Авеста

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Авеста бол Зороастрианизмын судар бөгөөд Ираны уран зохиолын хамгийн эртний дурсгал юм.

Энэ бол нэг цул зохиол биш, түүх нийгмийн хөгжлийн олон үе шатыг хамарсан агуулга нь олон үе давхаргатай. Авестад аман хэлний арга барил зонхилж, бичгийн хэлний элемент бага тусгагдсан онцлогтой. Авеста шууд зохиогдоогүй, ардын билиг төсөөлөл, бичиг зохиолын хөрсөн дээр суурилж гарч ирсэн юм.

Энэ зохиолын гол хэсэг болох Заратустрын номлоосон Гаадаа хэмээх сударт Иран овогтны тахин шүтэж байсан хуурамч, домог үлгэрийн тэнгэр нарыг шүүмжилж, тэр үеийн нүсэр их тахил тайлгыг эсэргүүцсэн байдаг. Гаадаагийн нийт сургаал нь ёс суртахууны асуудал, аж төрлийн практик талд ихэвчлэн хандсан байдаг. Дүрийн нийт тогтолцоо нь байгаль, нийгэмд бодтой илэрч байдаг эсрэг тэсрэг үзэгдлийн мөргөлдөөнийг тусган сайн муу гэсэн хоёр талд туйлширчээ. Бас бүх ертөнцийг биет, бодот "юмсын ертөнц" болон гадны хийсвэр "санааны ертөнц" гэж хоёр их мандал болгон хуваажээ.

Өдгөө Гаадаа хэдий үед зохиогдсон нь нарийн тогтоогдоогүй байна. Зарим эрдэмтэд (Струве, Тревер, Толстов, Двяконов) Ираны баруун хэсэг Мидийд НТӨ IX-VII зууны үед зохиогдсон гэж үзсэн ажээ.

Авеста судар 21 номоос бүрдэх боловч уламжлан ирсэн нь нэн цөөхөн бөгөөд бидний үед хоёр янзын хувилбараар хадгалагдаж иржээ. Эхнийх нь авеста хэлээр бичигдсэн мөргөлийн уншлагын эмхэтгэл тул Заратустрын сахилтан мөргөл хийхдээ уншдаг. Хоёр дахь хувилбар нь өмнөхийн адил хэсгүүдээс бүтсэн боловч уншлага, мөргөлд зориулаагүй, системтэй судлахад зориулагдсан байдаг байна. Энэ хувилбарыг бүлэг ном болгон ангилсан төдийгүй дундад үеийн перс хэлээр тайлбарласан орчуулгыг хамтатгасан байдаг.

Авеста нь бусад судар Библи, Куран, Вээдийн нэгэн адил анх эхэлж хянан зохиогдохдоо тэр үеийнхээ мэдлэгийн бүх л салбарыг хамарсан байна. Авестагийн хамгийн эртний үе давхарга бол бүр Гаадаа судрыг зохиохоос өмнө байсан шүтлэг төсөөлөл, ардын аман зохиол юм. Авестагийн үе давхарга нь ард түмний хөдөлмөрийн туршлага болон ертөнцийг үзэх үзэл бодолтой нь салшгүй холбоотой ардын эртний аман яруу найраг хэрхэн үүссэнийг илэрхийлэх үе шатууд юм. Иймд Авеста бол уран илтгэх урлагийн үеийн ардын уран бүтээл туурвилыг бүхэлд нь тусгасан дурсгал бичиг юм.

Авеста бол эртний хүний ухамсар, мэдлэгийн зааг ялгаа гараагүй байх цаг үеийн нийлэг хам сэтгэлгээг нь тусгасны хувьд уран зохиолын түүх, байгалийн ухаан, шашин, гүн ухаан, газар зүйн ухааны чухал хэрэглэгдэхүүн юм.