Титикака нуур
Титикака нь Перу улсын өмнөд хэсэг, Боливи улсын баруун хэсэгт орших цэнгэг уст нуур юм. Нуурын төв хэсэг нь өргөрөгийн 16 градус, уртрагийн 69 градуст, далайн төвшнөөс дээш 3810м өндөрт байрлана. Титикака нь 8562км2 талбай эзлэх ба үүнээс 60% нь Перу, 40% нь Боливи улсын нутаг дэвсгэрт тооцогддог. Нууранд Титикака, Урос, Нарны, Сарны гэх мэт 41 жижиг арал бий. Титикака нуурын арлууд болон ойр орчмоор Кэчуа, Аймара зэрэг үндэстний уугуул оршин суугчид амьдрах бөгөөд газар тариалан, загасчлах, мөн аялал жуулчлалтай холбоотой ажилд оролцох гэх мэтээр амьдралаа залгуулдаг байна.
Нууранд Чили улстай хийсэн дайнд далайн эрэг хэсгээ алдаж, далайд гарцгүй орон болсон Боливи улсын Усан цэргийн бааз байрадаг байна.
Газарзүйн тогтоц ба уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Титикака нь Том нуур (Lago Grande) ба жижиг нуур (Lago Pequeno) гэж 2 хуваагдана. Том нуур нь 7130км2, жижиг нь 1430км2 талбай эзэлдэг. Том нуур хамгийн гүн газраа 285м хүрэх ба нуурын 3-ны 2 нь 150м-с дээш гүн байхад Жижиг нуур нь хамгийн гүндээ 40м хүртэл бөгөөд ихэнх хэсэг нь 5-10м ажээ. Титикака нуурын эрэг хөвөө орчим нь 0 хэм, төв хэсэг нь 8-10 хэм байх ба 400-1500мм хүртэл хур тунадас унана. Нуур нь өндөрлөг газар, халуун бүсэд орших тул ууршилт их явагдана. Үүнээс шалтгаалж давсны хэмжээ их, 1л усанд 1гр агуулагддаг.