Jump to content

Тауэр гүүр (Лондон)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тауэр гүүр

Та́уэр гүүр, буюу Тауэр-бриж (англи. Tower Bridge, үгчилж орчуулбал— Цамхагт гүүр) —Лондон хотын төвд Тэмз мөрөн дээгүүр байдаг дүүжин болон салдаг (нээгддэг) гүүр. Зарим хүмүүс 0,8 км зайтай орших Лондонгийн гүүртэй эндүүрдэг. Тауэр гүүрийг 1886 онд барьж эхлээд 1894 онд нээсэн байна. Мөн энэ гүүр нь Их Британи болон Лондон хотын бэлэг тэмдэг болдог байна.

Тауэр гүүр нь Лондон хотын корпорацийн (англи. City of London Corporation) хяналтан дор байдаг Bridge House Estates хэмээх буяны байгууллагын эзэмшилд байдаг Лондонгийн таван гүүрний нэг юм. Уг гүүр нь цамхгийн хажуу талын дүүжин гүүрний хэсгүүдээс үүсэх хэвтээ суналтын хүчийг тэсвэрлэх зориулалттай хоёр хэвтээ явган хүний ​​замаар дээд талын түвшинд холбогдсон хоёр гүүрний цамхгаас бүрддэг байна.

Гүүрэн дээр талбай нь тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдод чөлөөтэй нэвтрэх боломжтой бол гүүрний ихэр хоёр цамхаг, явган хүний ​​зам, хөдөлгүүрийн өрөөнүүд нь "Тауэр гүүр" үзэсгэлэнгийн нэг хэсэг бөгөөд ороход хураамж төлдөг байна.

Тауэр гүүр, 1900 онд

1876 ​​онд энэ орчим Тэмз мөрнийг гатлах асуудал тавигдаж тэрхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тусгай Хороог байгуулжээ. Үүний дагуу гүүр барих төслийн уралдаан зарлан зохион байгуулахад 50 гаруй төсөл иржээ. Сүүлд 1884 онд л ялагч тодорч, тусгай Хорооны гишүүн Г.Жонсын санал болгосон төслөөр гүүр барих шийдвэр гарсан боловч 1887 онд тэрээр нас барж барилгын ажлыг архитектор Сэр Жон Волф Барри (англи. Sir John Wolfe Barry, 1836 – 1918) удирдан хийж дуусгасан байна.

Гүүрний барилгын ажил 1886 оны 6-р сарын 21-нд эхлээд 8 жил үргэлжилсэний эцэст 1894 оны 6-р сарын 30-нд дуусч албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаанд Уэльсийн хунтайж VII Эдвард, эхнэр Александра гүнжийн хамт оролцсон байна.

Удалгүй гүүрэн дээрх явган хүний ​​​​галерей халаасны хулгайчдын цуглардаг "газар" болсон байна. Иймээс 1910 онд галерейг хаасан бөгөөд 70 жилийн дараа 1982 онд дахин нээгдэж музей, ажиглалтын тавцан болгон ашиглаж байна.

Энэ нь 244 м урттай салдаг гүүр бөгөөд 65 м өндөртэй хоёр цамхаг нь завсрын тулгуур дээр байрладаг. Усан онгоцыг голоор нэвтрүүлэхийн тулд гүүрийн хоёр хэсэг тус бүр нь 83 ° өргөгддөг байна. Тус бүр мянган гаруй тонн хоёр далавч тус бүр нь сөрөг жингээр тоноглогдсон бөгөөд шаардлагатай хүчийг багасгаж, нэг минутын дотор гүүрийг нээх боломжийг олгодог байна.

1974 онд гүүр өргөх системийг бүрэн шинэчилж, тосон гидравлик шахалтыг цахилгаанаар ажлуулдаг болсон байна.

Гүүрний загварын дагуу явган зорчигчдод гүүрэн гарц нээгдсэн үед ч гүүрээр гарах боломжтой байсан юм. Үүний тулд замын захын дагуу байрлах ердийн явган хүний ​​замаас гадна дунд хэсэгт нь 44 метрийн өндөрт цамхагуудыг холбосон явган хүний ​​​​гарц барьсан байна. Тэрхүү гарц руу цамхаг дотор байрлах шатаар өгсөн ордог юм. 1982 оноос хойш гарцыг музей болон орчныг харах тавцан болгон ашиглаж байна.

Өмнө нь гүүрийг өдөрт 50 хүртэл удаа нээдэг байсан бол өдөө долоо хоногт 4-5 удаа нээгддэг болсон байна.