгол бичиг заалгасанд Гиваапил амархан суралцжээ. Улмаар өртөөний бичиг, дансыг хөтлөх, хүмүүсийн хүсэлтээр захидал бичих, дуудаж өгөх хэмжээнд хүрсэн байна. С.Гиваапил эр цэргийн албыг хаах насанд хүрч 1925 онд цэрэгт татагджээ. Цэргийн алба хааж байхдаа бичээч хийхийн зэрэгцээ монгол бичиг, тоо бодлогод улам шамдан суралцаж биеэ боловеруулан шинэ цагийн сэхээтэн болж эхэлжээ. С.Гиваапилийг цэргийн алба хааж байх үед Дотоодыг Хамгаалах газарт албан хаах чадвартай боловеон хүчин дутагдаж байсан учир цэргүүдийн дотроос бичиг үсэг сайтай, сахилга баттай, авхаалж самбаатай залуучуудыг сонгон шалгаруулж ажилтнаараа авдаг байв. С.Гиваапил 1926 оны 6 дугаар сарын 6-наас ДХГ-ын Ерөнхий хэлтсийн туслахаар томилогдон ажиллах болжээ. Тэрээр ДХГ-ын албаны өвөрмөц ажиллагаанд шамдан суралцаж, албан бичиг төлөвлөх, илтгэл, тушаал, төлөвлөгөө хийхээс эхлээд бүх төрлийн ажилд авьяасаа дайчилснаар дарга нартаа үнэлэгдэж нэгэн байгууллагыг толгойлоод явах чадвартай болохоо харуулжээ. Гиваапилийг 1927 онд Хан Тайшир уулын аймаг дахь ДХГ-ын тэргүүлэгчээр томилжээ.Тэрээр орон нутагт сайн ажиллаж, тавигдаж байсан үүрэг, даалгаваруудыг нэр төртэй биелүүлсэн учир 1929 оны 6 дугаар сард ДХГ-ын нууц хэлтсийн тасгийн туслахаар дэвшүүлэн томилжээ. 1930-аад оны эхээр Төгсбуянт, Улаангом, Бодончийн хүрээнд гарсан хувьсгалын эсэргүү бослогыг цус урсгасан дайн байлдаанд хүргэлгүй дарах үүрэг түүнд ноогдсоныг амжилттай биелүүлсэн учир 1931 онд Засгийн газрын шийдвэрээр Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнагджээ. С.Гиваапил 1932 онд ДХГ-ын улс төрийн хэлтсийн даргаар томилогдсоноосоо хойш удалгүй мөн ондоо ДХГ-ын орлогч даргаар томилогдоход нь цагдан сэргийлэх байгууллагыгДХГ-т шилжүүлэн нэгтгэж С.Гиваапилд хариуцуулан ажлыг нь шинэчлэн сайжруулахыг даалгаснаас үзэхэд тэрээр ажлын дадлага туршлагатай, аливаа асуудалд буурь суурьтай ханддаг, тухайн үедээ өсч явсан залуу ажилтан байсны баталгаа юм. С.Гиваапил 1933 онд Улсын Бага Хуралын тэргүүлэгчдийн шийдвэрээр Цэргийн гавьяаны хоёрдугаар зэргийн одонгоор шагнагджээ. 1930-аад оноосЗХУ-ын ДХАК-ын газраас Монгол улсын ДХГ-т ирж ажиллаж байсан сургагч нар ДХГ-ын ажилтнуудад шахалт, даралт үзүүлэх хандлага гарган, ДХГ-ын бүх ажлыг командлах болсонд С.Гиваапил ихэд дургүйлэхдэг байжээ. Энэхүү байдлыг нь тэдгээр сургагч нар мэдсэн учраас С.Гиваапилээс элдэв өө сэв хайж түүнийг албан тушаалаас нь зайлуулан холдуулахыг оролдох болсон байна.