Jump to content

Дмитрий Менделеев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дмитрий Иванович Менделеев ( 1834 оны 2-р сарын 8-нд Тоболскт төрж, 1907 онд Санкт-Петербургт нас барсан)-Оросын химич болон зохион бүтээгч байсан ба химийн үелэх системийг анх зохиож байв. Үелэх системд хувь нэмрээ оруулж байсан хүмүүсээс ялгарах түүний амжилтын онцлог нь, тухайн үед нээж илрүүлээгүй байсан элементүүдийн шинж чанарыг тодорхойлж чадсан явдал юм.

Дмитрий Иванович Менделеев нь Оросын Эзэнт гүрний Сибирь дахь Тобольск хотод 1834 оны 2 дугаар сарын 8-нд эцэг Тобольск хотын гимназийн захирал Иван Павлович Менделеев, эх Мариа Дмитриевна Менделеевна нарын (анхны овог нь Корнилиева) хүү болон төржээ. Түүний өвөө нь Павел Максимович Соколов гэгч шашны номлогч байжээ. Иван, ах дүү нарын хамтаар шашны сургуульд суралцах явцдаа шинэ овогтой болсон байна. Менделеев багаасаа үнэн алдарт шашинтан болж хүмүүжсэн боловч, түүний эх нь түүнд хүлцэнгүйгээр бурханы болон шинжлэх ухааны үнэнийг олохыг захидаг байсан гэдэг.

Дмитрий Менделеев

Дмитрий Менделеев 11, 13, 14 эсвэл 17-н ах эгч нарынхаа отгон нь байв (үнэн тоо нь эх сурвалжаас хамааран ялгарна). Аав нь хүмүүнлэгийн ухаан, улс төр, философи багшилдаг байсан боловч хараагүй болж багшийн албан тушаалаасаа татгалзах үед ар гэрт нь ихээхэн санхүүгийн бэрхшээл тулгарчээ. Үүний улмаас, ээж нь урьд нь гэр бүлээрээ ажиллуулж байсан шилний үйлдвэрийг дахин сэргээн ашиглалтанд оруулжээ. 13 настай байхад нь эцэг нь нас барж, эхийх нь үйлдвэр галд шатсаны дараа Менделеев Тобольскийн гимназид суралцжээ.

1849 онд Менделеевийг дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд, эх нь түүнийг Сибирээс Москва руу авч явжээ. Харамсалтай нь Москвагийн их сургууль түүнийг хүлээж аваагүй тул, эх хүү хоёр Санкт-Петебругт ирж, улмаар эцгийнхээ төгссөн Багшийн дээд сургуульд 1850 онд элссэн байна. Сургуулиа 1855 онд онц төгссөний дараа сүрье өвчинтэй болох нь оношлогдсоны улмаас, Хар тэнгисийн хойд эрэг дээр байрлах Крымын хойг руу 1855 онд нүүжээ. Тэнд байхдаа Симферполын нэгдүгээр гимназийн шинжлэх ухааны ахлах мастер зэрэгтэй болж 1857 онд бүрэн эдгэрч Санкт-Петебургт буцаж ирсэн байна.

Тэрээр хоёр удаа гэрлэсэн байна. Эхлээд 1862 онд Менделеев Фоезва Никитична Лещёватай дараан нь 1876 онд Анна Ивановна Попова-д дурлаж түүнд гэрлэх санал тавьсан ба, эс зөвшөөрвөл амиа хорлоно хэмээн айлгаж байжээ. Поповатай гэрлээд нэг сар өнгөрсний дараа л Менделеев Лещевагаас албан ёсоор салсан байна. Түүний энэхүү нийгэм дэхь сөрөг сэтгэгдэл үлдээсэн явдлаас Менделеевийг Бүх Оросын Шинжлэх Ухааны Академид элсэх боломжийг хаажээ. Түүний хоёр дахь гэрлэлтээс гарсан охин болох Любовь нь сүүлд оросын алдарт яруу найрагч Александер Блоктой гэрлэсэн байна. Түүний нэг дэхь гэрлэлт буюу, Фоезвагийн хүүхдүүд нь Ольга, Владимир хоёр бол Аннагаас, Иван болон хоёр ихэр хүүхэдтэй болжээ.


Менделеев 1907 онд, Оросын Санкт Петербург хотод хатгалгааны улмаас нас баржээ. Түүний нэрээр саран дээрх солирын тогоог "Менделеевийн тогоо" гэж нэрлсэн ба үүнээс гадна үелэх системийн 101 дэхь, цацраг идэвхт элементийг Менделевиум хэмээн нэрлэсэн байна.

 Commons: Дмитрий Менделеев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан