Алгасал баяр

(Дээгүүр өнгөрөх баяр-с чиглүүлэгдэв)
Баярын зоог

Алгасал баяр нь Библийн сударт бичигдсэн байдаг, Иудаизм болон Католик шашны тэмдэглэлт өдөр юм. Египетийн боолчлолоос Израйльчууд МЭӨ 1445 оны үед гарсанаас хойш еврейчүүд (хожим нь иудейчүүд хэмээн дурдагдах болсон) Дээгүүр өнгөрөх баярыг жил бүрийн хавар тэмдэглэдэг юм. Абрахам, Исаак, Иаковын үр сад болох израйльчууд Египетийн дарлалд 400 жил хүлэгдсэний эцэст Тэнгэрбурхан тэднийг боолчлолоос чөлөөлөхөөр шийдэн Мосе гэдэг еврей хүнээр удирдуулан Египетийн нутгаас гаргасан хэмээн израйльчууд үздэг бөгөөд Египетэд амьдарч байхдаа амссан дарлал, Тэнгэрбурхан тэднийг гайхалтайгаар чөлөөлсөн тухай бүхнийг дурсан санах үүднээс тэмдэглэдэг баяр болно. Баярын тухай Ариун Библийн Гэтлэл номын 12:11-т бичсэн байдаг.

Уг баяраар израйльчууд гэр бүлээрээ цуглан гэрээсээ исгэх хөрөнгийг зайлуулан, исээгүй талх барин, гал дээр шарсан хурганы махыг халуун ногоо болон талхтайгаа хольж иддэг. Үүний дараа өрхийн тэргүүн эцэг Тэнгэрбурхан тэднийг эрт дээр үед хэрхэн гайхамшигтайгаар Египетийн нутгаас гаргасан түүхийг дурсан ярьж өгдөг.

Иерусалим хот дахь Ариун Сүм устгагдахаас өмнө жил бүр израйлийн өнцөг булан бүрээс иудейчүүд Иерусалим хотод ирэн баяраа тэмдэглэдэг байжээ. Одоо харин жил бүр тэмдэглэдэг энэхүү баярыг Седер хэмээн нэрлэх болжээ.