Jump to content

Ламжавын Ванган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ламжавын Ванган
Ламжавын Ванган
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилжүжгийн зохиолч, найруулагч

Ламжавын Ванган (* 1920 оны 9 сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд; † 1968 оны 7 сарын 23-нд) БНМАУ-ын Төрийн шагналт /1959/, УГЗ /1961/, жүжгийн зохиолч, найруулагч.

Өөрийн үзэл бодлоо эсрэг баатрын хэлээр илэрхийлдэг аргаараа их алдартай. Хүчирхийллийн дэглэмийн үнэн нүүрийг илчилсэн сонин содон хэллэгийг түүний зохиолын эсрэг баатрууд хэлж, улмаар нийтэд түгсэн нь элбэг. "Шатны гишгүүрийг алгасаж гишгэдэггүйн адил нийгэм алгасан хөгжих нь бүтэлгүй зүйл" (Өглөө киноны Данзан), "Монголчуудын дагасан улс нь Орос, шилсэн зам нь хувьсгал, 100 жилийн дараа л нэг яадаг бол?" (Түмний нэг киноны герман геологич) гэхчилэнгийн хэллэг нь афоризм болсон. Монголын шинэ үеийн дэлгэц, тайзны урлагийн голлох төлөөлөгчийн нэг.

Монголын тайз дэлгэц, киноны нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, найруулагч Ламзавын Ванган 1920 оны есдүгээр сарын 1-нд Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн.

Ванганы өвөг дээдэс Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын хошууны уугуул ардууд. Баатад овогт Сэрээтэрийн хүү Долгоржав, Долгоржавын хүү Ламзав, Ламзавын хүү Ванган, эд бүгд гэрийн хүмүүжлээр монгол, түвд бичигт тайлагдсан. Нутгийнхныхаа хувин сав, тулга, шанагыг янзлах гээд дарх мужаан эрхэлчихдэг, хөгжим тоглож, зураг зурдаг нэлээд өндөр боловсролтойд тооцогдох хүмүүс байсан юм билээ.

Аав Ламзав нь УБХ-ын гишүүн, Шүүх яамны сайд байж байгаад 1937 онд баригдсан анхны 14 хүний нэг. Ванганы ээж нас барчихаад хоёр өнчин хүүхэдтэй гээд золоор амь гарч 10 жил шоронд суусан хүн байсан. Их сайн хүн байсан юм шүү дээ. Ванган Монгол циркийг үндэслэгчдийн нэг, дүү Л.Нацагийнхаа хамт Рабфакт сурч байхад нь “эсэргүүний хүүхэд” гэж сургуулиас нь хөөж, нийслэлд ирээд гэртээ очтол өөр айл гэрт нь орсон байсан юм гэнэ лээ. Жил гаруй айл айлаар тэнэж байсан гэдэг.

Тэрбээр ЗХУ-д Улаан-Үдийн монгол Рабфак, 1941 онд циркийн жүжигчдийг бэлтгэх студид суралцжээ. Эцэг баатад овогт Д.Ламжавыг нь хувьсгалын эсэргүү гэж баривчилж хэлмэгдүүлэхдээ Ванганыг “Эсэргүүний хүүхэд” хэмээн сургуулийг нь төгсгөлгүйгээр Рабфакаас эгүүлэн татаж авчирсан байна. Гэвч суралцах хүсэлдээ хөтлөгдөн ахин сургуульд явж 1946-1951 онд Москва хотноо Луначарскийн нэрэмжит театрын урлагийн дээд сургуульд суралцаж найруулагчийн мэргэжлээр төгсчээ. Суралцаж байх хугацаандаа Хятадын Хэ-Ц сонгодог бүтээл "Цагаан үст" эмэгтэй зэрэг дэлхийд нэрд гарсан жүжгийг найруулан тавьж байжээ.

1950-аад оны үед "Урагшаа" жүжгийн зохиолыг бичсэн. Л.Ванганы зохиол нь ерөнхийдөө БНМАУ-ын сэхээтэн, ажилчин ангийн амьдрал, ард түмний аз жаргалант амьдралыг үзүүлж байжээ. Түүнээс гадна хүүхэд залуучууд болон хүүхэлдэйн жүжгийг зохион туурвиж байжээ.

