Тарья Халонен

Тарья Халонен
Tarja Halonen
Тарья Халонен

ФинландФинланд Финланд
11 дэх Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 2000 оны 3 сарын 1 – 2012 оны 3 сарын 1

Төрсөн: 1943 оны 12 сарын 24
Каллио
Улс төрийн нам: Социал Демократ Нам
Эхнэр (нөхөр): Пентти Аражөрви
Гарын үсэг

Тарья Каарина Халонен (финээр Tarja Kaarina Halonen, 1943 оны 12 сарын 24-нд төрсөн) нь Финландын 11 дэх ерөнхийлөгч юм. Тус албыг хашсан анхны эмэгтэй хүн болсон тэрээр 1979 оноос хойш, ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ парламентийн гишүүнээр ажиллаж байв. Түүнчлэн тэрээр үйлдвэрчний эвлэл болон төрийн бус байгууллагуудад ажиллаж байсан аж.

Халонен 1963 - 1968 онд Хельсинкийн Их Сургуулийг хуульч мэргэжлээр суралцаж төгсчээ. Оюутан байхдаа нийгмийн идэвхтэй байсан тэрээр 1969 - 1970 онд Оюутны Үндэсний Холбоонд нийгмийн асуудал, байгууллага хариуцсан нарийн бичгийн даргаар ажлын гараагаа эхэлсэн байна. 1971 онд Социал Демократ Намд элсч, Финландын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Төв Байгууллагад хуульчаар ажиллаж байгаад 1979 онд парламентад сонгогджээ.

Халонен 6 удаагийн парламентийн сонгуульд ялж, 1979 - 2000 онд Хельсинкиг төлөөлөн парламентад сууж байлаа. Түүнээс гадна Халонен 1977 - 1996 онд Хельсинки хотын консулын албыг хашиж байсан. 1999 онд тэр үеийн ерөнхийлөгч Мартти Ахтисаари дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж зарласны дараа Халонен нэрээ дэвшүүлэхээр шийдэж, намаасаа нэр дэвших эрхээ төвөггүй авчээ. Гэсэн ч сонгуулийн кампанит ажлаа эхлэх үед санал асуулгын дүнгээр тэр дөнгөж дөрөвдүгээрт бичигдэж байсан аж. Сонгуулийн сурталчилгаагаа амжилттай явуулж, нэгдүгээр шатанд 40%-н санал авч, хоёрдугаар шатанд 51.6%-н саналаар Төв Намын Эско Ахог ялан тус улсын 11 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Тэрээр засаглалынхаа туршид өндөр нэр хүндтэй байсан бөгөөд 2003 оны 12 сард түүнийг дэмжигчдийн хувь бүр 88%-д хүрч байв. Хэдийгээр маш их нэр хүндтэй байсан ч 2006 оны сонгуулиар дахин өрсөлдөхдөө нэгдүгээр шатнаас шууд ялах болзлоо хангаж чадалгүй, хоёрдугаар шатанд консерватив үзэлт нэр дэвшигч Саули Нинистөг 51.8%-48.2%-р ялж дахин сонгогдон ажиллаж байна. 2004 онд Агуу Финчүүд хэмээх телевизийн нэвтрүүлэгт 5-р байрт бичигдсэн аж.

Халонен нь хүний эрхийн асуудалд онцгой анхаардгаараа танигджээ. 1980–81 онд Халонен Финланд дахь ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах гол байгууллага болох СЕТА (Сексийн эрх тэгш байдал)-гийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эмэгтэйчүүдийн эрх, даяарчлалын асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. 2006 онд олон газраас түүнийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдох магадлал өндөртэй хүнээр нэрлэж байсан боловч Халонен өөрөө ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгах хүртэл өөр ажил албыг сонирхохгүй гэж мэдэгджээ.