Антонио Страдивари

Антонио Страдивари (1644 онд Италийн хойд зүгт орших Ломбарди нутгийн Кремона хотод төрсөн-1730 оны 12-р сарын 18-нд тэндээ нас барсан) Өрнийн сонгодог хөгжмийн голлох хөгжмийн зэмсгүүдийн нэг болох "хийл" болон бусад утаст зэмсгүүдийн томоохон урлаач байсан юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүний намтарын тухай тодорхой тэмдэглэгдсэн зүйл ховор боловч түүхчид түүнийг 1657-1667 онд Николо Аматигийн урланд цалингүй хүчин зүтгэж байсан хэмээн тэмдэглэжээ. Харин 1667 онд Антонио Страдивари гэр бүлтэй болсноор Аматигийн үйлдвэрээс гарч биеэ даасан өөрийн гэсэн урлантай болсон гэдэг. Энэ үеэс эхлэн тэрээр өөрийнхөө хийсэн хөгжим дээрээ бүтэн нэрээ тавих болжээ.  

Өөрийнхөө нэрээр гаргаж эхэлсэн хөгжмөө 1666 онд анх хийсэн ба 1683 он хүртэл өөрийн багш Аматигийн хэв маягийг дууриан хийж байсан бол 1688 оноос тэрээр дээрхийг өөрчлөх туршилтуудыг оролдож эхэлжээ. 1690 он хүртэл дээрх туршилтын явцад түүний хийл хөгжмийн зэмсгүүд харьцангуй том хэмжээтэй болж байсан юм. Энэ үеийн хийцүүдийг “аматизе” гэх нь бий. Харин 1691 оноос эхлэн Аматигийн хэлбэр хийцээс эрс татгалзах болж өөрийн гэсэн хийцийг бий болгов. Энэ нь уртавтар хийл (allonge) бөгөөд хөндлөн зүсэлттэй агч модоор хийсэн нь хөгжмийн тембрийн хувьд нарийн сопрано өнгөнөөс меццо сопранод дөхөж очсон гэдэг. 1698 оны богино хугацаанд аматийн загварыг авсан боловч 1704 оноос (60 настай) өөрийнхөө хийл хөгжмийн загварт эрс шинэчлэл хийсэн нь өнөөдрийг хүртэл хэн ч давтаж байгаагүй, хэн ч дуурайж үл барам хийц болж чаджээ. Энэ өвөрмөц хийц нь 1704-1725 он 21 жил үргэлжилсэн юм. Энэ хугацааг нь мөн 2 хэсэгт хувааж болохоор байна. 1704-1717 он бол хийцийн хувьд торгомсог гялалзсан гацуур модыг ширхэгийг зөв тааруулан нягт, цул байдлаар ашигласан бол доод дек нь эвлүүлсэн бус цул нэг биеэр хийж байсан байна. 1717 оноос хөгжмийнхөө декэд зориулан гацуур модны “хазельфихте” төрлийг сонгон хэрэглэж байжээ. 1681 онд Страдивари Кремоны Доминиканы сүмийн дэргэд 3 давхар байшин худалдаж аваад үйлдвэрлэлээ ажиллуулжээ. Тэрээр маш их уйгагүй хөдөлмөрлөгч нэгэн байсан бөгөөд тэр хэрээрээ амжилтанд хүрч багагүй хэмжээний хөрөнгө хураасан гэдэг ба Кремоны ард иргэдийн дунд “Страдивари шиг баян хүн” гэх яриа түгсэн ажээ. Страдивари хэдийгээр үйлдвэрлэл эрхэлж байсан боловч түүнд Франческо ба Омобоно (хүүхдүүд нь), Карло Бергони гэсэн 3 шавийг зэрэгцүүлэн сурган бэлтгэжээ. Хүн төрөлхтний хөгжмийн их урлаач Страдивари 93 насыг энэ амьдрал, урлалд зориулахдаа 2 мянга гаруй хөгжмийн зэмсэг үйлдвэрлэж үлдээсэн бол өнөө цагт тэдгээрээс 600 гаруй нь үлдсэн гэсэн мэдээлэл байдаг.

2021 оны 8-р сарын 23-нд Лондонд сонгодог хөгжмийн цомог бичигдсэн бөгөөд уг бичлэг хийхэд зориулж Антонио Страдиваригийн 12 хөгжмийн зэмсгийг нэг дор цуглуулсан бөгөөд нийт хөгжмийн зэмсгүүдийн өртөг нь 200 сая доллар хүрсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс "Дэлхийн хамгийн үнэтэй хөгжим" хэмээн тодорхойлсон "12 Stradivari" цомог 2022 оны 9-р сарын 10-нд Их Британид худалдаанд гарна гэж зарлаж байсан байна.

Утсан хөгжмийн зэмсгийн мастерууд[засварлах | кодоор засварлах]

  • Николо Амати (1596—1684) — Итали
  • Андреа Гварнери (1626—1698) — Итали
  • Никола Люпо (1758—1824) — Франц

.