1941-1946 онд Улсын циркт жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагч, 1951 оноос нас бартлаа УХДТ-ын найруулагч, уран сайхны удирдагч, Соёлын яамны орлогч сайд, “Монгол кино” үйлдвэр, Улсын драмын театрын уран сайхны удирдагч зэрэг алба ажлыг тасралтгүй хашжээ. “Тожоо жолооч” /Дашнямтай хамтарч/, “Жирийн хүмүүс”, “Тамирын бэр”, “Арвайхээрийн талд”, “Эзэд”, “Худалдагчийн зүүд”, “Цагаан шилт майга бор”, “Хувиа бодогчид” зэрэг жүжиг, “Хөхөө Намжил” дууурь, “Сэрэлт”, “Түмний нэг”, “Хүний мөр” /Ч.Чимидтэй хамтарч/, “Салхины амт”, “Далайд дусал нэмэр” кино, “Эрхий Мажиг” хошин тууж, “Жож Сэрээнэн” гэхчилэн нэлээд өгүүллэг туурвин зохиожээ. Зохиол бүтээлээрээ “Урагшлах замд”, “Жирийн хүмүүс”, “Хэн хэлсэн бэ”, “Эрхий Мажиг” номууд хэвлүүлжээ. Жүжигчид, уран бүтээлчдийн хүч авьяасыг сорьж дайчилсан, үзэгчдэд юм бодуулж, шинэ сэргэг өөд хөтөлсөн зохиол, найруулсан бүтээлүүдээрээ манай тайз, дэлгэцийн урлагт шинэчлэл хийжээ.

1950-1970-аад онд соёл урлагт шийдэх асуудал, зохион байгуулах ажлын ихэнхэд гол үүрэг гүйцэтгэж байсан нь хэчнээн их цар хүрээтэй ажилладаг зүтгэлтэн байсныг илтгэнэ.

Туурвисан бүтээл

[засварлах | кодоор засварлах]
  • 1948 оноос уран бүтээлийн ажлаа эхлэн
  • 1953 он “Эмч нар”
  • 1954 он “Цагаан хүзүүт майга бор”
  • 1955 он “Худалдагчийн зүүд”
  • 1954 он “Тожоо жолооч” А.Дашнямтай хамтран
  • 1959 он “Хувиа бодогчид”
  • 1961 он “Арвай хээрийн талд” Арвай хээр хот
  • 1961 он “Хөхөө намжил”
  • 1963 он “Тамирын бэр” О.Цэндтэй хамтран
  • 1965 он “Жирийн хүмүүс”
  • 1966 он “Эзэд”
  • 1969 он “Зам нийлэх үү” П.Хорлоотой хамтран
  • 1972 он “Ач хүүгийн зүүд”
  • 1979 он “Хөхөө Намжил” Ч.Чимэдтэй хамтран бичсэн.

Театрт тавьсан жүжгүүд

[засварлах | кодоор засварлах]
  • 1953 он “Эмч нар”
  • 1954 он “Тожоо жолооч” - А.Дашнямтай хамтран
  • 1956 он “Урагшлах зам”
  • 1959 он “Хувиа бодогч”
  • 1962 он “Арвай хээрийн талд”
  • 1963 он “Тамирын бэр” - О.Цэндтэй хамртан
  • 1966 он “Эзэд”
  • 1969 он “Зам нийлэх үү” - П.Хорлоотой хамтран

Уран сайхны кино

[засварлах | кодоор засварлах]
  • 1949 он “Тэр талд”
  • 1954 он “Бардам туулай”
  • 1960 он “Дэнлүүний баяр”
  • БНМАУ-ын Төрийн шагнал (1961 он) - Эмч нар, Урагшлах замд жүжгийн зохиолоороо
  • БНМАУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн
  • Алтан гадас одон
  • Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал (1968 он) - Эрхий мажиг тууж болон хошин өгүүллэгүүд

болон бусад медалиудаар шагнагдаж байжээ.

Ардын Их Хурлын депутатаар болон МҮЭ-ийн Төв зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдож байжээ.

Түүний төрсөн дүү нь БНМАУ-ын Ардын Жүжигчин циркчин Л.Нацаг юм. Мөн МУГЖ Ч.Алтан-Өлзийн үеэл ах.