Ватиканы апостолын номын сан

Ватиканы апостолын номын сан.

Ватиканы апостолын номын сан (латин. Bibliotheca Apostolica Vaticana) - Дундад зууны болон Сэргэн мандалтын үеийн үнэтэй олон гар бичмэлийн цуглуулагтай Ватикан дахь номын сан юм. Уг номын санг XV зуунд Ромын пап IV Сикст анх байгуулсан цагаас хойш байнга баяжуулж ирсэн байна. Өнөөгийн байдлаар номын сангийн фондод 1 600 000 хэвлэмэл ном, 150 000 гар бичмэл, 8300 европод хэвлэгдсэн хуучны ном, 100 000 гаруй хэвлэмэл зураг болон газарзүйн газрын зураг, 300 000 зоосон мөнгө, дурсгалын медаль байдаг байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Ватиканы номын сангийн цуглуулгын эхлэл (архивын товхимол хэлбэртэй шашны номууд, латин. Volumina) 4-р зуунд тавигдсан гэж үздэг. Дараа нь Ромын Пап лам I Дамас -ын (384 оны) үед Латеран ордонд архив цуглуулдаг байжээ. 6-р зуунд Ватиканы Төрийн нарийн бичгийн дарга (лат. Primicerius Notariorum) албан тушаалтан гар бичмэл цуглуулах ажлыг удирдаж эхэлсэн бөгөөд 8-р зуунд Ватиканы номын санч гэсэн албан тушаал шинээр бий болгож байжээ. Ромын Пап лам VIII Бонифасын номын санд бяцхан зургаар чимэглэсэн хуулийн эмхэтгэлүүд, тэр дундаа Фредерик II-ийн цуглуулгаас Грекийн 32 гар бичмэл байжээ. 1303 оны 9-р сард түүний цуглуулгын зарим хэсгийг хулгайд алджээ. 1310 онд Ромын пап V Клемент 643 үнэт гар бичмэлийг Ассизаас шилжүүлэн авчруулсан боловч 1319 онд Гибеллин буюу гвельфууд хот руу довтолсны дараа энэ цуглуулгын олон баримт бичиг алга болсон байна. 1318 онд Ромын Пап лам Ватиканы гуравдахь номын санг цуглуулж эхэлсэн байна.

Орчин үеийн буюу Ватиканы дөрөв дахь номын санг 1447 оны 3-р сард Ромын Пап ламаар сонгогдсон V Николас байгуулсан гэж үздэг.

V Паул Ромын Папын үед баримт бичгүүд хадгалах зориулалттай тусдаа байртай болж Ватиканы апостолын архивын түүх эхэлсэн юм.

XVII зуунаас Хаадын болон чинээлэг хүмүүсийн хувийн цуглуулгыг Ватиканы номын санд гэрээслэн үлдээдэг болж номын сан ихээхэн аривжсан байна.

Ромын Пап XIII Лео сонгогдсоноор номын сангийн шинэчлэл эхэлсэн: уншлагын танхим нээгдэж, гар бичмэлийг сэргээн засварлах лаборатори байгуулагдаж, гар бичмэлийг каталогжуулах дүрмийг нэвтрүүлсэн нь өнөөг хүртэл хүчинтэй байна.