Баримтат кино

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Баримтат кино (Документальный фильм. Documentary film) гэдэг нь кино урлагийн нэг төрөл юм. Амьдралын бодит баримт, болсон үйл явдал, үзэгдэлд түшиглэн хийсэн богино болон бүрэн хэмжээний киног баримтат кино гэнэ. Баримтат киног улс орны дотоодод болон гадаадад болж байгаа чухал үйл явдлыг үзэгчдэд шуурхай мэдээлэх зорилго бүхий кино мэдээлэл, кино нийтлэлийн хэлбэрээр дүрийг тодруулж хийсэн бүрэн хэмжээний баримтат кино гэж хоёр ангилдаг. Баримтат кино нь кино мэдээлэлтэй харьцуулахад өргөн цар хүрээтэй, бодит материалыг дүрээр гаргах аргыг хэрэглэсэн байдаг. Баримтат кинонд жүжигчид оролцдоггүй, тайзны засал чимэглэл болон уран сайхны кино бүтээдэг элдэв арга барилыг хэрэглэдэггүй. Кино урлагийн эх үүсвэр 1895 онд Францын иргэд ах дүү Люмьерүүд хөдөлгөөнт дүрийг дэлгэцэнд гарган үзүүлэх аппарат бүтээж, Парисын “Гран – Кафе”-д кино үзлэгийг зохион байгуулснаар тавигдсан гэж үздэг. Манайд 1935 онд Улаанбаатард “Монгол кино” студи байгуулагдаж, 1936 онд “Майн нэгний 47 жилийн ой”, “Октябрийн хувьсгалын 19 жилийн ой”, “Улсын баяр наадам” зэрэг кино мэдээгээр гараагаа эхэлжээ. 1947 оноос “Манай оронд” гэсэн сар тутмын баримтат кино сэтгүүл гаргаж эхэлсэн бөгөөд 1954 оноос “Кино мэдээ” гэж нэрлэх болжээ. Баримтат киноны хөгжилд Ц.Зандраа, Ж.Бунтар, О.Уртнасан, Б.Сумхүү, Р.Доржпалам, Ц.Наваан, Я.Хишигт, Н.Содном зэрэг кино урлагийн нэрт уран бүтээлчид томоохон хувь нэмэр оруулсан байна. Манай киноны уран бүтээлчид 2000 он хүртэлх 60 гаруй жилд нийтдээ 700 гаруй баримтат кино бүтээжээ. Баримтат кино бусад ОНМХ-үүдийн нэгэн адил олон түмэнд ухуулах, сурталчлах, мэдээллэх зорилгоор амьдралын бодит байдлыг тусгах бөгөөд түүгээр дамжуулан олон нийтийн нийгмийн ухамсарт нөлөөлдөг. Ингэхдээ шинэ мэдээлэл агуулж, танин мэдэхүйн чиглэлийг түлхүү баримталдаг. Баримтат кино бодит байдлыг урлаг шиг уран сайхны дүрээр дамжуулан тусгах бус нийгмийн амьдралд шууд орж, бодит баримт, нөхцөл байдал зэрэгт тулгуурлан гаргадаг. Асуудлыг гоо зүйн үүднээс биш, нийгэм-улс төрийн талаас нь шийдвэрлэх онцлогтой юм. Баримтат кино бодит баримтыг дуу чимээ, дүрсийн тусламжтайгаар гол төлөв телевизээр дамжуулан олон түмэнд хүргэж байдаг учир радио, телевизийн сэтгүүл зүйн олон шинжийг давхар агуулдаг, сэдэв баримт сонголт, боловсруулалтын хувьд илүү чанартай байх тохиолдол элбэг юм. Энэ бүхэн нь баримтат киног ОНМХ-ийн системд оруулдаг үндэслэл болдог. Баримтат киноны танин мэдүүлэх ач холбогдол өндөр, түүхийн болон судалгааны чухал эх сурвалж болон үлддэг, мэдээллийн шинэлэг тал, олон уран бүтээлчийн хөдөлмөрийг шингээсэн байдаг учир агуулга хэлбэрийн нэгдлийг өндөр төвшинд хангасан, ур чадвар сайтай байдаг зэрэг олон давуу талтай юм. Баримтат кино кино мэдээ, кино сурвалжлага, кино сэтгүүл, кино нийтлэл, кино хөрөг, кино найруулал, кино судалбар, кино танилцуулга, кино өгүүллэг зэрэг дотоод хэлбэртэй байдаг.