Байдраг гол
Байдраг гол | |
---|---|
Эх | Хангайн нуруу |
Адаг | Бөөнцагаан нуур, Адгийн цагаан нуур |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол |
Байршил | -Баянхонгор аймаг |
Урт | 295-310 км |
Ус цуглуулах талбай | 28.277 км² |
Голын систем | Байдраг |
Зүүн цутгалууд | Өлзийт гол |
Баруун цутгалууд | Загийн гол |
Байдраг нь Монгол Улсын Баянхонгор аймгийн нутгаар урсдаг гол.
Тус гол нь Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан хоёр нуурт усаа нийлүүлдэг. Нийт урт нь Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км урсана. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол (80 км), зүүн гар талаас Өлзийтийн гол (135 км) зэрэг 99 гол горхи цутгадаг.
Байдраг гол Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсана. Хөндийн хажуу эгц, хад асга ихтэйн дээр хээр, говийн тачир ургамалшилтай юм. Энэ хэсэгт гол нэг гольдролоор урсах бөгөөд гольдролын өргөн 20-40 м, зонхилох гүн 0.3-1.5 м, урсгалын хурд 1-1.5 м/с хүрнэ.
Ардын уран зохиолч Тангадын Галсангийн "Байдраг" шүлэгт:
Зуун гол нийлж мөрөн болдог юм гэдэг
Зуур замдаа сааталгүй далайд хүрдэг юм гэдэг
Зуун гол цутгасан өргөн мөрөн болоход ганцхан гол дутсан
Энэ нь таны эмгэнэл юм гэдэг.
Алдар суу тань
Алтан товчид ч бий
Авсаархан хөрөг чинь газрын зурагт ч бий
Энэ нь таны бахархал юм гэдэг
...гэсэн байдаг.