Галидаса

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Галидаса (Деванагари: कालिदास) бол Энэтхэгийн төдийгүй дэлхий дахиныг баясгасан их яруу найрагч, жүжгийн зохиолч, суут сэтгэгч байжээ.

Намтар[засварлах]

Түүний намтар нь тэр үеийн бусад зохиолчийнхтой адил тодорхойгүй бөгөөд чухам хэдий үед байсан нь ч утга зохиол шинжлэгчдийн дунд маргаантай байна. Нэг хэсэг нь нийтийн тооллын 1-р зууны үед амьдарч байсан гэж үзэж байхад зарим нь 4-5-р зууны үед Энэтхэгийн умард хэсэгт оршиж байсан Гүпт улсын хүн гэдэг бөгөөд энэ сүүлчийн он нь илүү бодитой гэж үзэгддэг.

Намтар нь зөвхөн домгийн чанартай аман яриануудад бүдэгхэн үлджээ. Энэ яриагаар бол Гүптийн нэг хаан Чандрагүнтийн үед амьдарч, тус хааны ордонд байдаг "есөн эрдэнийн нэг" нь хэмээн тооцогдож байсан ажээ.

Галидасын намтрыг өгүүлсэн домогт ядуу малчны гэр бүлд төрсөн ээрүү тультраа, мулгуу тэнэг хүүхэд байснаа Гали тэнгэрийн ивээлээр ихээхэн суу билгийг олсон гэж гардаг. Галидаса гэдэг нь Галигийн боол гэсэн үг ажээ. Зохиолд нь төв Энэтхэгийн Аванта мужийн байгаль их гардаг учраас тэнд амьдарч байсан болов уу гэж судлаачид таамагладаг. Мөн Арслан тивийн сувд түүгчид, зүүн Энэтхэгийн дал модод, Гималайн цаст оргил болон хуш мод, Кашмирын тариалан зэрэг өргөн уудам нутаг, зон олных нь ахуй амьдралыг магтан дуулснаас Энэтхэг нутгаар ихээхэн аялсан, энэрэнгүй үзэлтэн, сэтгэлзүйч байсан бололтой.

Уран бүтээл[засварлах]

Түүний уран бүтээл тэр үеийн уран зохиолын жишгээр уламжлалт сэдвүүдээр бичигдэж байсан боловч шинэ санаагаар баяжуулж, тухайн үеийнхээ нийгмийн амьдралыг толь шиг тусган харуулж, энэрэнгүй үзэл, шударга ёсыг магтан дуулснаараа өвөрмөц болсон юм.

Түүний уран бүтээлээс Манугийн удмын хаадын түүхийг өгүүлсэн 1579 бадаг шүлэгтэй 19 дуулал бүхий Рагхугийн удам, охин тэнгэр Парвати Шива тэнгэрт хайртай болсон тухай дүрсэлсэн 1096 бадаг шүлэгтэй 9 дуулал бүхий Кумарын төрсөн нь гэдэг хоёр туульсын найраглал, хайр дурлалын хүч чадлыг магтан дуулсан Үүлэн зардас, байгалийн гоо сайхан, мөн чанарыг өгүүлсэн Жилийн улирал гэдэг хоёр уянгын найраглал, Махабхаратад гардаг Душанд хааны тухай домог дээр үндэслэсэн Шагүндала, гоо үзэсгэлэнт Мальвика бүсгүй, Агнимитра хоёрын янаг дурлалын түүхийг өгүүлсэн Мальвика, Агнимитра хоёр, Ригвээдийн хайр сэтгэлийн холбогдолтой домгоос сэдэвлэсэн Урвашийг эрэлхэг зоригоор олж авсан нь гэсэн гурван жүжиг тус тус уламжлагдан үлджээ.

Эдгээр бүтээлүүдээс нь Үүлэн зардас уянгын найраглал, Шагүндала жүжиг нь түүний нэрийг дэлхий нийтэд алдаршуулжээ. Үүлэн зардас найраглал 115 бадагтай, эртний Энэтхэгийн яруу найргийн тансаг сайхны илрэл болсон бүтээл юм. Найраглалд сэрэмж алдсан нэгэн ягшас Намсрай буюу Гувира тэнгэрийн зарлигаар жилийн хугацаатай цөлөгдөн алс хол суухдаа ард үлдсэн үзэсгэлэнт гэргийгээ дурсан гуниглаж, умар зүг нүүх үүлэнд хандан гэргийдээ сэтгэлийн үгээ хэлүүлэхээр цэцэг барин гуйж буй тухай, мөн тэрхүү үүлний дайрч өнгөрөх нутаг усыг зураглан гайхамшигтай урнаар өгүүлдэг. Иймд нь зарим судлаачид уг найраглалыг хүн төрөлхтний түүхэнд гарсан тэргүүн зэргийн уянгын зохиол гэж асар өндрөөр үнэлдэг. Шагүндала жүжгээ домгоос сэдэвлэж, өөрийн амьдарч байсан үеийн нийгмийн ёс суртахууныг чадварлаг тусгаж, үнэнч ариун хайр дурлалыг гайхамшигтай уран цэцэн, яруу тансгаар, гүн гүнзгий утга санаатай уялдуулан дүрсэлсэн юм.

Орчуулга[засварлах]

Галидасын дээрх уран бүтээлүүд дэлхийн олон хэл рүү орчуулагдсан байдгаас монгол хэл рүү Үүлэн зардас найраглалыг нь Бямбын Ринчен 1963 онд, Шагундала жүжгийг нь Н. Гэндэндарам 1989 онд орчуулж олны хүртээл болгожээ.