Керчь

Керчь хотын төв гудамж

Керчь (укр. Керч, крымын татар. Keriç, Керич) — Крымын хойгийн зүүн хэсэгт Керчийн хоолойн эрэгт орших хот. Эртний нэршил: итал. Bosphoro Cimmerio, Vospro, Cerchio, Cherz, эрт. орос. Кърчевъ, эрт-грек. Παντικάπαιον. 2021 оны байдлаар 154 мянга 600 хүн амтай хот байв. Үүнээс гадна тус хот Хар далай, Азовын далай хоёрын холбоос дээр орших чухал газарзүйн ач холбогдолтой боомт хот юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

МЭӨ 7-р зууны төгсгөлд (МЭӨ 610-590 онд) орчин үеийн Керчь хотын суурин дээр Милетийн грекчуудын колоничлогчид Пантикапэум (эрт.грек. Παντικάπαιον, латин. Panticapaeum) хотыг байгуулж байжээ. Акрополис буюу хотын төв нь одоо Митридат гэж нэрлэгддэг уулан дээр байрладаг байжээ. Мөн орчин үеийн Керчийн нутаг дэвсгэр дээр : Мирмекий, Гераклиус, Парфениус, Порфмий, Гермиси, Тиритака, Нимфаум болон бусад олон эртний суурингууд байдаг байжээ. Керчийн хоолойн хоёр эргийн хотууд аажмаар тусгаар тогтнолоо алдаж, МЭӨ 480 онд. д. Пантикапэум хот нь Археанактид овогийнхны захирч байсан Боспорын хаант улсын (эрт. грек. Βασίλειον του Κιμμερικού Βοσπόρου, латин. Regnum Bosporanum) нийслэл болжээ.

Крымын гүүр

370-аад онд Хүннүгийн довтолгооны үеэр Пантикапэум улсын нийслэл статусаа алджээ. Хот ихээхэн хохирол амссан боловч хэсэг хугацааны дараа сэргэж эхэлсэн бөгөөд 5-р зууны эцэс хүртэл тээврийн зангилаа хот гэх ач холбогдлоо хадгалсаар байв.

6-р зуунд тус хот нь Зүүн Ромын буюу Византын эзэнт гүрний мэдэлд байсан. Эзэн хаан I Юстинианы шийдвэрээр энд цэргийн гарнизоныг илгээж, Босфор хэмээх цайзыг барьж эхлэсэн байна. Мөн тэр зуунд Түрэгийн хаант улс ба Византийн арми хоорондын цэргийн мөргөлдөөний (576) үр дүнд бараг бүх Крым Туркт очжээ. 8-р зуунд хотыг Хазар хаант улсын нөлөөнд автаж, Карша эсвэл Чарша гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ үг нь түрэг хэлээр "нөгөө тал", "голын эсрэг эрэг" гэсэн утгатай юм.

Энэ хот нь Орос, Византи, Кавказ, Газар дундын тэнгисийн орнуудын худалдааны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. 11-р зууны төгсгөл - 12-р зууны эхэн үеэс хот Византын эзэнт улсын мэдэлд эргэн оржээ.

1475 онд хот Османы эзэнт улсын мэдэлд оржээ.

1768-1774 оны Орос-Туркийн дайны үр дүнд 1774 оны Кучук-Кайнарджийн гэрээний дагуу Керчь болон зэргэлдээх томоохон газар нутаг бүхий Ени-Кале цайзыг Оросын эзэнт гүрэнд шилжүүлсэн түүхтэй.

1991 онд ЗСБНХУ задран унасны дараа тус хот Крымын Автономит Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүн хэсэг болж бүхэлдээ Украины бүрэлдэхүүнд багтжээ. 2014 онд Оросууд Крымыг тус хотын хамт эзлэн авч ОХУ-ын Бүгд Найрамдах Крым улс гэж нэрлээд Орост нэгтгэсэн байна.

2018 оны 5-р сарын 16-нд хот болон Крымын хойгийг Оросын Краснодарын хязгаартай холбосон Крымын буюу Керчийн гүүрийг суудлын болон ачааны машинд, 2020 онд төмөр замд зориулж нээлтээ хийсэн.