Хүндийн өргөлт
Хүндийн өргөлт нь орчин үеийн Олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрөл бөгөөд хүндийн өргөлтийн тамирчны зорилго нь өөрийн даах хамгийн хүнд жин бүхий туйванг нэг удаагийн өргөлтөөр толгой дээрээ өргөн гаргах юм.
Хүндийн өргөлтийн тэмцээн нь огцом өргөлт болон түлхэлттэй өргөлт гэсэн өргөлтүүдээс бүрддэг. Тамирчид энэ хоёр өргөлтийг гурав гурван удаа гүйцэтгэх боломжтой бөгөөд амжилттай гүйцэтгэсэн хамгийн хүнд хоёр өргөлтийг нэгтгэн нийлбэр дүн гаран тухайн жингийн бусад тамирчдийн нийлбэр дүнтэй харьцуулагдана. Эрэгтэй, эмэгтэй жингийн ангилалууд нь харилцан адилгүй. Хүндийг өргөгч нь ядаж нэг огцом өргөлт, нэг түлхэлттэй өргөлтийг амжилттай гүйцэтгэж чадаагүй тохиолдолд нийлбэр дүн бүрдэж чадахгүй. 1972 оноос өмнө хүндийн өргөлтийн тэмцээнд мөрнөөс шахах (clean and press) гэсэн өргөлт мөн багтдаг байсан бөгөөд шүүлтийн явцад зөв гүйцэтгэлийг тодорхойлоход амаргүй гэсэн шалтгаанаар хүндийн өргөлтийн тэмцээнээс албан ёсоор хасагджээ.
Бусад хүний бяр чадлын хязгаарыг шалгадаг хүчний спортын төрлүүдтэй харьцуулахад, хүндийн өргөлт нь хүний тэсрэх хүчний хязгаарыг дээр зэргээр сорьдог, тэр ч утгаараа өргөлтүүдийн гүйцэтгэл нь маш хурдан явагддаг бөгөөд бусад адил төрлийн хүчний өргөлтүүдийг бодвол илүү уян хатан чанар, хөдөлгөөний далайцыг шаарддаг.