Пабло Пикассо

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Пабло Пикассо
Signatur Pablo Picasso

Пабло Руз Пикассо (Pablo Ruiz Picasso, 1881 оны 10 сарын 25 - 1973 оны 4 сарын 8) нь Испаний зураач, уран барималч хүн юм. Түүнийг 20-р зууны агуу зураачдын нэг гэж үздэг бөгөөд кубизмийн урсгалыг үндэслэгч гэдэг.

Пикассо бүр бага байхдаа зурдаг байсан ба тэр анх хэлд орохдоо lapiz гэж хэлсэн гэдэг. Энэ үг нь Испани хэлнээс орчуулбал "харандаа" гэсэн үг юм.

Түүнийг 90 настай байхад түүний уран бүтээлийн үзэсгэлэн нь Парисийн Луврийн музейд тавигдаж байв. Тэр амьд сэрүүндээ Луврын музейд үзэсгэлэнгээ гаргасан анхны уран бүтээлч юм. Гайхамшигт хүмүүсийн амьдрал хэзээ ч уран бүтээл шиг нь байдаггүйн жишээ бол ХХ зууны аугаа их зураач Пабло Пикассо билээ.

Бухын тулаан, хаана ч байхгүй имперсионист, сюрреалист, кубист чиг­лэл­ийн уран барилга, уран зураг, гал цогтой испани хүүхнүүдийн ая дуу, зоримог баатарлагыг дуулсан утга зохиол, урт жад агссан Дон Кихот түүний туслах илжиг унасан Санчо гээд төсөөлөхөөр яахын аргагүй Испани орны дүр төрх нүднээ бууна. Испаничууд хаа байсан Америкт хүрч хүчирхэг инкийн эзэнт гүрнийг мөхөөн өмнөд Америкт өөрийн соёл иргэншлээ бүтээн цогцлоосон юм. Эдүгээ латин америк бүхэлдээ ис­пани хийгээд уламжлалт инкийн соёл иргэншил холилдсон манай гаригийн хамгийн сонин өвөрмөц атлаа хамгийн хүчирхэг соёлыг буй болгожээ. Чухам ийм л үндэс суурин дээр ХХ зуунд нэгэн гайхамшигт хүн мэндэлж уран зургийн ертөнцийг бүхэлд нь цочроожээ. Тэр бол Пабло Пикассо байлаа.

Эв нэгдэл энх тайвны бэлгэдэл цагаан тагтааг анх тэр л зурж байсан ч амьдралын хэв маяг, үзэл нь их зөрчилтэй нэгэн байсан аж. Кубизмыг үндэслэн сюрреализм, аван­гард урсгалыг зоригтой шүүмж­лэхийн сацуу тэдгээр нь улам бүр эрч хүчийг нь оргилуулж байсан юм. 1881 онд Испаний Малагад төр­жээ. Халуун хүйтэн, хар цагаан хурц ялгамжаар шунал тачаал, сүсэг биш­рэл, сүрт бухнуудын тулаан гэх мэтээр Паблогийн Андалузид өнгө­рөөсөн бага нас нь түүнд насан туршийн хүчтэй зураглал болон үлдсэн гэдэг. Тэрээр хүүхэд ахуй насандаа бие муутай нэгэн байлаа. Олон ч удаа хүндээр өвдөж, үхэл амьдралын босгон дээр олонтаа ирж байлаа. Түүнээсээ ч аугаа их эрч хүч, туурвин бүтээх ирт хутгийг олсон гэж тэр хожим нь дурсан ярьсан байдаг юм. Гэр бүлийнхэн нь боловсролтой боловч ядуу улс байсан тул золгүй зураач эцэг нь урлагийн сургуулийнханд хичээл заахаар Малагаас Барселонд шилжсэн бай­на. Тэрээр Паблогийн уран зураг сонирхож буйг хөхиүлэн дэмжиж уламжлалт сонгодог урлагийн бүх дүрэм журмыг таягдан хаяхыг зөвлөж байв. Эцэг нь хэдийгээр түүнийг өөр шигээ ядуу зураач болгохыг хүсэхгүй байсан ч жаал хүүгийн авьяас билэг нь өдөр ирэх тусам задарч эцгийнхээ гайхшралыг төрүүлдэг байлаа.

Паблог 14 нас хүрэхэд аав нь дахин уран зургаар оролдоогүй байна. Пабло өөрийн авьяасыг боловс­ролоор бататгахыг зорьсон боловч чадалгүй сургуулиас гарчээ. Ингээд тэр дээрэмчин залуус, янхан хүүхнүүдийн дунд боловсрол олохоор шийдэв. Энэ үед зурсан зургууд нь Барселоны жирийн амьдрал, бухны тулаан, найз нөхдийнх нь хөрөг байлаа. Пабло богино хугацаанд Барселон, Мадридын зургийн ертөнцийг ардаа орхижээ. 1900 онд “Би ноён” хэмээн нэрлэсэн өөрийн хөргөө зурж Парисынхны анхаарлыг бардам төрхөөрөө татах үедээ тэр дөнгөж 18 настай байлаа. Гэвч Пабло Парист алдар хүнд, худалдан авагч нарын аль алинаар нь дутаж байв. Тэрхүү хүнд хэцүү, хүйтэн ядуу, үхэл зовлонгийн /түүний нэг сайн нөхөр нь амиа хорлосон/ жилүүдэд Пабло зогсолтгүй ажиллаж байлаа. Энэ үед түүний “Цэнхэр үе” гэж нэрлэгдсэн өлсгөлөн дүртэй, гомдсон мэт боловч сайхан “Сохор” хүмүүс олноор дүрслэгдсэн билээ. “Цэнхэр үе”-дээ тэр эцэгтэйгээ холбоогоо тасалж, эхийнхээ овгоор Пикассо гэж овогложээ. Хожим Францын нэгэн сурвалжлагч түүнээс яагаад эхийнхээ овгийг авсан тухай асуухад Пабло:

-Пикассо гэх нь эцгийн овог Рюзи гэхээс илүү сонсголонтой байгаа биз дээ. Түүнээс гадна энэ хоёр “С” бол Матисс, Пуссен, Руссо нарын нэрэнд мөн орсныг бодох л хэрэгтэй гэж хариулжээ.

1904 онд Пабло Францын Мон­мартр хотод ирэв. Энд түүний анхны хайрын түүх эхэлжээ. Дашрамд дурдахад түүний этгээд сонин амьдралын гол шүтээн нь эмэгтэй хүн байсан төдийгүй уран бүтээлийнх нь онгод, хүч нь болдог байсан юм. Өнгөрсөн зууны их хүн, зураач Пабло Пикассо хувийнхаа амьдралыг урлагаас ерөөс салгаагүй нэгэн билээ. Тэрээр бүтээлдээ эмэгтэй хүний гоо үзэсгэлэн төгс дүр төрх, бэлхүүс, цээж зэргийг өвөрмөц хэлбэрээр дүрсэлдэг байв. Зурагт дүрслэгдсэн хүүхнүүд бүгд их зураачтай ойр дотно байсан эмэгтэйчүүд бөгөөд тэд ихэвчлэн тамлуулсан, зовсон мэт дүртэй байдаг нь учиртай ажээ.

Пикассогийн эхнэр юм уу, нууц амраг нь солигдоход орон гэр, найз нөхөд, тэжээмэл нохой, ер нь бүх юм нь солигдоно. Тэр ч байтугай уран бүтээлийнх нь арга барил, хэлбэр, зурагт дүрслэгддэг дүрүүд нь хүртэл өөрчлөгддөг байжээ.

Нэгэн удаа Фернанда Оливье хэмээх сайхан бүсгүй ширүүн бороо өнгөрүүлэхээр Паблогийн урланд санамсаргүй орчихжээ. Бороо зогссоны хойно Оливьег гарах гэтэл нэг гартаа муур барьсан Пабло элдвээр алиалан түүнийг саатуулжээ. Оливьег Паблогийн дотоод гал дө­лийг илтгэсэн үл цавчих хачин харц сандаргажээ. Тэрээр бага зэрэг эсэргүүцсэн боловч… Паблотой есөн жил хамт амьдарсан байна. Тэр хоёр өдөр болгон зураач, найрагчидтай уулзан ярилцаж, шөнөдөө Пикассо зургаа урладаг байлаа.

Ядуу боловч аз жаргалтай байсан амьдралынхаа энэ үед Пабло Фернандад дурласан сэтгэлээ уран зурагтаа “Улаан шаргал” хэмээн нэрлэгдсэн шинэ урсгалаар илтгэж эхлэв. Дараа нь хожмоо алдартай цуглуулагчид болсон Гертруда Стайн гэгч бүсгүй ахынхаа хамт Пикассогийн зургийг худалдан авах бол­лоо. Пикассо Гертрудын үзэс­гэлэнгээр олонтаа очсоор түүний хамгийн хайртай зураач нь болжээ. Герт­руда хөргөө зуруулахаар Пикассо дээр олон орж ирдэг байсан боловч тэрээр будгаа янзалж суусаар бүүр сүүлд өөрийн сэтгэмжээр Гертрудаг зурдаг болжээ. Баг өмсгөсөн эдгээр хөрөг хүмүүст таалагдсангүй.

Харин Пабло “Бүгд л эдгээр хөрөг эзэнтэйгээ адил болсонгүй гэх юм. Энэ бол юу ч биш. Хамгийн чухал нь Гертруда өөрөө хөрөг зураг­тайгаа адилхан болно” гэж ярьжээ. Нээрээ ч түүний ярьснаар болсон гэдэг. Ингээд тэр есөн жил “Маск” хэлбэрийн зургаар оролдож шинэ чиглэл гаргажээ. Энэ хугацаанд Пикассо Брактай учирч, эгэл жирийн урлагийг сонирхож, хэлбэр дүрс­лэлийг хялбарчлан хагаслаж илтгэх оролдлого хийжээ. Үүний үр дүнд ку­бизм үүссэн байна.

Уламжлал ёсоор зургийн арга барилаа сольсон нь гэр орон, ойр дот­ны хүнээ ч солиход хүргэжээ. 1909 онд Фернанда тэр хоёр шинэ байшинд амьдрах болж, энэ үеэс тэдний дурлалын гал унтарч эхлэв.

Пикассо дурлалаас амархан уйд­даг нэгэн байсан бөгөөд хэзээ ч шинэ бүсгүйтэй танилцахаас татгалз­ддаггүй байсан гэж анд нөхөд нь дурс­сан байдаг. Эмэгтэй хүн түүний хувьд уран бүтээлийнх нь нарийн нандин чавхдас болдог байсан юм. Олон нийтийн зүгээс түүний энэ явдалд ихээхэн эгдүүцдэг байсан ч гайхамшигт уран бүтээлийнх нь өмнө бишрэн хүндэтгэж тэргүүнээ эрхгүй бөхийн хүндэлдэг байлаа.

1912 оноос Пикассогийн зурагт ЭВА үзэгдэх болов. ЭВА гэдэг нь жижигхэн биетэй Марсель Гумберт хэмээх эмэгтэй юм. Харамсалтай нь энэ эмэгтэй Пикассогийн эмх замбараагүй амьдралыг тэвчилгүй 1915 онд сүрьеэгээр нас баржээ. 1917 онд суу билэгт эр маань Рим хотод Ольга Коклова хэмээх нэгэн орос генералын охиныг анхааралдаа авлаа. Ольга балетын урлагаар амжилтад хүрэх боломж байсан боловч алдар нэрд хүрэх замаа золиослон орхиж 1918 онд Пикассотой гэрлэжээ. Ингээд тэд Парисын өртөг ихтэй байранд суурьшив. Мөн л зураачийн арга барил өөрчлөгдөж, дахин өөр хүний төрхийг зурах боллоо. Харин энэ удаад тэдгээр нь сонгодог үзэмжтэй болсон байлаа.

1921 онд хүү Паоло нь төрж, Пикассогийн уран бүтээлд “эх үр”-ийн сэдэв зонхилох болов. Тэр хүүгээ хайрлан энхрийлж, Арлекиногийн хувцастайгаар зур­даг байлаа. Гэвч Паоло өсч том болоход нь Пикассогийн сонирхол буур­ч анхаарахаа больжээ. Паоло буруу замд орж мансууруулах бодис хэрэглэж яваад эрдэнэсийн дэлгүүр ухсан хэргээр баригдсан байна.

Пикассо 1927 онд метроноос гарч явсан 17 настай шаргал үстэй охиныг ажиглажээ. Пикассо түүний төгс үзэсгэлэнг хармагцаа биширсэн гэдэг. Тэгээд шууд гараас нь шүүрч бариад “Би Пикассо байна. Хоёулаа гайхамшигт зүйлсийг хийе” гэжээ. Тэр үед Мари Терез Вальтер урлаг, уран зураг огт сонирхдоггүй, Пикассо гэж хэн байдгийг ч мэддэггүй бай­жээ. Гэвч зураачийн өөрийг нь гэсэн өвөрмөц хүсэлд аргагүй автсан байна. Энэ мөчөөс Ольга, Мари Терез хоёр жинхэнэ дайснууд болцгоов. Пабло амралтын өдрүүдийг эхнэр хүүхэд­тэйгээ өнгөрөөх боловч цаг ямагт Мари Терезтэй учирдаг байлаа. Пикассо Маритай байхдаа жинхэнэ эротизмыг мэдэрч, эдэлдэг байлаа.

1974 онд нэгэн сурвалжлагч Мари Терезээс Пикассо хэрхэн ажилладаг байсан тухай асуухад, “Тэр эхлээд эмэг­тэй хүнийг хүчирхийлдэг, да­раа нь зургаа зурдаг байлаа. Цаа­дах эмэгтэй нь хэн байхаас шалтгаалахгүйгээр тэр ямагт ингэж л ажил­­лах хүчээ олдог байсан” гэжээ. 1935 он хүртэл Пабло Ольгатай амьдарч байхад нь Мари үргэлж ха­жууд нь байж уран зургуудад нь дүрслэгддэг байв.

1935 онд Мари Терез охин Майягаа төрүүлж, Пикассо дахин хүүхдэд хайр халамжаа зориулан, ахиад л эхийг нь тоохоо больж эхлэв. Мари, Пабло хоёр долоо хоног­т хэд хэдэн удаа уулзаж, хайрын захидал бичилцэж байсан боловч Пикассогийн анхаарлыг сюр­реалистуудын шүтээн болсон зураач бүсгүй Дора Маар татах болжээ. Тэр хоёр Парисын кафед байнга уулзаж, Пикассо хүүхний хар үс, сайхан уруул, эршүүд занд нь хэт дурласан байна. Ингээд зургуудад нь шинэ дүр, чичирхийлж долгионтсон шинэ өнгө гарч ирлээ. Дора улс төр сонирхдог, Пикассог коммунист болгохыг хичээдэг байв.

1944 онд насан өндөр болсон боловч зургууд нь нэлээд эротик өнгө аястай болж эхэлжээ. Тэртээ нэгэн цагт Гертруда Стайн хөрөгтэйгээ адилхан болсон шиг Жаклин бас эзэндээ үнэнч дорнын хүүхэн шиг номхон хүлцэнгүй, тэнэгдүү бүсгүй болж хувирсан байна. Зөвхөн 1960 онд тэрээр Пикассогийн зурагт 160 удаа дүрслэгджээ.

Пикассо Каннд амьдрах болсноор гадаад ертөнцөөс харьцаагаа бараг тасалжээ. Бүгд л үүнд хартай Жаклиныг буруутгаж байлаа. Тэр л дөрвөн хүүхэд, таван ачийг нь аавтай нь уулзуулдаггүй гэнэ гэж ярьцгааж байв. 1963 онд Клод, Палома хоёр аавынхаа төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн нь бараг сүүлчийн уулзалт нь байжээ. Үүнээс хойш тэр хоёр Пикассогийн ордны хаалгаар ганц ч удаа орж чадаагүй байна. Клод шинэхэн ханилсан америк эхнэртэйгээ ирээд ч орж чадсангүй. Хамгаалалтынхан нь эзнээ үргэлж гэртээ алга гэдэг байлаа. Нэгэн удаа ач хүү Паблито руу нь нохой тавьжээ… Яалтай ч билээ дээ. Жаклин зөвхөн нөхрийнхөө тушаалыг биелүүлж байв. Тийм гайхамшигт хүнээс гарамгүй бүдүүлэг, боловсон бус гэхэд багадахаар этгээд авир нь Пикассог олон сайн хүнийг өөрөөсөө дөлөхөд хүргэдэг байсан. Гэхдээ л түүнд урьдийн адил бүсгүйчууд ухаанаа алдтал дурладаг, уран бүтээлийнх нь сахиусан тэнгэрүүд хэвээрээ л байлаа. Нас өндөр гарсан ч бүтээлүүд нь уран зургийн ертөнцийн жинэхэн шуугиан болж Испанийн нэрийн хуудас болдог байсан юм. Гэвч байдал өөрчлөгдсөн. Яваандаа улам бүр ертөнцөөс тасрах болов.

Пикассод 92 хүртлээ ажиллахын тулд чимээгүй тайван орчин, Жаклин хоёр л хэрэгтэй байжээ. “Надад хийх зүйл маш их байна. Гэтэл амьдрах хугацаа маш бага үлдлээ” гэж тэр ярьж байв. Түүний үхэхдээ айж, харамсч байсан зүйл нь зураг, урлан болоод эмэгтэй хүнээс салах явдал байлаа. Нэгэн удаа Пабло Франсуазе Жилод “Намайг үхэхээр усан онгоцны сүйрэл болно. Тэр том онгоц живэхлээр түүний хамт олон хүн үхэх болно” гэжээ.

1973 оны наймдугаар сард Пикас­сог сүүлчийн замд нь үдэх өдөр ёс­лолын ажиллагаанд нь уригдаагүй нэг ач нь хор ууж гурван сарын дараа нас баржээ. 1975 онд хүү Паоло нь мансууруулах бодис, архины хордлогоор 54 насандаа өөд болжээ. Үүнээс яг хоёр сарын дараа бараг хагас зууны турш Пикассогийн нууц амраг нь явсан Мари Терез Вальтер гараашдаа өөрийгөө дүүжилж, 1986 онд Жаклин Роке өөрийгөө буудаж нас барсан байна. Суут хүний үхлийн төлбөр гэж ийм байдаг ажээ.

Хэдийгээр Пикассогийн хувийн амьдралд олон бүсгүйчүүд орж гарч байсан ч хамгийн нандин хүмүүс нь хүү Паоло, Мари Терез хоёр нь л байлаа. Тэр хорьдугаар зууны уран зургийн аугаа их өндөрлөгийг удтал эзэгнэсэн ч түүнээс хойш хэдэн арван жилийн турш эдүгээг хүртэл хаанчилсаар л байна. Өнөөдөр уран зургийн кубизмын урсгалыг сонгодог төлөөлөгч нь болох Пикассогүйгээр, сюрреализмыг Сальвадор Далигүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Хорьдугаар зууны аугаа зураачид болох Матисс, Пуссен, Руссогийн дэргэд тэрээр өөрийн урлагийн сүмбэр уулыг босгож чадсан билээ. Нөгөөтэйгүүр бараг бүтэн зуун жил наслахдаа бусад аугаа зураачдыг бодвол баян чинээлэг, элбэг хангалуун амьдралтай нэгэн байснаараа ихээхэн онцлог хүн байлаа.