Jump to content

Андре Мари Ампер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Андре Мари Ампер (1775-1836

Андре Мари Ампер (Франц: André-Marie Ampère, 1775 оны 1 сарын 20 - 1836 оны 6 сарын 10) нь цахилгаан соронзонг анх нээсэн гэгддэг, Францын нэрт физикч, математикч, цахилгаан динамикийг үндэслэгчдийн нэг ажээ. Гүйдлийн хүчний нэгж болох "ампер" нь түүний нэрээр нэрлэгдсэн.

Андре Мари Ампер нь Францын Лион хотноо төржээ. Ампер бүр багадаа, тоо бичиж чаддаггүй байхдаа чулуу самрын ясаар арифметикийн бодлого боддог байсан гэдэг. Ямар ч сургуульд суралгүй гэрээр бие даан боловсрол олж, өөрийн саруул оюун ухаан, нөр хөдөлмөрөөр их үр дүнд хүрсэн энэ эрдэмтэн бүр хүүхэд бага наснаасаа номын их хорхойтон байжээ. Тэрээр 11 настайдаа шинжлэх ухааны туйлаас сонирхож, аливаа зүйлийн учрыг олж, нууцыг тайлах хүсэл сонирхолтой болсон байлаа. Үүнд тэдний гэрийн баялаг номын сан нелөөлсөн нь лавтай. 12-14 насандаа Ампер Д'Аламбер, Д.Дидро нарын зэрэг алдарт эрдэмтэн, мэргэдийн бүтээл 20 боть нэвтэрхий толийг уншин дуусгаж, 13-тайдаа "Дугуйн квадратурын бодлого" хэмээх анхны эрдэм шинжилгээний бүтээлээ Лион хотын Академид хэлэлцүүлж байжээ.

Тэрээр физикийн ухааныг бие даан судалж 18 нас хүрэхдээ Ж. Лагранжийн "Аналитик механик"-ийг бүрэн судлаад их сургуулийн программт хичээлийг үзсэн байв. Тэгээд 1802 онд "Математикийн онолын хошин бодомжууд" гэдэг номоо хэвлүүлжээ. Энэ үед эцэг нь цаазлуулж, эхнэр нь нас баран амьдралд нь хүнд цохилт болсон ч шинжлэх ухаанд биеэ зориулна гэсэн замаасаа хазайсангүй. A. М. Ампер 1814 онд Францын Шинжлэх ухааны академиийн гишүүнээр сонгогдсон бөгөөд 1824 он хүртэлх жилүүд бол түүний эрдэм судлалын ажилд хамгийн өгөөжтэй үе байв. Чухамхүү энэ үеэр тэр цахилгаан ба соронзон үзэгдлийн холбоог тогтоосон анхны онол соронзны мөн чанарын тухай таамаглал гаргаж, 1820 онд гүйдэлтэй дамжуулагчид соронзон орноос үйлчлэх хүчийг анх тодорхойлжээ. Мөн цахилгаан гүйдэл гэдэг ойлголтыг физикт анх удаа оруулжээ. Тэр үедээ Амперийн хэрэглэж байсан ширээ, багажууд нь одоо хэр хадгалагдсаар байна. Эдгээр багажаа ашиглан цахилгаан соронзон талбайн үйлчлэлийн чиглэлийг тодорхойлох аргыг (Амперийн дүрэм) тэр 1820 онд боловсруулсан байна. Ингээд таван жилийн хугацаанд хийсэн туршлагууд дээрээ үндэслэж "Цахилгаан динамикийн үзэгдлийн талаар туршлагаас гарсан онол" хэмээх сонгодог бүтээлээ хэвлүүлж, "Амперийн тэгнүүр" гэж шинжлэх ухаанд нэршсэн багажаа зохион бүтээжээ. Ампер зөвхөн алдарт физикч төдийгүй нэрт математикч байсан юм. Математикийн салбарт хийсэн түүний гол бүтээлүүд 1830-аад онд туурвигдсан бөгөөд гол нь магадлалын онол, вариац тоолол, математикийн анализийн салбарт зориулагдсан байдаг.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд "Хүн төрөлхтний мэдлэгийн ангилал буюу шинжлэх ухааны философийн туршлага" номынхоо 1-р ботийг 1834 онд хэвлүүлсэн бөгөөд тэр үед хэлний шинжлэлийн нэрт эрдэмтэн болоод байсан хүү Жан Жак нь түүнд тусалсан гэдэг. Түүгээр ч барахгүй уг номын 2-р ботийг хүү нь гүйцээн хэвлүүлсэн байна.

A. М. Ампер 62 нас сүүдэртэйдээ Марсель хотод өөд болжээ. Эрдэмтний физикийн шинжлэх ухаанд оруулсан гавьяаг мөнхжүүлж 1881 онд гүйдлийн хүчний нэгжийг "Ампер" хэмээн нэрлэжээ. Мөн төрөлх Лион хотод нь түүний хөшөөг босгожээ. 1931 онд Амперийн амьдарч агсан байшинг сэргээн засаж гэр-музей байгуулсан байна.

 Commons: Андре Мари Ампер – Викимедиа дуу дүрсний сан