Жак Ширак

Жак Рене Ширак

Жак Ренее Ширак (Франц: Jacques René Chirac; 1932 оны 11-р сарын 29-нд Парис хотод төрж, 2019 оны 9-р сарын 26-нд Парист нас барсан) - Францын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 1974-1976 онд Францын Ерөнхий сайд, 1995-2007 онд Франц улсын 22 дахь Ерөнхийлөгчөөр ажилласан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Ширакийн эцэг эх, Абел Франсуа Ширак (1893-1968), Мари-Луиз Валет (1902-1973) нар Францын өмнөд хэсгийн Коррез (франц. Corrèze, окс. Corresa) нутгаас гаралтай.

Тэрбээр Карно лицейд, дараа нь Парис хотноо Агуу Луин лицейд (франц. Lycée Louis-le-Grand) сурсан. Дараа нь тээврийн хөлөг онгоцонд гурван сар ажиллажээ. Улмаар Францын армид алба хааж, 1956-1957 онд Алжирын дайнд оролцож шархадсан. Тэрбээр Францын хамгийн нэр хүндтэй боловсролын байгууллагууд болох "Улс төр судлалын хүрээлэн", "Захиргааны үндэсний сургуульд" (1957) дээд боловсрол олж авсан. Сургуулиа төгсөөд төрийн албан хаагчаас (1959 онд Тооцооны танхимын аудитор) ажлын гараагаа эхэлж, удалгүй улс төрийн үйл ажиллагаанд оролцох болсон.

Ширак 1965 онд Шарль де Голль, Жорж Помпиду нарын сонгуулийн кампанит ажилд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Сүүлд нь тэрээр түрэмгий, үр дүнтэй байдлынхаа төлөө "Бульдозер" хоч авсан бөгөөд Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ширакийг "улс төрийн зэрлэг амьтан" гэж нэрлэдэг байв.

1995 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, 2002 дахин сонгогдоод, 2007 оныг хүртэл тус албыг хашжээ.

2007 оны 5-р сарын 16-нд Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгөөд Жак Ширак Францын Үндсэн хуулийн Зөвлөлийн насан туршийн гишүүн болсон.

Тэрбээр 2019 оны есдүгээр сарын 26-нд Парист 87 насандаа таалал төгсөв. 9-р сарын 29-нд үндэсний салах ёс болж, есдүгээр сарын 30-ны өдрийг Францад Үндэсний гашуудлын өдөр болгон зарласан. Салах ёс гүйцэтгэхэд 30 гаруй улсын удирдагчид, тухайлбал ОХУ, Герман, Гүрж, Итали, Словенийн Ерөнхийлөгч, Бельги, Унгар, Серби, Чех, Хорватын Ерөнхий сайд нар, Иорданы хаан, Люксембургийн Их Гүн, Монакогийн хунтайж нар оролцов. Түүнийг Парисын Монпарнасын оршуулгын газарт төрийн болон цэргийн хүндэтгэлтэйгээр оршуулжээ.