Сонин (Чин гүрэн)

Сонин (манж: ᠰᠣᠨᡳᠨ,галиг: Sonin) (1601-1667) (заримдаа Суони, Сони) хэмээгч нь Манж Чин гүрний төрийн түшмэл, бичгийн түшмэл юм. 1661-1667 оны хооронд Энх амгалан хааны өмнөөс төр барьсан дөрвөн сайдын нэг. 1667 онд өөд болсны дараа түүнд тэргүүн дэсийн гүн цолыг нэхэн хүртээсэн.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Сонин бол Манжийн Шулуун шар хошууны хэшэри овгийн хүн. Эцэг Шосэ, авга ах Хифэ нар нь цөмөөр манж, монгол, хятад хэлэнд гүн нэвтэрсэн бичгийн эрдэмтэд байж, Нурхач хааны төрийн албанд дээд зэрэглэлийн албанд тушаал хашиж байсан. Сонин нь утга зохиол, хэл бичиг, хүнтэй харилцах тал дээр илүү авъяаслаг байсан нь түүнийг хожим гадаад харилцаанд мэргэшихэд нөлөөлсөн. 1628 онд Дээд эрдэмт хааны зарлигаар шинээр дагаж орсон Хорчин аймгаас манжийн цэрэгт нэгдэхэд туслуулахаар элч болгон илгээж, үүргээ амжилттай гүйцэтгэжээ. 1629 онд бичгийн түшмэлээр томилогдон, хятадын ном зохиолыг манж хэл рүү орчуулах, манжийн төрийн түүхийг бүртгэн тэмдэглэх ажлыг хариуцан хийж эхэлсэн.

1630 онд Мин улсын Жэньзи, Юнпин хотуудыг довтлоход Сонин цэрэг удирдан оролцсон. 1632 онд манжийн их цэрэг Цахарын Лигдэн хааны цэргийн хүчийг бут цохиод, Датун хотыг довтлоход цэрэг удирдан оролцож гавъяа зүтгэл байгуулсан гэж ниру и жангин буюу сумын занги цол хүртэж, хааны ордонд бичгийн түшмэлийн албандаа үргэлжлүүлэн зүтгэж байв. 1643 онд Дээд эрдэмт хаан таалал төгссөний дараа хаан ширээний төлөөх тэмцэл өрнөхөд Сонин бээр сү чин ван Хоогэг дэмжсэн хэдий ч, 1644 онд Дээд эрдэмтийн 9-р агь Фулиныг хаанаар сонгожээ. 1644 онд Чин гүрэн хятадын хойд мужуудыг эзлэн авсны дараа манжийн төр дэх Доргоны хүч нөлөө ихсэж, өрсөлдөгч сү чин ван Хоогэ тэргүүтэй ноёд түшмэдийг улс төрөөс зайлуулах ажиллагаа 1648 онд туйлдаа хүрч, олон ноёд хамрагдсаны нэг нь Сонин багтаж байсан. Сонингийн хэргэм зэргийг нь хурааж, цаазаар авах ял тохсон хэдий ч, ялыг хөнгөлж гэрийн хорионд хийн, эд хөрөнгийг нь хураажээ. 1651 онд Эеэр засагч хааны зарлигаар түүнийг цагаатгаж, албанд нь буцаан томилоод, тэргүүн дэсийн бо түшмэл өгч, хааны дотоод сайдаар томилов.

1661 онд Эеэр засагч хааны гэрээслэлээр Энх амгалан хааныг нас бие хүрэх хүртэл төр барих Суксаха, Сонин, Эбилүнь, Обой дөрвөн сайд томилсон. Эдгээр сайдууд дундаас Сонин насаар ахмад, бусад ноёдыг зуучлан холбох үүрэгтэй байж, аль нэгийг нь хүчжүүлэхээс сэргийлж байсан. 1667 онд түүнийг өөд болсны дараа Обойгийн талын ноёд Суксахад цаазын ял тулгаж, хороосноор 1669 он хүртэл Обой сайд Чин гүрэнд дангаар ноёрхож байв. Энх амгалан хаан, Сонингийн хөвгүүн Сонготугийн тусламжтайгаар Обойгийн фракцыг улс төрөөс зайлуулахад туслажээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Сонин нь 3 эхнэрээс төрсөн 6 хөвгүүн (4 хөвгүүний нэр мэдэгдэж байгаа), 2 охинтой байсан.

  • Өвөө: Хушэнму баян (瑚什穆巴颜)
  • Аав: Шосэ
  • Эхнэрүүд: Тунгия овогт ахайтан, Нара овогт ахайтан, Фуча овогт ахайтан

Хөвгүүд, охид[засварлах | кодоор засварлах]

  • 1-р хөвгүүн Габула: 1-р зэргийн гүн, хиа захирах сайд
  • 3-р хөвгүүн Сонготу: Баохэ харшийн бичгийн сайд, өрхийн яамны сайд, дотоод сайд
  • 5-р хөвгүүн Шинь Ю: 1-р зэргийн бо, хиа захирах сайд, заланы занги
  • 6-р хөвгүүн Фабао: 1-р зэргийн гүн, дотоод сайд
  • Охин: Аньхэ чин ван Ёолотой гэрлэсэн.
  • Охин: Юй чин ван Додогийн 4-р хөвгүүн бэйл Цанитай гэрлэсэн.

Холбоотой хуудас[засварлах | кодоор засварлах]