Jump to content

Амедео Авогадро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Амедео Авогадро (Итали: Amedeo Avogadro)
Амедео Авогадро
Төрсөн огноо1776.08.09
Итали, Турин
Нас барсан огноо1856.07.09
Итали, Турин
Оршин суугаа улсИтали
ҮндэсИтали
Салбарфизикч
БайгууллагаТуринны Их Сургууль
Алдаршсан зүйлАвогадрогийн хууль
Авогадрогийн тоо

Лоренцо Романо Амедео Карло Авоградо ди Каренья э ди Черрето[1] (Итали: Lorenzo Romano Amedeo Carlo Avogadro di Quaregna e di Cerreto, 1776 оны 8 дугаар сарын 9-нд төрж, 1856 оны 7 дугаар сарын 9-нд нас барсан) нь Италиийн физикч, химич бөгөөд хуульчийн гэр бүлд төржээ. Аавыхаа мэргэжлийг өвлөж хуульч болсон боловч багаасаа байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой байсан тул мэрэгжлээ сольж, цахилгааны шинж чанарын талаар судалгаа хийж эхэлжээ.

Mémoire sur les chaleurs spécifiques

Амедео Авогадро нь 1776 онд Италийн Туринд хуульчийн гэр бүлд мэндлэжээ. Тэрээр эцгийнхээ мэрэгжлийг залгамжлан 1796 онд хууль эрхийн ухаанаар докторын зэрэг хамгаалжээ. Гэвч багаасаа байгалийн шинжлэлд илүү сонирхолтой байсан тул 1800-гаад оноос мэргэжлээ сольж, цахилгааны шинж чанарын талаар судалгаа хийж эхлэсэн байна.

1802 оноос Турины их сургуулийн профессор болжээ. Тэрээр 1811 онд "Молекулын болон түүний нэгдлийн жин, харьцааг тодорхойлох арга", "Бодисын молекулын харьцангуй жингийн тухай" зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүдээ хэвлүүлсэн нь ихэд алдаршуулсан юм. Авогадро нь хийн байдалтай бодисын харьцангуй молекул жинг тэдгээрийн нягтын харьцаагаар тодорхойлж болно гэсэн дүгнэлт хийж хүчилтөрөгч, азот, устөрөгч, хлор зэрэг хийн молекул хоёр атомаас тогтдогийг баталсан байна. Ердийн нөхцөлд байгаа хийн молекул нь нэг юм уу хэд хэдэн атомоос бүрддэг гэсэн таамаглал гаргаж, энэ таамаглалдаа үндэслэн "Адилхан температур, даралтад байгаа ижил эзлэхүүнтэй хийнүүд нь адил тооны молекул агуулсан байна" гэсэн хуулийн тодорхойлолт өгсөн. Тэр цагаас эхлэн нэг моль бодис дахь атом, молекулын тоог "Авогадрын тоо" гэж шинжлэх ухаанд нэрлэх болжээ. Авогадрын тоо нь физикийн ихэнх тогтмолыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэх болсон юм.

Авогадро аливаа нэг моль хий бүр тодорхой тогтмол эзлэхүүнтэй байх бөгөөд ижил температур, даралтад байгаа хоёр хийн нягт нь молекул жинтэйгээ шууд, хувийн эзлэхүүнтэйгээ урвуу хамааралтай байна гэж томъёолсон байна. Энэ томъёоллоор тэр дөчөөд хийн молекул жинг устөрөгч, хүчилтөрөгчийн атомын жинтэй харьцуулан тодорхойлжээ.

Хийн байдалтай бодисын гол хуулийг нээсэн Авоградын онол хожим арван есдүгээр зуунд Оросын эрдэмтэн Д.И.Менделеевийн химийн элементийн үелэх системийг нээх нэг үндэс болсон байна.

  1. Guareschi, Icilio (1911), "Amedeo Avogadro e la sua opera scientifica", Opere scelte di Amedeo Avogadro, Turin: Accademia delle scienze, pp. i–cxl.
 Commons: Амедео Авогадро – Викимедиа дуу дүрсний сан