Добу мэргэн
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Торголжин баян, Борогчин гоо гэргийт, Боролдой Хубилай залуут (хөвгүүнт) дайр бор хоёр хөлөг морьт бөлгөө. Борогчин гоогоос төрсөн Дува сохор, Добу мэргэн хоёр бөлгөө. Дува сохор манлай дундаа ганц нүдэт бөгөөтөл гурван нэгүри газар үзэм бөлгөө.
Нэгэн өдөр ах дүү хоёул гөрөөлөөд Бурхан Халдун дээр гарваас тойрон гэрээс (ой шугуйн гэрээс) Түнхэлэг горхин уруу нэгэн бүлэг иргэн нүүж айсуйг ах нь Дува сохор үзэж өгүүлсэн нь: Тэр Түнхэлэг горхин уруу нүүж айсуй иргэний дотор нэгэн харгудай (мухлагтай) тэргэний өлжигэд (суудалд) суусан нэгэн охины өнгө гэгээ эндээс үзэгдэм. Хүний гэргий болоогүй бол, дүү чамд гуйсуй гэж, Добу мэргэнийг үзэхээр илгээв. Тэд иргэнд хүрвэл үнэнхүү хүнд эс өгдөгсөн гоо сайхан, нэр алдар ихтэй Алан гоо нэрт охин ажээ. Тэд иргэн, Баргужин түмэдийн эзэн Хорилдай мэргэний Баргужин гоогоос төрсөн Алан гоо тэр ажээ. Хорилдай мэргэн түмэдийн газарт булгад (булга) хэрэм гөрөө газад хорилож хорилолдож (эсрэг тэсрэг) өөр зуураа муудаллан (муу) бололцож Хорилар овогтон болов. Бурхан Халдунаа гөрөөлж (гөрөөсөн) олон буй хэмээн Бурхан Халдунаас Бурхан Урианхай шиншин баянд нүүж ирсэн аж. Хорь түмэдийн Хорилдай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алан гоог Добу мэргэний авсан ёсон тийм бөлгөө. Алан гоо, Добу мэргэнд ирээд Бэгүнүтэй, Бэлгүнүтэй нэрт хоёр хөвгүүн төрөв.