Шоргоолж
Шоргоолж | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эзэмшил нутгаа хамгаалан тулалдаж буй шоргоолжнууд
| ||||||||||
Биологийн ангилал | ||||||||||
|
Хэдэн зуугаас хэдэн саяараа бүлэг болон амьдардаг шавьжны аймгийн томоохон төлөөлөгч шоргоолж ухаантай амьтан. Судлаачид нийгэмшсэн шавьж ч гэх нь бий. Тэд зохион байгуулалт, хатуу дүрэм журамтай амьдардгаараа хүнтэй төстэй. Хүн нийгмийн бүтээгдэхүүн бол шоргоолж өөрийн хатан хаант улсын цэрэг. Энэхүү шавьжны нийгэм хатуу, чанга дэглэмтэй. Олон төрөл зүйл шоргоолж байх бөгөөд бүгд өөрийн хуулиар амьдарна. Хүнээр бол тухайн орны хууль, дүрэмд захирагдахтай адил. Омгийн дийлэнх хувийг ажилчин анги бүрдүүлдэг. Тэд бүтээн байгуулж, хоол хүнсээ базааж, шинэ үеийг хүмүүжүүлнэ. Удирдагч нь хатан шоргоолж бөгөөд ихэнх омог нэг л хатантай. Шоргоолжны амьдрал үндсэн хоёр хэсэгт хуваагдана. Амьдралын эхний хэсэгт тэд тэжээлгээд тааваараа амьдрах бөгөөд энэ нь манцуйтай үе буюу өндөг байх хугацаа юм. Өндөгнүүдийг ажилчин шоргоолжнууд ийш тийш нь зөөж, аманд нь хоол хийж “эрхлүүлнэ”. Та шоргоолжны үүрийг нэг удаа боловч ажиглаж байсан уу? Биеэсээ ахадсан гэмээр том цагаан зүйлийг нааш цааш нь зөөгөөд завгүй “шогших” шоргоолж өндөгнүүдийг нэг өрөөнөөс нөгөө рүү нь шилжүүлж буй нь тэр аж. Биднийг харахад эх толгой нь мэдэгдэхгүй бужигнасан тэдгээр амьтан хийх ажилгүйдээ ингэж зөөдөггүй юм байна. Өндөгний өсөлт, хөгжлөөс шалтгаалан халуун, чийглэг өрөө рүү “хүүхдүүдийг” шилжүүлээд дараа нь өрөөг нь цэвэрлэж, ялгадсыг нь гарган хаяна. Ганц удаа шилжүүлээд орхихгүй. Бүх өндгийг авгалдай болтол энэ ажил үргэлжилж, өрөө өрөө дамжсаар байх болно. Өрөө хэсэж эрхэлсэн хэдэн өндөг том болжээ. Эндээс амьдралын хоёр дахь хэсэг үргэлжилнэ. Нас бие гүйцсэн тэд өөрсдөө өндөг үүрээд өрөө хэсэх боллоо. Бүтээн босгож, анд явж, хоол хүнсээ хуваарилна. Омгийн шоргоолж бүр өөрт оноогдсон үүрэгтэй. Шоргоолж хэмжээ, хэлбэрийн хувьд янз бүр. Хоёрхон милиметр биетэй лептофораксаас эхлээд гурван см аварга биетэй динопонера хүртэл бий. Өчүүхэн биетэй ч энэ амьтан хангалттай урт насалдаг. Ажилчин шоргоолж 1-5 жил, эх хатан 15-20 жил амьдарна. Хааны алба ээлжтэй гэдэгчлэн хатны суудал ч мөн энэ хугацаанд халаа сэлгээтэй байна. Гэхдээ зайлшгүй солигдоно гэсэн үг биш. Бүх насаараа хатан суудалдаа үлдэх тохиолдол бий гэнэ. Омгийн гишүүдийн үүрэг, хариуцлага Эрэгчин. Омогт хүйсийн харьцаа тэгш бус бөгөөд ихэвчлэн эмэгчин шоргоолж давамгайлдаг. Цөөхөн тооны эрэгчин зөвхөн эвцэлдэх үеийг хүлээж үүрэндээ “гиюүрнэ”. Тэд омгийн амьдралд оролцох эрхгүй. Зун болж, үр тогтоох үндсэн ажлаа хийсэн эрэгчин өөрийгөө авч явах чадваргүй болж үхнэ. Тодруулбал, үүргээ гүйцэтгэсэн эрэгчин маш хурдан үхдэг байгалийн тогтолцоотой. Эмэгчин. Ихэнх эмэгчин үржих чадваргүй тул өндөглөх үүрэг, хариуцлагыг хатан шоргоолж гүйцэтгэнэ. Омгийн залгамж үеийг тээх хатны өсөлтөд амьдрах орчны хэм, хоол тэжээл их чухал. Энэ бүхнийг ажилчин шоргоолжнууд зохицуулна. Эмэгчин шоргоолж дутуу хөгжилтэй буюу тэжээлийн дутагдалтай өндөг гаргадаг аж. “Нялзрай” амьтдыг ажилчин шоргоолж бөөцийлөн долоож өсгөнө. Шаардлагатай тэжээлийг шүлсээрээ дамжуулж өгдөг тул байнга долооно. Шүлсэнд олон төрлийн эрдэс бодис, амин дэм агуулагддаг. Шүлс хоол, тэжээл болоод зогсохгүй өндөгний хальсанд тогтсон бохирыг цэвэрлэх хамгаалалт болдог. Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ (2009-02-10) Ажилчин. Ажилчдыг биеийнх нь хөгжлөөс шалтгаалан жижигхэн, дунд зэрэг болон том гэсэн гурван бүлэгт хуваана. Жижиг биетүүдийг хамгаалалтын албанд томилох бөгөөд өөрөөр хэлбэл тэд бол цэрэг юм. Хоол хүнсээ цэвэрлэж, жижиглэж ангилах гэхчлэн цэргүүд хамаг л хар бор ажлыг хийнэ. Асрагчийн ажил, үүр засаж, сэлбэх зэрэгт үлдсэн хэсэг томилогддог. Гэхдээ энэ албанд нас харгалзаж, эрэмбэ дараатай явуулна. Эхлээд “хүүхэд” асарна. Дараа нь барилга, бүтээн босголтод оролцоно гэх мэт. Шоргоолжийн омогт хатуу ширүүн хууль үйлчилнэ. Хүн төрөлхтөн ахмад буурлуудаа амрааж, тэтгэвэрт суулгадаг бол өндөр настай шоргоолжнуудад хамгийн хүнд үүрэг оноодог. Тэд анд явж, хоол хүнс базаана. Шоргоолжнууд оноогдсон үүрэгт ажлаа л хийнэ. Түгшүүрийн дохио Аюул мэдэрсэн тохиолдолд шоргоолж өвөрмөц үнэртэй феромон хэмээх бодис ялгаруулж бусдадаа мэдэгддэг. Түгшүүрийн дохио авсан даруйдаа омгийн гишүүн феромон ялгаруулж эхэлнэ. Хамгаалтаа зузаатгаж “дайнд” бэлддэг. Гэхдээ түгшүүрийн дохиог онцгой тохиолдолд хэрэглэдэг аж. Худалчийг үнэрээр нь ялгадаг Шоргоолжны үнэрлэх чадвар сайн хөгжсөн байдаг. Омог бүр өөрийн өвөрмөц үнэртэй. Аризон мужийн их сургуулийн эрдэмтэд Aphaenogaster cockerelli хэмээх шоргоолжны нэгэн омогт удаан хугацааны цуврал судалгаа хийжээ. “Current Biology” сэтгүүлд бичсэнээр тус омгийг эмэгчин шоргоолж толгойлох бөгөөд тэрбээр хатан хаан юм. Улс гүрний залгамжлагчийг хатны удмаас л тодруулна. Түүний өндгийг өсвөр насны эмэгчин шоргоолжнууд хайрлан халамжилдаг. Тогтсон ёсыг эвдэх эрх хэнд ч байхгүй. Гэвч омогт зальтай этгээдүүд бий. Тэд өөрийн үр төлийг хатныхтай солих оролдлого хийдэгч бусад гишүүн түүнийг дор нь илрүүлж “бүлэглэн” хаздаг гэнэ. Хэрэг хийх үед зальтай шоргоолжноос содон үнэр ялгардаг тул гарцаагүй баригддаг гэж эрдэмтэд дүгнэжээ. Дашрамд сонирхуулахад, худлаа ярьж буй хүнээс өвөрмөц үнэр ялгардаг болохыг Америкийн эрдэмтэд өнгөрсөн онд баталсан. Омгийнхоо төлөө амиа золиослогчид Forelius pusillus хэмээх шоргоолжны омог хатуу чанга сахилгатай. Science NOW сэтгүүлд бичснээр энэ омгийнхон оройн цагаар цайз буюу үүрнийхээ хаалгыг хааж, бэхэлдэг. Ажиглалтын явцад орой бүр хаалга барьсны дараа цайзны гадна талд хэсэг шоргоолж үлддэг болохыг тогтоожээ. Санамсаргүй байдлаар эсвэл гадуур тэнэж байгаад хоцорсон хэрэг огт биш гэнэ. Тэд үүрэнд орох гарцуудыг нуун далдалж цаг орчим зогсоо зайгүй ажиллана. Өглөө болоход цайзны гадна үлдсэн шоргоолжууд ор сураггүй алга болцгооно. Үүний учрыг олохоор судлаачид цайзны гадна үлдсэн 23 шоргоолжийг ажлаа дуусмагц нь шилэн хоргонд хийгээд хонуулав. Өглөө тэднээс зургаа нь л амьд үлдсэн байв. Хэд хэдэн өдөр ийнхүү туршихад тэд амиа хорлодог болохыг нотолжээ. Гарцаагүй аюул тулгараагүй тохиолдолд ийнхүү амиа хорлох шалтгааныг эрдэмтэд хараахан тогтоогоогүй гэнэ. Түүнчлэн өдөр бүр хэдэн арван цэргийг өнгөлөн далдлалт хийлгэхийн тулд ийнхүү зольж буйн учрыг одоохондоо тайлбарлаж чадаагүй.