Мэгжид Жанрайсаг бурхны дуган

Мэгжид Жанрайсаг бурхны дуган Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдэд оршдог дуган. 1911-1913 оны хооронд Чин ван Ханддоржийн удирдлага дор Гандантэгчэнлин хийдийн дотор зэсээр бүтээсэн 26,5 метр /80 тохой/ өндөр Мэгжид Жанрайсаг бурханыг залсан байна. Манжийн ноёрхолыг халж тусгаар тогтнолоо сэргээн олж авсан үйл явдалд зориулан босгосон ажээ. Тухайн үед Их шүтээнийг зэсээр бүтээж, 1200 лан алт, 1500 лан мөнгө, 400 гаруй эрдэнийн чулуун шигтгээгээр чимсэн. Түүнийг тойруулан 1 түмэн Аюуш бурхан, зэс барын 1000 жадамба, Бурхан багшийн 8 сэлтийг тойруулан залсан байна. Их Мэгжид Жанрайсаг бурхан нь Монгол түмний харамгүй сэтгэл, хамаг олноос цуглуулсан алт, үнэт эрдэнэсийн дээжээр бүтсэн их шүтээн, эрдэнэсийн их сан байсан төдийгүй төр шашины ёс, урлаг, соёл, уран барилга, уран дархны нэн гайхамшигтай, дэлхийд хосгүй нэн үнэт бүтээл байсан юм.

Энэ бурханыг салгаж жижиглээд 1930-аад онд хайлуулж сум хийх нэрийдлээр коммунист ЗХУ руу тасдаж, жижиглээд гаргасан бөгөөд ул мөр нь хайгаад олдоогүй болно.

Сүүлд 1991 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч энэхүү шүтээнийг сэргээн босгох тухай Зарлиг гаргасан байна. Улмаар Төрийн оролцоо, ард түмний хандиваар сэргээн босгож 1996 оны 10 дугаар сарын 27-ны өлзийтэй сайн өдөр залж дахин нээсэн байна.

Бурхан шүтээнийг бүтээхэд 5х5 см хэмжээтэй, 75600 ширхэг алтан ялтсыг зай завсаргүй нийлүүлэн бүрхэж, очир алмаз, маргад эрдэнэ, бадмаараг, индранил, молор эрдэнэ зэрэг 2286 үнэт чулуу ашигласан бөгөөд 20 тонн зэсийн цутгамал, 27 тонн ган оржээ. Бурхны их биеийг тариа дээжис, төрөл бүрийн идээ ундаа, 27 тонн эмийн ургамал, арц, 332 Буддын сургаалын эмхэтгэл ба тайлбар ариун судар, Буддын ховор хувцас хэрэглэл болон 2 сая тарни бүхий ном мөн бүрэн тавилгатай гэр, морин хуур, 9 эрдэнийн чулуугаар дүүргэсэн. Бурхны гартаа барьсан хадгийг Энэтхэгийн 7 өнгийн хоргой, 500 м цэвэр торгоор урлажээ. Бурхны урд хуш модоор 9 эрдэнэ болон Буддын 8 тахилыг товойлгон хийсэн, Монголын хамгийн том буюу 1.65м өндөр тахилын ширээг сэнтийлсэн юм.

Мэгжид Жанрайсаг бурханы тухай[засварлах | кодоор засварлах]

Монголоор Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч хэмээнэ. Төвдөөр Жэнрэзиг гэх агаад “жэн” гэдэг нь мэлмий, “рэ” гэдэг нь тасралтгүй, “зиг” гэдэг нь харах гэсэн утгыг агуулдаг учраас “Мэлмийгээр болгоогч” хэмээнэ. Жанрайсаг бурхан нь хамаг амьтны залбирлыг сонсож, зовлонгоос аврах тангараг тавьсан байдаг тул замбуутивийн амьтан бүрийг нирваанд хүргэхийн тулд дээдийн дээд амгаланд залрахаа хойшлуулсан гэдэг. Бурхан багш ийм тангарагтай бодьсадва нарыг миний нэгэн адил тахиж дээдэл хэмээн сургажээ.

Жанрайсаг бол амьтан хүнийг тэтгэж, тэдний жаргалд харшлах шалтгаан бүхнийг арилган ариусгаж, буян хишгээ дэлгэрүүлэх тангарагтай энэрэл нигүүслийн бурхан юм. Бурхдын энэрэн  нигүүслэх сэтгэлээр нэг дүр бүтээе гэвэл Жанрайсиг бурхан шиг дүр гарах юм гэдэг. Тиймээс Жанрайсагийг бурхдын энэрэн нигүүслэх сэтгэлийг өөртөө шингээсэн гэж үздэг байна. Жанрайсаг бурхан нь Мянган мутарт Жанрайсаг, Зөөлөн цогт Жанрайсаг, Найман аюулаас аврагч Жанрайсаг, Хасарваань Жанрайсаг гэх мэт гуч гаруй дүртэй байдаг. Гандан хийдийн хоймор дуганд буй өмнөх хоёр гараараа тарнийн чагжа тэмдэг зохион, хойд хоёр гартаа бумба, рашаан барин цэцгэн мандал дээр босоо зогсох наян тохой өндөр Жанрайсиг бурхныг мэлмий нээгч Жанрайсиг гэдэг. Мэгжэд Жанрайсаг нь сэтгэлийн хамаг энэлэл шаналлыг арилгаж, нарны гэрлээс ч хамаагүй хүчтэйгээр хүмүүст ивээлээ хүртээдэг ажээ.

Мэгжэд Жанрайсаг дуган[засварлах | кодоор засварлах]

Монгол, Хятадын уран дархчууд хамтран 1913 онд барьж дууссан юм. Эл дуган нь дорно дахины уран барилгын хэлбэрээр баригдсан Монгол дахь сүм хийдүүдийн дотроос хамгийн өндөр бөгөөд сонин зохиомжтой нь юм. Тус дуганы барилгын доод хэсгийг модоор барьсан байна. Модон  хашлагын дөрвөн булан, модон барилгын хоёрдугаар давхрын дээвэр дээр алтадмал асар том Бадамжанцан ганжир босгосон байна. Сүмийн хоёр давхар тоосгон хэсгийн хойт тал цонхгүй, бусад гурван талдаа модон хөндлөвч бүхий жижиг цонхтой. Барилгын тоосгон хэсгийн дээд хаяаг тойруулан модон хашлага хийж толиор жигд чимсэн байна. Харин барилгын нүүрэн талын төвд хашлагын оронд алтадсан зэсээр хийсэн “Чойжхорол” дүрс босгосон байна. Сүмийн дээврийг ваар дуурайлгаж янзалсан банзаар хучиж, хожим гөлмөн төмрөөр өнгөлж тосон будгаар буджээ. Сүмийн тулгуур баганыг залгаагүй бүхэл дүнзэн модоор хийсэн ажээ. Энэхүү залгаагүй дүнзэн модыг Хараагийн Ноён уулнаас зориулж авчирсан гэдэг. Ийм залгаагүй дүнзэн багана хийсний ачаар сүмийн модон барилга хүчтэй салхины нөлөөгөөр ганхаж хазайсан боловч эвдэрч нураагүй байна.