Говийн угалз салхи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Угалзан шуурга
Угалзан шуурга

Говь нутагт шороон шуурга удаан хугацаагаар үргэлжлэн шуурахыг монголчууд УГАЛЗ, ТҮЙРЭН гэж нэрлэдэг.

2013 оны 12 сарын 10, Нийтэлсэн Г.Хатанбаатар Энэ нь алхмын өмнөх газар харагдахгүй болтол нүүр нүдгүй элсээр шуурахыг хэлж байгаа юм. Монголд шороон шуурга олонтоо тохиож иргэд, байгууллагад хохирол учруулахаас гадна зарим үед гамшгийн хэмжээнд хүрч хүн амьтны амьдрах орчинд таагүй нөлөөлдөг. Шороон шуурганы улмаас малын бэлчээрлэхэд саад болох, мал хорогдох, цахилгааны болон харилцаа холбооны шон унаснаас шугам тасрах, элсний нүүлтээс хот суурин, зам харгуй элсэнд дарагдах зэрэг олон сөрөг үр дагавартай. Хүчтэй шуурга хөрсний үржил шимт хэсгийг хийсгэх, хөрс элэгдэх, элс нүүх, цөлжилт ихсэхэд ч нөлөөлөхөөс гадна агаарын булингаршил ихэсч, цацрагийн балансад тодорхой өөрчлөлт оруулдаг байна.

Монголын тал нутагт дэгдсэн түйрэн буюу шар шороон шуурга Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт ч хүрч, аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодис хаман хаа сайгүй тараадаг байна. Шар шороон шуурга боссон газарт үзэгдэх орчин үгүйлэгдэж, амьсгалын зам, зүрх судасны өвчин ихэсдэг аж. Шороон шуурга өнгөрсөн зууны дундуур буюу 1950-иад оны үед жилд дунджаар таван удаа болдог байв. Харин өнөөдөр давтамж нь хэд дахин нэмэгдэж, зарим жил гуч гаруй удаа шуурч байгаа. Шороон шуурганаар шороо, элсний том ширхэгтэй нь ойрхон хийсч, жижиг нарийн ширхэгтэй нь 1-3 км-ийн өндөрт дэгдэн хуй салхи хэлбэрээр хэдэн мянган км зам туулж, электроникийн бичил схемийг гэмтээх чадалтай. Төв Азид байгаль цаг уурын болон хүний нөлөөгөөр их хэмжээний газар цөлжсөн. Үүнд ган, хуурайшилт, уур амьсгалын дулаарал зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлдөг ч хүний буруутай үйл ажиллагаанаас их зүйл шалтгаалдаг. Мал олноор өсгөх, уул уурхайн салбарт хоцрогдсон технологи хэрэглэх, гар аргаар алт олборлох нь хөрсний эвдрэлийн гол шалтгаан болдог.

Монголын цаг уурын системд Жайкагийн төслөөр шороон шуурганы хяналт шинжилгээ хийх, 4 станц, шороон шуурганы сүлжээ байгуулж, нийслэлд тоосны агууламж хэмжих төхөөрөмж суурилуулан хэмжилт хийх болсон. БНСУ, БНХАУ-тай хамтран Өмнөговийн Номгон , Даланзадгад сум, Дорноговь, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтий аймагт шороон шуурганы мониторингийн байнгын станц байгууллаа. Энэ нь манай орны агаар дахь тоос шорооны агууламжийг хэмжиж, мэдээллээ бүс нутгийн оронтой солилцох боломж бүрдэн шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэхэд тус болж байгаа. Монголын түйрэн буюу шар шороон шуурга Хятад, Солонгос, Япон улсыг бүхэлд нь бүрхдэг улирал бий болоод байгаа учир БНХАУ-ын Засгийн газар манай улсад шар шороон шуурга хэмжих хоёр станц бэлэглэснийг Хэнтий, Өвөрхангай аймагт суурьшуулсан. Ингэснээр шороон шуурганы нүүдлийг тогтоох боломжтой болох юм. Манай улс шар шороон шуурга хэмждэг есөн станцтай болоод байгаа.

Шороон шуурга агаарын урсгалаар зөөгдөн олон орны нийгэм эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг тул бүс нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого боловсруулах, арга хэмжээ авах шаардлагатай. БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Монгол улсын Засгийн газрын хүсэлтээр "Зүүн хойд Азид шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, хянах" бүс нутгийн мастер төлөвлөгөөг Азийн хөгжлийн банк, Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас НҮБ-ийн Байгаль орчны хөтөлбөрөөр дамжуулан 2003 онд боловсруулснаар монголд шороон шуурганы мониторингийн сүлжээ байгуулжээ. Шороон шуурганы үүсэл, зөөгдөл, газар орчмын төхөөрөмж, хиймэл дагуулаар хийссэн шороо, тоосны хэмжилт, анализ, шороон шуургыг урьдчилан мэдээлэх, загварчлал, аэрозолын химийн найрлага, шороон шуурганы нөлөөллийн талаар олон улсын эрдэмтэд жил бүр эрдэм шинжилгээний бага хурал хийдэг. 2002 онд Сөүл, 2003 онд Нагояа, 2005 онд Хөх хотод, 2006 онд Улаанбаатарт хийж байв.

Монголын говь шороон шуурганы нэг эх үүсвэр болдог. Ялангуяа хөрсний гадарга хуурай, сул хөрстэй, агаар мандалд салхины хурд их хаврын улиралд их ажиглагддаг. Агаарт хөөрсөн шороо 5 км-т тархаж салхины доор байгаа орон руу шилжихдээ бүдүүн ширхгүүд нь ойр үлдэж нарийн ширхэгтэй нь хөрш орон руу зөөгдсөнөөр алсын барааны харагдац буурдаг. Заримдаа онгоцны нислэг саатсан тохиолдол ч бий. Амьсгалын замаар орж, хүний эрүүл мэндэд ч нөлөөлдөг. Байгалийн үзэгдэл учир зогсоох аргагүй. Харин нөлөөллийг багасгах үүднээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулж, мэдээгээ олонд хүргэснээр урьдчилан сэргийлж болно.