Их Тэсрэлт
Их тэсрэлт (Англи: Big Bang; Орос: Большой взрыв) нь одон орон судлал дахь орчлон ертөнцийн загвар бөгөөд одоогоор ертөнцийн үүслийн талаарх, хамгийн өргөн хүлээн зөвшөөрөгдөөд буй үзэл болоод байна. 1929 онд Эдвин Хаббл огторгуйн биет хоорондын зай нь тэдгээрийн солонгон задлал дахь улайсалттай холбоотойг нээсний дараа ертөнц тэлж байгааг илрүүлсэн билээ. Үүнээс үүдэн ертөнцийг урьд цагт илүү жижиг, нягт ихтэй, халуун байсан гэсэн таамаглал дэвшүүлсэн бөгөөд уг үзлийг батлахаар хэт нягтшил, хэт өндөр температур зэргийг судлан одоогоор бидний ажиглах боломжтой байгаа ертөнцтэй ижил үр дүнд хүрчээ. Одоогоор их тэсрэлтийг 13,8 тэрбум жилийн өмнө болсон гэж нарийвчилж тогтоосон бөгөөд энэ тоо ч ирээдүйд өөрчлөгдөх магадлал өндөр юм.
Их тэсрэлтийн Англи хэлний Big Bang гэсэн нэрийг уг санааг үнэгүйдүүлэх зорилготойгоор, Их тэсрэлтийн загварыг үгүйсгэгч Фред Хойл анх ашиглажээ. Гэсэн хэдий ч, 1964 оны огторгуйн бичил долгионы нээлт нь Их Тэсрэлтийн онолыг үгүйсгэх аргагүй болгов.
Хол орших одны аймгуудын ялгаруулж буй гэрлийн тусгалыг судлахад, тусгал нь илүү урт долгионууд руу туйлширч, уг туйлшрал нь галактикийн дэлхийгээс орших зайтай шууд пропорционал хамааралтай байсан нь ертөнцийг тасралтгүй тэлж байгааг харуулжээ. 1964 онд нээсэн сансрын богино долгион нь огторгуйг маш халуун төлвөөс одоог хүртэл хөрснийг баталдаг. Сансрын богино долгионыг нээснээр, бараг дэлхий даяар Их Тэсрэлтийг бүрэн хэмжээгээр биш ч ерөнхий хэлбэрээрээ ертөнцийн үүслийг тодорхойлж чадах загвар гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ.