Потанины мөсөн гол
Монгол Алтайн нуруун дахь Потанины мөсөн гол бол Монгол Алтайн нурууны Таван богд ууланд оршдог Монголын хамгийн урт мөсөн гол юм. Урт нь 20 км. Ойролцоогоор 50 км2 талбайтай. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэжээ. Ус Цаг Уурын хүрээлэн, Япон улсын Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэн хамтран 2003 оноос Таванбогд уулын Потанины мөсөн гол, Цамбагарав уулын арын хажуугийн мөстөлт, хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлсийн судалгааг хийсэн байна. Тэдний тодорхойлсноор Потанины мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна. Мөсөн гол өндөрлөг налуу хэсэгтээ 30 метр/жил, тэгш талдаа 15 метр/жил гэж тодорхойлсон байна.
Дэлхийн дулаарлаас үүдэн манай гарагийн мөсөн голууд хайлах процесс явагдаж байгаатай адил Потанины мөсөн гол ч хайлан багассаар байгаа юм. 2003 оноос 2009 оны хооронд буюу нийт зургаан жилийн турш хийсэн судалгааны үр дүнд нийт 90 метр татарсныг тогтоосон бөгөөд энэ нь жилдээ 15 метр орчмоор хайлан үгүй болж байгаа гэсэн үг юм. Дороосоо хайлж татрахаас гадна зузаанаас бас хорогдсоор байгаа ба 2004 оноос 2009 оны энэ процесс жилдээ 2,6 метр байна хэмээн хэмжилт хийсэн байна.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Krumwiede et al. 2014, p. 505
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- Krumwiede, Brandon S.; Kamp, Ulrich; Leonard, Gregory J.; Kargel, Jeffrey S.; Dashtseren, Avirmed; Walther, Michael (2014), "Recent Glacier Changes in the Mongolian Altai Mountains: Case Studies from Munkh Khairkhan and Tavan Bogd", in Kargel, Jeffrey Stuart (ed.), Global Land Ice Measurements from Space, Springer-Praxis series in geophysics, Springer, pp. 481–509, ISBN 3540798188